Энэ оны есдүгээр сард багш дасгалжуулагч Л.Олонбаяр Unique жюү жицү академийг үүсгэн байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн зөвшөөрч буй анхных гэж хэлж болохуйц энэ клубт хичээллэдэг, тусгай хэрэгцээт гурван хүүхэд АНЭУ-д болох жюү жицүгийн ДАШТ-нд оролцох гэж байна.
Тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлдээ ханцуй шамлан орсон хүүхдүүдийн нэг нь болох Д.Цогт-Очир буюу Чоторо хүү энэ жил найман настай. Долоон настайгаасаа жюү жицүгээр хичээллэж эхэлсэн түүний хамгийн том мөрөөдөл нь дэлхийн аварга болох.
“Би төрөлхийн сонсголын бэрхшээлтэй болохоор сонсголын аппаратаа байнга зүүж явдаг. Гэхдээ энэ нь спортоор хичээллэхэд минь огт төвөг болдоггүй. Харин ч эсрэгээрээ бэлтгэлдээ явах үнэхээр дуртай” гэж ярих энэ хүү жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Тиймдээ ч өөртэйгөө ижил найзууддаа урам өгч, "чи ч бас чадна" гэж хэлэхийг хүсдэг тухайгаа ярьсан юм.
Хүү нь спортоор хичээлэлэснээс хойш ямар сайн үр дүн гарсан талаар болон зарим зүйлийг түүний ээж М.Энхжаргалаас тодруулсан юм.
ХҮҮ МИНЬ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ МАЛГАЙ, МАСКНААС САЛДАГГҮЙ БҮРЭГ ХҮҮХЭД БАЙСАН
-Хүү нь спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй, зан байдлын хувьд сайн үр дүнд хүрсэн байх гэж бодож байна. Энэ талаар ярьж өгөөч?
-Миний хүү энэ спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө, юүдэнтэй малгай маскнаас огт салдаггүй хүүхэд байсан. Маш их уур уцаартай хүүхдүүдтэй тийм ч нээлттэй биш өөртөө маш итгэл муутай байдаг байсан. Байнга маск, малгайтай явна. Үүнийг нь харах миний хувьд мэдээж хэцүүхэн шүү дээ. Хүүг маань хулгай хийхийн тулд нүүрээ битүүлж нуусан гэж ойлгох тохиолдол ч байсан.
Хүүгээ спортоор хичээллэж эхлэхэд, спорт хүний амьдралд сайн нөлөө авчирна гэдэг ойлголт байгаагүй. Бараг юунд хүүхдээ явуулаад байгаагаа ч ойлгоогүй шахам байсан. Бидний нөхцөл байдлыг маш сайн ойлгодог багштай таарсан даа их баяртай байдаг. Хүү маань анхны тэмцээндээ орохдоо, “Ээжээ би барилдаж чадахгүй ээ” гээд л үглээд суугаад байсан. Ингээд барилдахаар болж нэрийг нь дуудахад нь би хүүгийнхээ нуруу руу нь ганц алгадаад түлхээд гаргачиж билээ. Тэр тэмцээн хүүг минь урамшуулаад, ямартай ч мөнгөн медалийн шагнал авсан юм. Түүнээс хойш хүү маань спортдоо маш их дуртай болж олон найзуудтай ч болж малгай маскнаасаа салж эхэлсэн.
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бүртгэж сургадаг клуб дамжаа бараг байхгүй шүү дээ. Сургалтын давуу талыг хэлээд өгөөч?
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан клуб дамжаа байдаггүй нь үнэн. Зарим клубууд хүүхдийг нь авъя, өгөөд үзээрэй гэдэг ч эргээд сургаж чадахгүй юм байна. танай хүүхдийг авахаа болилоо гэдэг хариу өгдөг. Зарим клубууд бүр “төлбөр нь үнэтэй шүү дээ. Төлж чадах юм уу” гэдэг. Unique жюү жицү академийн багш бидний хүүхдүүдийг сургах чин хүслээр ажилладаг. Тэнд манай хүүхдээс гадна төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд хичээллэдэг. Бэлтгэлийн дараа хүүхдүүдэд булчин суллах массаж зэргийг хийж маш сайн амраадаг юм. Энэ бол багш болон клубын давуу тал. Жюү жицүгээр хичээллэхэд 80 хувь нь хэвтээ байрлалд барилддаг учраас хүүхдүүд маань бэртэж гэмтэх эрсдэл бага байдаг болохоор сэтгэл амар байдаг.
БЭРХШЭЭЛ БОЛ БЭЛЭГ, ХҮҮХДҮҮДДЭЭ ИТГЭЭРЭЙ
-Тантай ижил ээж аавуудад хандаж хэлэх зүйл байна уу?
-Хэн хүнээс илүү та бид хүүхдүүддээ итгэх хэрэгтэй. Таны хүүхэд онцгой хэрэгцээт хүүхэд байлаа ч гэсэн бэрхшээлийг нь боломж болгож хараарай. Бид нийгмээс тэдэнд маань ирэх бүх сөрөг зүйлийг өөрчилж чадахгүй шүүдээ. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сэтгэл зүйн дархлааг маш сайн бэлдчихвэл гаднаас ирэх тэр олон сөрөг хүчин зүйлийг даван туулхад дэмтэй юм аа. Эцэг эхчүүд бид хичээвэл хүүхдээ хөгжүүлэх маш олон боломжууд байдаг шүү. Тэрийг хайж эрэлхийлээд хүүхдээ бүх боломжоор нь дэмжээрэй гэж хүсмээр байна.
-Хүүгээ тэмцээнд нь оруулах гээд ийш тийшээ л явж байгаа харагддаг. Ажил төрөл гэх мэт зүйлсээ хэрхэн зохицуулж байна вэ?
-Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй аав ээжүүд ажил хийх хэцүү, хийхгүй байх бүр хэцүү. Бидэнд хүүхдээ асардаг гээд улсаас сард 123 мянган төгрөг олгодог юм. Өнөөгийн энэ нийгэмд бид энэ мөнгөөр яаж амьдралаа залгуулах билээ дээ.
Миний хувьд цэцэрлэгмйн багшаар ажилладаг. Хүний л амьдрал хойно зохицуулж л явнадаа. Би хүүгээ тэмцээнд нь оруудах гээд ажлаасаа чөлөө авсан. Хүн бүрт дэлхийн аваргад орох боломж олдохгүй шүү дээ. Тиймээс бүх зүйлээ дайчлаад хүүгээ дэмжинэ. Гол асуудал нь зардал. Гэсэн ч яаж ийгээд аваад явна. Байгууллагуудад хүсэлт өгөөд явж байгаа.
Мөн бид Unique жюү жицү академийн үүсгэн байгуулагч багш дасгалжуулагч Л.Олонбаяраас клубийг нээх болсон шалтгаан зорилго болон, шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулсан юм.
Тэрбээр “Миний хувьд Онцгой хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаад зургаан жил болж байна. 2020 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дээр ажилласан юм. Эдгээр хүүхдүүдийн бие бялдарыг хөгжүүлж, нийгэмшүүлэх, сэтгэл зүйгээр дэмжих спортын хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. Тухайн үед хөтөлбөрөө дунджаар 21 хоног хэрэгжүүлээд засварладаг байлаа. Миний хувьд багш дасгалжуулагч болохоор тогтмол сургалт явуулах хүсэлтэй байсан. Үүний үндсэн дээр сэргээн засах төв дээрээ урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлээд, Монголын Жью жицүгийн холбоотой хамтарч ажилласан. Энэ хүрээнд тэмцээн, хөтөлбөр зэргийг зохион байгуулдаг байсан юм. Харин энэ оны есдүгээр сараас Unique жюү жицү академиа байгуулсан. Гол зорилго нь хүн бүр спортод тэгш хамрагдахад л оршино. “Бид хамтдаа нэг дээвэр доор нэг спортын талбайд…” гэсэн уриан доор нэгдэж ажилладаг.
ПАРАЛИМП НЭРИЙН ДООР ХҮҮХДҮҮДИЙГ НИЙГМЭЭС ТУСГААРЛАДАГ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дунд спортын тэмцээн зохион байгуулъя гэхээр паралимп гэх мэтээр тусгаарлаад байдаг. Манай клуб, холбооны зорилго хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй орчинг бий болгоход оршино. Unique ангилал нь онцгой ангилалд хамрагдах ч бусад хүүхдүүдтэй нэг дээвэр доор өрсөлдөнө гэсэн үг. Спортод ялж ялагдах нь чухал биш. Оролцоо чухал байдаг. Энэ явцдаа хүүхдүүд суралцаж урам авдаг юм.
Манай академид 20 гаруй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд бүгд онцгой хэрэгцээт хүүхдүүд биш. Спортоор хичээллэж байгаа онцгой хэрэгцээтэй хүүхдүүд өөрийгөө “чаддаг” гэдгийг мэдэж авдаг нь сайхан. Баг хамт олны уур амьсгал тэднийг хөгжүүлдэг юм. Тэд өөртөө их итгэлтэй болж байгаа гэж багш хүний өнцгөөс харж байна.
Энэ жил АНЭУ-д жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай академийн Өлзийбат, Бат-Очир, Цогт-Очир гэх гурван хүүхэд оролцоно. Эдгээр хүүхдүүд маань даунтай, саажилттай, сонсголын бэрхшээлтэй. Манай хүүхдүүд 120 хүний бүрэлдэхүүнтэй багийн нэг хэсэг болно гэсэн үг.
Яах ч аргагүй онцгой хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй үе бий. Гэсэн ч бид эдгээр хүүхдүүдтэйгээ тулж ажиллахыг эрхэмлэдэг. Бидэнд тусгай хэрэгцээт боловсролын багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны хэрэгцээ чухал шаардлагатай байгаа” гэлээ.