УИХ-ын гишүүд гурав дахь намраа цуглах гэж байна. Өнөөдөр эхлэх намрын ээлжит чуулганаар олон ч чухал асуудал хэлэлцэх байх гэсэн хүлээлт бий. Инфляци хоёр оронтой тоо руу орж, валютын ханш, тэр дундаа ам.долларын ханш 4000 төгрөг рүү дөхөж байгаа энэ үед хууль тогтоох байгууллага ямар гарц, гаргалгааг эрэлхийлэх нь хамгийн чухал болоод байна. Шахуулж шаардуулж суух уу, аль эсвэл улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан дорвитой хөдлөх үү гэдгийг харах цаг ирлээ.
Төсвөө хэмнэсэн шиг хэмнэ
2023 оны улсын төсвийг боловсруулахдаа нийт нэг их наяд төгрөг хэмнэхээр боллоо гэж Засгийн газраас танилцуулаад буй. Гэхдээ үүнд яаж итгэх вэ. Элдэв янзын хөтөлбөр нэрийн доор мөнгө ууж иддэг явдал хэрээс хэтэрч, олон жил дамнан ужгирсныг бид бүгдээр мэднэ. ЖДҮ-ийг дэмжих зээлийг дарга нар тэрбум, тэрбумаар нь хуваагаад авчихсан, Хөгжлийн банкны нийт активын тал хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжиж, их наяд гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан зэрэг олон асуудлыг нэрлэж болно. Нөгөөтэйгүүр, Үндэсний аудитын газрын тайлан ч биднийг айлгах нэг дохио юм. Учир нь, 2021 оны Засгийн газрын санхүүгийн тайлангаар нийт төсвийн 70 орчим хувь буюу 10,4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Батлагдсан улсын төсвийн хэмжээ 15 их наяд төгрөг. Үүний 10 гаруй их наяд төгрөг нь ямар нэг байдлаар зөрчилтэй, тендерийн тухай хууль зөрчсөн байгаа нь улстөрчид төсвийн захиран зарцуулагчид хэрхэн дураараа авирладгийг харж болно. Тиймээс төсвийн хяналт хариуцлага, ил тод байдал юу юунаас илүү чухал болоод байна.
Кнопоо арилжихын тулд л ордонд ирдгээ боль
УИХ-ын гишүүд байсхийгээд л гадаад дотоодын томилолтоор явж, чухал хэрэгтэй сонсгол, хуралдаанд оролцдоггүй. Ирж буй хуулийн төсөл, саналыг бүрэн уншдаггүй тул ойлгодог ч үгүй. Ингээд л орон гаран явсаар дөрвөн жилийг үддэг. Хамгийн хорлонтой нь тэд хэн нэгний захиалгаар ордонд очиж, хуралдаанд сууж, үүргээ биелүүлдэг явдал юм. "…Миний өргөн барьсан хууль хэлэлцэх гэж байна. Ирж суугаад саналаа хайрцаглаад, кнопоо дараад өгөөч. Дараа танд би тусалъя. Юм ээлжтэй. Энэ хуулийг л би их хурлаар дэмжүүлчихвэл под хийгээд л явчихна" гээд л байна гээд их хурлын гишүүд ичих ч үгүй ярьж явдаг. Бараа зарж, наймаа хийж буй аятай ханддагаас нь болж, улс орны амин чухал асуудлууд саатдаг. Тиймээс ёс зүйгээ уландаа гишгэсэн нөхдийг байранд нь тавих, иргэдийн шахалт шаардлага ч хамгийн чухал болоод байна.
Ийнхүү намрын чуулганыг нээж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүд ажилдаа орж байна. Тэд өргөсөн тангаргаа санаж, улс орны эдийн засаг улам бүр дордож байгаа энэ үед илүү ухаалгаар ажиллах шаардлага тулж ирлээ. Үгүй бол сонгогчид тэдэнд дүн тавьж, хариуцлага нэхэх нь дамжиггүй юм. Парламент гэдэг хэн нэг улстөрийн хор найруулах талбар, халаасаа зузаалах хэрэгсэл байхаа больсон цагт Монгол улсад хуульт ёс засаглах учиртай. Тэднийг давраахгүй байх, хянаж цагдах үүрэг гагцхүү иргэн танд ноогдож байна. Ажлаа хий гэж улстөрчдийг өдөр бүр шаардъя, амлалт нэхье. Туйлдсан иргэд парламентыг шившгийн хөндий гэж бухимддаг. Төрийн ордныг, парламентыг шившгийн хөндий биш гэдгийг улстөрчдөд ойлгуулж, өдөр бүр чихэнд нь "хонх уяя".