Казахстан улсын иргэн Б ДОХ туссан гэдгээ мэдэж байсан атлаа зургаан монгол иргэнтэй удаа дараа бэлгийн харилцаанд орж, албаар халдаасан хэрэг гарсан. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаад Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тухайн иргэнд гурван жил, зургаан сарын хорих ял оноолоо.
Үүний сацуу Орос, Украины дайны нөхцөл байдлын улмаас хойд хөршөөс олон зуун иргэн Монголд дүрвэн орж ирж буй. Тэднийг гаднаас нь хараад ДОХ болон бусад халдварт өвчинтэй эсэхийг мэдэх боломжгүй. Мэдээж тухайн хүнээс, хариуцлагатай байдлаас шалтгаалах ч ДОХ-ын халдвар авахгүй гэх баталгаа хэнд ч үгүй.
Хэрвээ халдварт өвчинтэй гадаад иргэн монгол хүнд санаатай болон санамсаргүйгээр тараавал яах вэ. Тэр хэрээр монгочууд ДОХ болон бусад халдварт өвчин тусах эрсдэл улам нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд онцолж буй.
Ер нь ДОХ туссан иргэн халдвараа бусдад санаатайгаар тараавал хуулийн ямар хариуцлага хүлээх вэ. Энэ талаар “Legal service center”-ийн хуульч Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Оросоос олон зуун иргэн Монголд орж ирсээр буй энэ цаг үед Казахстаны иргэний үйлдсэн шиг гэмт хэрэг дахин гарахгүй гэх баталгаагүй. ДОХ-ын халдвараа бусдад санаатайгаар тараасан иргэнийг ямар хууль, зүйл ангиар шийтгэдэг вэ?
-Ер нь ДОХ туссан иргэнд хориглолт, хориглолтын дэглэм, журмыг уншуулаад зааж өгдөг. Энэ журам, хязгаарлалтыг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Хуульд ДОХ-ыг дархлалын олдмол хомсдол гээд тусгайлан заасан байдаг.
Казахстан улсын иргэний үйлдсэн энэ гэмт хэрэг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 15.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт хамааралтай. Тухайн иргэн ДОХ-той гэдгээ мэдэж байсан. Хоёрдугаарт бусдад зориудаар тараасан байна. ДОХ өвчнийг хоёроос олон хүнд санаатайгаар тараасан ийм төрлийн гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оноодог.
-Хоёроос цөөн хүнд санаатайгаар халдвар тараавал ямар шийтгэл оноодог бол?
-Зорчих эрхийг нь хязгаарлах, 1-5 жил хорих хуулийн заалттай. Тухайн иргэн халдвар авснаа мэдээгүй байсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
-ДОХ туссан хүн сэтгэлийн гүн дарамтад ордог. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хохирлоо бүрэн барагдуулж чаддаг уу?
-ДОХ-ын халдвар бусдаас авах, ДОХ тусна гэдэг өөрөө хувь хүний нууцтай холбоотой асуудал. Олонх хүн бусдад хэлдэггүй, тас нуудаг. Хуулийн байгууллагад хандахдаа ч болгоомжилдог. Нөгөө талаар ДОХ туссан иргэн сэтгэл зүйн гүн хямралд ордог. Сэтгэл зүйн хохирлыг юугаар ч нөхөж, орлуулах аргагүй.
Ер нь санаатай болон санамсаргүйгээр халдвар тараасан иргэний ухамсраас их зүйл шалтгаална. Хохирлыг нь барагдуулъя гээд эм тариа авч өгөхөөс авхуулаад боломж, бололцооныхоо хэрээр гүйдэг хүн бий. “Ялаа л аваад явна” гээд ямар нэгэн хохирлыг нь барагдуулахгүй, хохирогчийн өмнө хариуцлага хүлээдэггүй нь ч бий. Тиймээс иргэд өөрсдөө болгоомжтой, хариуцлагатай байх юу юунаас илүү чухал. Хэнийг ч гаднаас нь хараад ДОХ-той эсэхийг шууд мэдэх боломжгүй. ДОХ-ын хохирогч хохирлоо бүрэн барагдуулна гэдэг хуулийн хүрээнд ямар ч боломжгүй зүйл, өнөөгийн нөхцөлд.
-Оросын иргэд Монголд өдөрт олон зуугаараа орж ирсээр байна. ДОХ-ын халдвар Монголд нэмэгдэх бодит эрсдэл энэ мөн үү гэвэл мөн. Ийм цаг үед юун дээр анхаарах хамгийн чухал вэ?
-Дэлхий дээр өрнөж буй нөхцөл байдлуудыг хараад байхад зөвхөн Оросоос бус Европ тивээс ч мөн олон тооны хүн Монголд ирэх магадлалтай байна. Учир нь тэнд газынх нь хоолой хагарч байгаа. Энэ мэт нөхцөл байдлыг төр засаг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг одооноос авч байх нь зүйтэй. Одоо гадаадаас маш олон хүний урсгал Монгол руу орж ирж байна. Бид гурван саяулхнаа. ДОХ-ын халдвар тархаад, хүчрэгдэхээ больвол яах вэ. Онцгой дэглэм зарлаад ч юм уу гадаадаас ирж буй иргэдийг хяналтандаа авахгүй бол цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болохыг ч үгүйсгэхгүй.