Эрчүүдэд муу нэр зүүж, бүгдийг харлуулж ярих нь сөрөг үр дагавартай гэж оюутнууд хэлж байна. Тэд энэ санаагаа гэрэл зургаар илэрхийлжээ.
МУИС-ийн социологийн ангийн оюутнууд бидний амьдарч буй нийгмийн дүрслэл ба хормоор хэмжигдэх агшнуудыг өөрсдийн өнцгөөс харж, мэдрэмжээ илэрхийлсэн “Нийгмийг дүрс зургийн хэлээр илэрхийлэхүй” нэртэй үзэсгэлэн гаргалаа. Тэд гэрэл зургаараа дамжуулан шууд болон шууд бус байдлаар тодорхой нэг нийгмийн асуудлыг хөндөж, түүний учир шалтгааныг социологийн дурангаар тайлбарласан аж. Оюутнууд МУИС-ийн Нэгдүгээр байрны арын цэцэрлэгт харах, унших, бодох орон зайг бий болгож, өөрийн мэдрэмжээрээ амьдарч буй нийгмээ эргэцүүлэх боломж олгож байгаа юм.
"Бид социологийн ангийн оюутнууд учир нийгмийн асуудлуудыг гэрэл зургаар илэрхийлээд, гэрэл зураг болон социологийг холбосон бүтээл гаргая гээд анх энэ төслөө эхүүлсэн. Үзэсгэлэнд гаргасан гэрэл зургуудаа найман сэдэвт хуваагаасан. Үүнд, ахмад, гэр бүл, залуучууд, хүүхэд, архидалт, шашин зэрэг нийгмийн асуудлуудыг хөндөхийг хичээсэн. Нийгэмд том асуудал биш юм шиг харагддаг ч амьдралд маш их асуудал болдог зүйлсийг хөндөж гаргахыг хичээсэн" гэж МУИС-ийн социологийн 3-р курсын оюутан Т.Хулан хэлсэн юм.
НИЙГМЭЭРЭЭ ЭРЭГТЭЙ ХҮН МУУ ГЭЖ “ШОШГОЛСНООР” ГЭМТ ХЭРЭГ ХИЙХ СЭДЭЛ ӨГЧ БАЙДАГ
МУИС-ийн социологийн 3-р курсын оюутан Т.Чингүн эрэгтэйчүүдийн хэсгээ ингэж тайлбарлалаа.
Нийгэмд эрэгтэйчүүдийг болдоггүй, бүтэхгүй, гэмт хэрэгтэн, гэмт хэргийн шалгаан зэргээр үздэг болсон. Тоо баримт, статистик мэдээллүүд харахад гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэгтэн эрэгтэйчүүд байдаг. Нийт нийгмээрээ бүх эрчүүдийг муугаар ч, сайнаар ч шошголсноороо гэмт хэрэг хийх хүсэлгүй энгийн сайн эрчүүд ч нийгмийн шошгонд хамрагдснаар гэмт хэрэг үйлдэх сэдэл төрдөг гэсэн онол ч бий. Нөгөө талаасаа нийгэм байх боломжгүй идеал эрэгтэй хүний зан араншинг бүтээгээд байна уу, тухайн зан араншин нь хүлээлтэд нийцэхгүйгээс болоод хоорондын зөрчил бий болдог. Эрэгтэйчүүдийн тухайн хүлээлтэд нийцэхийн төлөөх зан үйл, хандлага нь өөрчлөгдснөөр асуудлууд гарч байна уу гэж харж байна.
Үзэсгэлэнгийн эрэгтэйчүүд хэсэгт байгаа зургууд муу эрэгтэйчүүдийг бус дандаа сайн хүмүүсийг харуулсан. Сайн эрэгтэй хүн байдаг юм шүү. Дэргэд байгаа аав, ах, дүү, хань чинь бүгдээрээ сайн, мундаг эр хүн гэдгийг илэрхийлсэн.
Яг өөрийн бодож байсан, санаанд хүрсэн зургаа авсны дараа үзэсгэлэн дээр гарсан байгаагаар төсөөлөх мэдрэмж маш гоё. Үзэсгэлэнгээ гаргасны дараа үзсэн хүмүүсийн “Ямар гоё юм бэ” гэдэг сэтгэгдлийг сонсох нь хамгийн гоё мэдрэмж юм.
ГЭР БҮЛИЙН НАНДИН ХОЛБООГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖЭЭ
МУИС-ийн социологийн 3-р курсын оюутан М.Хонгорзул "Үзэсгэлэнгийнхээ гэр бүлийн хэсэгт аз жаргалтай, гэгээлэг зургуудыг сонгож гаргасан. Гэр бүлийн харилцаанд ямар ч асуудал гарч болно. Хамгийн гол нь бүх зүйлийг даван туулж, халуун ам бүлээрээ, элэг бүтэн амьдрах нь аз жаргал юм" хэмээн ярьж байлаа.
Гэр бүлийн хэсгийн инстилэйшний утга нь гэр бүлийн харилцаа ямар байдаг вэ, харилцааны хамгийн нарийн зүйлс нь юу байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон. Энд гурван аяга тавьсан. Эдгээрийг дөрвөн өнгийн утсаар холбож, ааруулаар дүүргэсэн. Холбосон утасны өнгө бүр нь мэдрэмжийг илэрхийлж байгаа. Жишээлбэл, улаан өнгийн утас нь хайрыг, хар өнгийн утас нь уурыг гэх зэргээр илэрхийлж байна. Аягануудыг мэдрэмжээр холбосон нь эцэг эх хоорондын мэдрэмж хэрхэн холбогдсон байдаг вэ, тасраад нийлсэн байдаг уу зэргээр нэг бүрчлэн харуулж, гэр бүлийн харилцааг илэрхийлэхийг зорьсон.
МУХАР СҮСЭГ, ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ ТЭНЦВЭРТЭЙ ХАДГАЛАХ НЬ ЧУХАЛ
МУИС-ийн социологийн 3-р курсын оюутан Н.Халиун "Хүмүүс итгэл үнэмшил болон мухар сүсгийнхээ хоорондын ялгаа заагийг гаргадгүйгээс шалтгаалан алдаа гаргах тохиолдлууд байдаг. Зарим хүмүүсийн мухар сүсэг гэж бодож байгаа зүйл нь итгэл үнэмшил байдаг. Итгэл үнэмшил гэж бодож байгаа зарим зүйлс мухар сүсэг байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Мөн энд хадагнууд өлгөсөн. Үүний шалтгаан нь хүмүүс мухар сүсгээрээ модонд хадаг уядаг. Тэр нь модны судсыг нь боох, тухайн модыг үхүүлэх процессыг явуулж байдаг учраас энэ нь хэтийдсэн мухар сүсэг юм гэсэн санааг илэрхийлсэн" гэв.
ХҮҮХДҮҮД ХАРЖ БАЙГАА УЧИР ҮРГЭЛЖ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭРЭЙ
Хүн бүр хүүхдүүдийн хувьд нийгмийн нэг дүр байдаг. Хүүхдийн хэсэгт орсон гэрэл зургууд нь өөр өөр орчинд байгаа хүүхдүүд байна. Хүүхдүүд хаа сайгүй байх боломжтой. Бид нарыг хаанаас ч хамаагүй харж байж болно. Тиймээс бид үргэлж зөв үйлдэл хийх хэрэгтэй.