Сүүлийн үед худалдан авах дон буюу "шоппинг дон" гэх шинэ нэршил үүссэн байна. Донтолтын энэ хэлбэр нь ямар ч хэрэгцээ, шаардлагагүй зүйлс цензургүй худалдан авах хүслийг хэлнэ. Энэ тухай бид “Ариусахуйн Ертөнц” сэтгэл заслын төвийн сэтгэл засалч эмч, клиникийн профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
Эхлээд шоппинг донтолт гэж юуг хэлдэг талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Бүх донтолтын мөн чанар нь нэг байдаг. Учир нь хангагдаагүй ямар нэгэн хэрэгцээгээ хангах хүсэл, эрмэлзэл үл ухамсарлахуйн төвшинд явж байдаг. Тухайн объект нь юу ч байж болно. Янз бүрийн бодис, тоглоом гэх мэт. "Шопоголизм" буюу худалдан авах донтолт нь голдуу эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Дэлгүүр ороод хэрэгтэй, хэрэггүй юу ч хамаагүй авдаг. Ихэнхдээ хэрэггүй зүйл авдаг. Авсан зүйлээ хэрэглэдэггүй. Шүүгээ дүүрэн өмсөж, хэрэглэхгүй хувцастай. Магадгүй гайгүй болбол “Би юу авчхав аа” гэж бодно. Үгүй бол хурааж хурааж байгаад хаядаг. Энэ нь эдийн засгийн хувьд маш их хохиролтой.
Ийм төрлийн донтолттой үйлчлүүлэгч хэр их ирдэг вэ?
Яг ийм "шопоголизмтой" хүн ирэх нь харьцангуй бага. Учир нь нөхрүүд нь “Чи мөнгө их үрээд байна” гэж загнахаас, донтолттой болчихлоо гэж таньж ялгах боломж нь бага байдаг. Ийм донтолттой хүмүүс худалдан авалт хийсний дараа хэсэг хугацаанд тайвширдаг. Бүр дараа нь ямар нэгэн байдлаар стресстэх, сэтгэл санаа нь тавгүй болох үед дахиад дэлгүүр гараад, байгаа бүх мөнгөөрөө худалдан авалт хийнэ. Магадгүй хүнээс зээлнэ. Авахыг хүссэн зүйл нь хэрэгтэй, хэрэггүй нь чухал биш. Худалдан авах процесс, шинэ авсан зүйлээ харах, түүнээсээ таашаал авах нь хамгийн чухал.Авсан зүйлсээ гэртээ аваачаад хадгалдаг. Эсвэл зүгээр хүмүүст бэлэглэдэг.
Энэ төрлийн донтолтын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Донтолтын илрэл нь амьдралын чанар буюу гэр бүлийн санхүү, хамт өнгөрүүлэх цаг хугацаа, гэр бүлийн уур амьсгал зэрэгт нөлөөлж эхэлдэг. Үнэхээр өмнөхөөсөө өөр болоод эхэлбэл хажууд байгаа хүн тань ямар нэгэн зүйлд анхаарал, цаг хугацаа, мөнгө өмнөхөөсөө илүү их зарцуулаад эхэлбэл бодох асуудал.
Донтолтоос хэрхэн сэргийлэх вэ?
Хүн бүр өөрийгөө анзаарах хэрэгтэй. Өөрийгөө би асуудалтай байна уу, үгүй юу гэдгийг ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Нөгөө талаас хайртай хүмүүсээ анзаарч байх хэрэгтэй. Загнах, шүүмжлэх байр сууриас биш миний хүү, миний охин, миний хайр нэг л биш байгаад байна даа. Юу болоод байгаа юм бол доо гээд ярилцах хэрэгтэй.Хүн бүр ярилцах чадварыг эзэмшинэ гэдэг маш том урлаг, чадвар юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.