Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сурагчид барилга нь муудаж хөгцрөн, мөөгөнцөртсөн сургуульд найм дахь жилдээ хичээллэж байна. Сургуулийн тааз, шал нь мөөгөнцөртсөний улмаас хэзээ мөдгүй нурах эрсдэл тулгарчээ.
Үеийнх нь хүүхдүүд техник, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж байхад Чандмань-Өндөрийн сурагчид балгас болж, хуучирсан сургуулийнхаа мөөгөнцрийг арилган, будаг нь халцарч, цөмрөх шахсан шалаа зүлгэж сууна. Алс зайдуу сумд хөгжлөөр хэрхэн хоцорч, боловсролын салбар орхигдож буйн нэгээхэн жишээ энэ.
БШУЯ 2017 онд Чандмань-Өндөр сумын сургуулийн барилгын ажилд тендер зарлажээ. Гурван компани тендерт оролцсоноос “Зос трейд” компани шалгарсан байна. Улмаар 3.6 тэрбум төгрөгийн төсөв батлуулж, 2019 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.
Гэтэл хөл хорио, цар тахал гэх мэт шалтгааны улмаас барилгын ажил удааширч, дахин нэг тэрбум төгрөг нэмж авсан байна. Одоо дахин нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн, бас бус шалтгааны улмаас барилгын ажил ийн удааширч, таван жил “дуншаад” байгаа гэнэ.
Үүнийх нь горыг тус сумын багш, сурагчид амсаж, мөөгөнцөртөж, нурах шахсан сургуульдаа аргагүйн эрхэнд хичээллэж байна. Тухайн сургуулийн зураг цахим орчинд тархан, олны шүүмжлэлийг их дагуулсныг уншигч та анзаарсан байх.
Чандмань-Өндөр сумын барилгын ажил яагаад гацав. Ашиглалтад оруулахад дахиад хэдий хугацаа шаардлагатай вэ. Мөөгөнцөртөж, хана, тааз нь хөгцөрсөн сургууль нурж, багш, сурагчид амиа алдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Бид энэ асуудлыг хөндлөө.
Бид эхлээд БШУЯ-наас тодрууллаа.
БШУЯ: ЭНЭ ТАЛААР АНХ УДАА Л СОНСОЖ БАЙНА
-Чандмань-Өндөр сумын сургуулийн зураг хэзээнийх юм бол? Та бүхэнд мэдээлэл бий юү?
-Тус сумын сургуулийн барилгатай холбоотой зургийг үзээгүй. Тиймээс яг хэзээнийх гэдгийг нь мэдэхгүй байна.
-Тухайн сургуулийн барилгатай холбоотой гомдол, хүсэлт танай яаманд ирсэн үү?
-Ямар нэгэн гомдол, хүсэлт ирээгүй. Энэ талаар анх удаа л сонсож байна.
Чандмань-Өндөр сумын сургуулийн тендерийг зарласан байгууллага нь БШУЯ. Нэг талаараа захиалагч нөгөө талаар салбарынх нь асуудал тул БШУЯ мэдэх л ёстой, уг нь. Үүний сацуу БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас сонгогдсон төрийн түшээ. Гэтэл ийм ноцтой, олон он дамнасан асуудлыг харьяа яам нь мэдээгүй суугаа нь хачирхалтай.
Л.ЭНХЖАРГАЛ: ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ ДАХИН ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХСЭН ТУЛ СУРГУУЛИЙН БАРИЛГА УДААШИРСАН
Дараа нь бид Чандмань-Өндөр сумын Засаг дарга Л.Энхжаргалтай холбогдов. Тэр ийм тайлбар хэллээ.
СУРГУУЛИЙН МААНЬ МӨӨГӨНЦӨРТӨЖ, ХӨГЦӨРСӨН ЗУРАГ ОДООГИЙНХ
-Цахим орчинд тархсан зураг хэзээнийх вэ. Одоогийнх мөн үү?
-Тийм ээ, энэ намрынх.
-Танай сумын сургуулийн барилгын ажил удааширсан, ашиглалтад орохгүй байгаа гол шалтгаан юу вэ?
-Манай сургуулийн барилгыг барьж буй “Зос трейд” компанийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Уг нь тэд гэрээний дагуу сургуулийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулан, хүлээлгэж өгөх ёстой байсан.
Гэтэл гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдлаас өдий хүрчихлээ. Энэ компанид л гол асуудал байгаа юм.
"Цар тахал, хөл хорио гээд тооцоолоогүй зардал их гарлаа" гэхээр нь бид нэг тэрбум төгрөг нэмж өгсөн. Гэтэл одоо дахиад нэмж өг гээд байх юм.
-Хэдэн төгрөг?
-Дахиад нэг тэрбум төгрөг.
СУРГУУЛИЙН ХАНА, ТААЗ ТЭР ЧИГЭЭРЭЭ МӨӨГӨНЦӨРТСӨН ТУЛ ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
-Сурагчдаа одоо хаана хичээллүүлж байгаа вэ?
-Хуучин байрандаа хичээллэж байна. Энэ хичээлийн жилээс өмнө уг нь ашиглалтад орчих болов уу гэж хүлээж байлаа. Ашиглалтад орсонгүй. Одоо хүйтэртэл багагүй хугацаа байна. Амжуулаад ашиглалтад оруулчихаасай гээд л хүлээж, шахаж, шаардаж сууна.
Манай сургуулийн хана, тааз нь тэр чигээрээ мөөгөнцөртчихсөн.
-Тэгэхээр хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй байгаа юм байна.
-Тийм. Аргагүйн эрхэнд л хичээллүүлж байна.
-Танай сумын сурагчид ийм сургуульд, эрүүл, аюулгүй бус орчинд хичнээн жил хичээллэж байгаа вэ?
-Мэргэжлийн байгууллага 2014 онд акт тогтоон, хичээллэх боломжгүй гэж дүгнэсэн. Түүнээс хойш гэхээр найман жил хичээллэж байгаа юм байна. Манай сумын сургуулийг барих барилгын ажил 2017 онд эхэлсэн. Одоо болтол дуусаагүй, ийм байдалтай байна.
-Ийм орчинд хичээллэснээр багш, сурагчдын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гарч уу?
-Ёстой их сөргөөр нөлөөлж байгаа. Эцэг, эхчүүдийн зүгээс сурагчдын эрүүл мэндтэй холбоотой гомдол байнга гардаг. Яг албан бичгээр надад хандсан нь цөөн. Цахим орчинд сургуулийн барилгын ажилтай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй.
-Барилгын ажил одоо хэдэн хувьтай байгаа вэ?
-Гүйцэтгэж буй “Зос трейд” компани 80-90 хувьдаа хүрсэн гэж хэлсэн. Яг бодитоор харахаар тэгж харагддаггүй л юм. Зөндөө дутуу юм бий. 85-90 хувьдаа хүрээгүй байх.
БШУЯ, НУТГААС СОНГОГДСОН ГИШҮҮД “НЭМЖ МӨНГӨ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ” ГЭСЭН
-Хэрвээ танай сургуулийн барилгын ажлыг “Зос трейд” компани энэ жилдээ багтаан дуусгахгүй бол сурагчид энэ өвөл мөөгөнцөртсөн, нэг л өдөр нурж мэдэх барилгад үргэлжлүүлэн хичээллэх нь. Та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Харин тийм ээ, тийм эрсдэлтэй тулгарчихлаа. Хэрвээ энэ өвлөөс өмнө ашиглалтад оруулахгүй бол “Зосттрейд” компанийг шүүхэд өгнө. 2017 оноос хойш таван жил хүлээлээ. Гэрээний дагуу ашиглалтад оруулж өгөх хугацаа нь хэтрээд гурван жил боллоо. Үүнээс илүү яаж тэвчиж, тэсэх вэ дээ. Хамгийн гол нь үүнээс болж багш, сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна.
-Энэ талаар та БШУЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан уу?
-Хандсаан. Хандалгүй яах вэ. “Цар тахал, хөл хориотой цаг үе гэдгийг ойлгоод, боломжоороо нэмэлт санхүүжилт өгсөн. Дахиад өгөх боломжгүй” гэсэн.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БШУГ: ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТААН ХҮЙТРЭХЭЭС ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Энэ асуудалд Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар ямар арга хэмжээ авах вэ. Хэрхэн шийдвэрлэж, зохицуулахаар төлөвлөж байна вэ. Тус байгууллага “Чандмань-Өндөр сумын сургуулийн зураг цахим орчинд тархсаныг харсан. Нэлээд дээр үеийн зураг юм уу гэж бодсон. Одоо тийм барилгатай сургууль гэж юу байх вэ. Тус сургуулийн барилгын ажил удааширсан нь барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой.
Барилгын ажлыг нь гүйцэтгэж буй компани “Шаардлагатай байгаа төсвийг маань шийдээд өгчихвөл бариад дуусгачихна” гэдэг. Санхүүгийн асуудлыг нь шийдээд өгчихвөл Баян-Өндөр сумын сургуулийн барилгыг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулах боломжтой” гэлээ.
"ЗОС ТРЕЙД" КОМПАНИ УТСАА АВСАНГҮЙ
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд “Зосттрейд” компанитай холбогдохоор хэд, хэдэн удаа залгасан ч утсаа авсангүй.
Орчин үед мөөгөнцөртөж, хөгцөрсөн, өнөө, маргаашгүй нурах дөхсөн сургуульд хүүхдүүд хичээллэж буй нь “Арай ч дээ” гэж халагламаар асуудал мөн үү мөн. Тэгсэн атал БШУЯ “Мэдэхгүй” гээд, энэ асуудлыг зохицуулж, шийдвэрлэх учиртай Хөвсгөл аймгийн БШУГ “Олон жилийн өмнөх зураг байх. Одоо тийм барилгатай сургууль гэж юу байх вэ дээ” гээд мөн мэдэхгүй, “амьгүй албат” суугаа нь харамсалтай.
Тэнд сумын сурагчдын амь дээсэн дөрөөн дээр, Засаг дарга нь “Харьяа яам, агентлагууд энэ асуудлыг шийдээд өгчих байх” гээд тодорхой шийдэл, шийдвэр хүлээгээд сууж байхад шүү дээ. Ийм байхад төрийн ажил гацахгүй, шийдвэр, шийдэл нь хөрсөн дээр буухгүй, хүрэхгүй байх нь аргагүй. Тиймээс Хөвсгөл аймгаас сонгогдсон, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та энэ асуудалд анхаарлаа хандуулж, олон зуун багш, сурагч амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхийг хүсье. Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхтэй. Тэр эрхийг нь хангаж, бүх боломжийг бүрдүүлэх нь Л.Энх-Амгалан сайд таны үүрэг.