Өчигдөр буюу энэ сарын 7-нд дэлхийн улс орнууд “Цэнхэр тэнгэр-Цэвэр агаар”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Манай улсад хэрэгжиж буй агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудын талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбаттай ярилцлаа.
-Улаанбаатар хотын орчны бохирдлын гол хүчин зүйл нь утаа. Ирэх өвөл утааг тодорхой хэмжээгээр бууруулж чадах болов уу? Үүнээс яриагаа эхэлье.
-Юуны өмнө агаар орчны бохирдлыг бууруулахад үр дүн гарч байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Монгол улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэлээд амбицтай зорилт тавьсан. Түүхий нүүрсийг хориглосноос хойш бохидол 50 орчим хувиар буурсан. Гэхдээ чанарын үзүүлэлтүүд тийм ч сайн биш байна. Тиймээс цаашид түлшнийхээ чанарт анхаарах хэрэгтэй. Бид 2024 он гэхэд бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна.
БОАЖЯ-наас Байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд гаргадаг. Сүүлийн тайлангаар Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд агаарын бохирдолтой гэсэн дүгнэлт гараад байна. Иймээс ирэх дөрвөн жилд хамгийн их агаарын бохирдолтой 5-аас доошгүй аймагт шахмал түлшний үйлдвэр байгуулах зэргээр үр дүнтэй ажил хийхээр зорьж байна. Үүнд Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгууд багтаж байна.
Өнгөрсөн жилүүдэд түлшний нийлүүлэлт тасалдах, үүнийг дагаад айлууд хаа хамаагүй зүйл түлэх зэрэг зөрчил мэр сэр гарч байсан. Энэ жил түлшний аюулгүйн нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Бид эхний ээлжийн түлшний нөөцөө аравдугаар сарын 1 гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байна. Энэ жил Зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Мөн түлшний чанарыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн туршилт хийж байна.
“Утаа болохоо болохоо байлаа. БОАЖЯ юугаа хийгээд байна” гэх шүүмжлэл гардаг шүү дээ. Агаар орчны бохирдлыг бууруулах ажлыг ямар байгууллагууд хариуцахаар үүрэг хүлээсэн байдаг юм бэ? Эсвэл БОАЖЯ-ны л гол ачаа юм уу?
-Мэдээж БОАЖЯ бодлогоо гаргаад явна. Үүний дараагаар орчны бохирдлын асуудал эрчим хүчний салбартай салшгүй холбоотой. Учир нь хүлэмжийн хийн ялгарлын 51 хувь нь эрчим хүчнээс шалтгаалдаг. Бид эрчим хүчнийхээ 80 хувийг хүрэн эрчим хүчнээс буюу нүүрс шатааж гарган авч байна. 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 30-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим буюу ногоон эрчим хүчнээс гаргаж авахаар төлөвлөөд байна. Энэ бодлогодоо хүрэхийн тулд бид хамтарч ажиллах хэрэгтэй.
ШАТАХУУНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ БАЙЖ АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА
-Манай улс агаарын орчны бохирдол бууруулах үндэсний хөтөлбөртөө шатахууны чанарыг сайжруулах зорилт тавьсан байдаг. Шатахууны чанар агаарын бохирдолд хэр жин дардаг юм бэ?
-2019 оны байдлаар агаарын бохирдлын 80 орчим хувь нь гэр хорооллоос шалтгаалж байна гэсэн дүгнэлт гарсан. Харин 10 орчим хувь нь автомашинаас, 6 орчим хувь нь дулааны цахилгаан станцууд, 4 орчим хувь нь бусад эх үүсвэрээс шалтгаалдаг.
Агаар бохирдох нэг шалтгаан нь автомашины насжилт болон түлшний чанартай холбоотой байна. Манай улс утаа бага гаргадаг “Евро-5” стандартын түлш хэрэглэхээр зорилт тавьсан ч үүндээ бүрэн хүрч чадаагүй байна. Одоогоор дотоодын зах зээлд борлуулж байгаа шатахууны 17-20 хувь нь “Евро-5” стандартын шаардлага хангаж байна. Цаашид стандартын шаардлага хангасан түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд зөв хөшүүрэг хэрэгтэй. Чанартай шатахуун оруулж ирж байгаа ААН-ийг дэмжих гэх мэтээр зөв зохицуулах нь чухал гэж харж байна. Бид одоогоор утаа шүүгч суурилуулах зэрэг жижиг ч гэсэн тодорхой үр дүнтэй алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Тэрбум мод тарьснаар ямар үр дүн гарна гэж тооцоолж байна вэ?
-Монгол улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртсөн байдаг. Үүний шалтгааныг аваад үзэхэд, 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна. Сүүлийн жилүүдэд жилд орох хур тунадасны хэмжээ найм орчим хувиар буурсан. 120-130 сая га газар цөлжилтөд ямар нэг байдлаар цөлжилтөд өртөөд байна. Үүнээс 30 орчим сая га талбай нэн хүчтэй цөлжилтөд өртсөн гэсэн судалгааны дүн бий. Иймээс хүний хүчин зүйлийг бууруулах, механик хаалт хийх зэргээр элсний нүүдлийг бууруулах чухал байна.
“Тэрбум мод” хөдөлгөөний зорилгын 40 орчим хувь нь цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэнэ. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой эзэлдэг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэхээр зорьж байна. Говьд хайлаас, заган ойг нэмэгдүүлэх зэргээр БОАЖЯ бодлогоо чиглүүлж байна.
-Мод суулгаад орхих нэг хэрэг. Ногоон орчинг бий болгох урамшууллын хөшүүрэг хэрэгтэй гэдэг шүү дээ? Жишээлбэл, Өмнөговь аймгийн сайн жишгийг бусад аймгуудад нэвтрүүлэх боломж хэр байна вэ?
-Өмнөговь аймаг 2004 оны үеэс эхлээд л иргэдийн хашаандаа тарьсан модыг худалдаж авдаг системд шилжсэн. Үүнийг цаашид улсын хэмжээнд сайн жишиг болгон өргөжүүлэх чухал байна. Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги боловсруулж байна. Энэ стратеги ойрын үед албажиж гарна. Монгол орны аль бүсэд ямар мод тарих зэргээр нарийн төлөвлөлт тодорхой болно.
-Хүрээлэн буй орчныг ногооруулахад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Хэн дуртай нь хүрз бариад “дайрдгаас” үр дүн бага гарч байна гэх шүүмжлэл бий?
-Төрөөс ойн чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд бодлогоор анхаарч байна. Жишээ нь, ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч гэдэг хамгийн чухал мэргэжил болоод байна.
УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ДНБ-ЭЭР НЬ БИШ, АМЬДРАХ ОРЧНЫ ЧАНАРААР НЬ ХЭМЖДЭГ БОЛСОН
-Манай улс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсад ямар үүрэг хүлээсэн байдаг вэ?
– Агаарын бохирдол хүлэмжийн хийн ялгарлын нэг шалтгаан болдог. Олон улсын түвшинтэй харьцуулахад манай улсын хүлэмжийн хийн ялгарал бага. Гэхдээ цөөн хүн амтай учир нэг хүнд ноогдох хэмжээ өндөр байдаг. Тийм учраас хүлэмжийн хийг бууруулах, олон улсын зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч байна.
Манай улс байгаль, орчин аялал жуулчлалын салбарт 20 орчим конвенцид нэгдэж торсон байдаг. Химийн бодисын хэрэглээ, аюулгүй хог хаягдлын хэрэглээ гээд үүргийг нь тодорхой заагаад өгчихсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц, Парисын хэлэлцээрээр манай улс 2030 он гэхэд 2000 оны түвшнээс хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулна гэж заасан. Хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь нь эрчим хүчний салбараас хамаарч байна.
-Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдээ Засгийн газар төлөвлөөд байна. Ногоон эрчим хүчинд шилжихийн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг ногоон эрчим хүчээр хангаж, төвийн бүс рүүгээ нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн өмнийн говийн бүс рүүгээ нар, салхины эрчим хүч оруулаад ирвэл дорвитой үр дүн гарна гэж бид харж байна.
Энэ жилийн “Цэвэр агаар”-ын өдрөөр та бүхэн иргэдэд ямар мессеж хүргэхийг зорив?
Жил бүрийн есдүгээр сарын 7-ны өдрөөр бид иргэд рүүгээ хандаж, цэгцтэй, зөв ойлголт өгөхийг эрмэлздэг. Орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал гэдгийг хэлээд байгаа юм. Айлууд юу таарснаа шатаадаг зэрэг буруу хандлагаасаа салж байж л үр дүн гарна. Ер нь сүүлийн үед улс орны хөгжлийг ДНБ-ээр нь биш, нэг хүнд ноогдох амьдрах орчны чанараар нь дэмждэг боллоо. Амьдралын чанар сайн байхын хэрээр таны бүтээмж нэмэгдэнэ гэдгийг иргэддээ ойлгуулахыг чухалчилдаг болж байна.
Ярилцсанд баярлалаа.