Нийслэлийн иргэд бид метро, агаарын дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг, хүртээмжтэй нийтийн тээврээрээ зорчсоор дөжирчээ. Гэхдээ зөвхөн төсөөлөлдөө. Харин бодит байдал дээр хотын зам зам биш зогсоол болж, уур уцаараа барсан иргэд цухалдан өдөр хоногийг өнгөрөөж байна.
Улаанбаатар хотын удирдлага солигдох бүрдээ нийтийн тээврийн шинэчлэлт, хөгжүүлэлт, түгжрэлийн асуудлыг шийдэх талаар маш олон шинэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр танилцуулж, хэрэгжүүлнэ гэж ам гардаг. Гэсэн ч тэдгээр төсөл хөтөлбөрийн ганц нь ч бодит ажил бололгүй, үр дүнгээ өгөлгүй 10 гаруй жил тойрчээ.
2011 оноос эхэлье.
ҮЛГЭР Г.МӨНХБАЯР ДАРГЫН ҮЕЭС ИНГЭЖ ЭХЛЭВ
Түгжрэлийн асуудалд цэг тавьж, нийтийн тээврийн хөгжлийг цэцэглүүлэх үлгэр хотын дарга асан Г.Мөнхбаярын үеэс эхэлжээ. 2011 онд нийслэлд метро барих тухай санаачилж байсан тэрбээр 2017 онд метрогоо ашиглалтад оруулна гээд БНСУ-ын “Soosung Engineering” болон “Seoul metro” компанитай хамтрах талаараа олон нийтэд мэдээлж байв.
Ингээд дээрх хоёр компанитай хуучнаар Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран судалгааныхаа бүхий л ажлыг хийж дуусгасан бөгөөд метрог 2017 онд ашиглалтад оруулахаар болсон. Ингэхдээ манай улсад илүүтэй тохиромжтойгоор нь бага оврын LRT загварын 5,000-30,000 хүний багтаамжтай, хөнгөн чанарын хоёр хэсгээс бүрддэг метрог сонгоод байжээ. Эхний үлгэр ийнхүү эхлээд өрнөл үгүй өндөрлөсөн юм.
МЕТРОНООС ТРОЛЛЕЙБУС РУУ УНАСАН Э.БАТ-ҮҮЛИЙН БҮТЭЛГҮЙТЭЛ
Үүнийг залгаад 2012-2016 онд хотын дарга асан Э.Бат-Үүлийн “Улаанбаатар метро төсөл” болон “Тусгай замын автобус” төсөл яригдаж эхэлсэн. Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг 2013 онд Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх тухай мэдээлж байжээ.
Мөн ЖАЙКА болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам.доллар, Монгол Улсаас 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх боломжтойг урьдчилсан тооцоолж байв.
Метроны замыг Энхтайваны өргөн чөлөөний дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барих нь зүйтэй гэж төслийн багийнхан үзжээ. Үүнээс хойш “утаарч” явсаар 2015 онд Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны шугамд тэнцэхүйц троллейбус явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
ТҮГЖРЭЛИЙГ ЦААСАН ДЭЭР Л ШИЙДСЭН УДААХ ДАРГА С.БАТБОЛД
2016-2018 оны хотын дарга асан С.Батболд ажил болдоггүй дээрх төслийг үргэлжлүүлэн цаасан дээр гарамгай гэгч нь хөгжүүлжээ.
Тэрбээр 2017 онд Тусгай замын автобусны эхний коридорыг ашиглалтад оруулахыг эрмэлзэж байгаагаа Азийн хөгжлийн банкинд мэдэгдсэн байна.
Энэ үед “Тусгай замын автобус буюу BRT” төслийг эхлүүлэхээр талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зурсан ч төслийн явц удаашралтай байгаад санаа зовниж буйгаа Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайл илэрхийлжээ. Ингээд төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Хотын дарга С.Батболдоос хүсэж байсан аж. Тусгай замын автобусыг хамгийн эхэнд Энхтайваны өргөн чөлөө, Намъяанжугийн гудамжаар явуулах төлөвлөгөө гаргаад байжээ. Өөрөөр хэлбэл хотын дарга асан С.Батболдын үлгэр төлөвлөгөөгөөр өндөрлөсөн байна.
С.АМАРСАЙХАНТАЙ ХАМТ ЗАМХАРСАН АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР
Ингээд метро, тусгай замын автобусны төслүүд маань замхарч 2019-2020 онд хотын даргын албан тушаалыг хашсан С.Амарсайханы агаарын дүүжин тээвэр 2021 оны зургаадугаар сард ашиглалтад орохоор болсон юм.
Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сард С.Амарсайхан Хотын даргаар томилогдож, солигдох хүртлээ нийслэлийн замын түгжрэлийг арилгахад чиглэсэн нийтийн тээвэртэй цогц төслийг санаачилсан.
Цогц төсөлд:
- Автобусны парк шинэчлэлт
- Цахилгаан соронзон галт тэрэг
- Шинэ төрлийн такси үйлчилгээ
- Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр
- Тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг багтаж байв.
Уг нийтийн тээврийн цогц төслийг хэрэгжүүлснээр 4-6 жилд түгжрэл 90 хувиар буурна гэж тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байлаа.
Дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн байдаг ч тэр мөнгөөр ямар ажил хийгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй гэсэн мэдээлэл ч бий.
ҮЛГЭР ЯВЖ, ЯВЖ МАШИНЫ ДУГААР ХЯЗГААРЛАЛТ ДЭЭР ГАЦАХ ШАХАВ
Харин одоогийн хотын дарга Д.Сумъяабазар Баганан тулгуурт хөнгөн галт тэргээр зорчих санаачилга гаргаад нам суув. Асуудлыг шийдэх LRT төсөл нь ажлын хэсэгтэйгээ хөлдөөд, асуудлыг захиргааны аргаар буюу дугаарын хязгаарлалтаар шийдвэрлэнэ гээд ярьж явсан нь өчигдөрхөн. Иргэд цахимаар шуураад эхлэнгүүт л захиргааны арга хэмжээгээр зохицуулна гэж хэлсэн үгнээсээ буцаад захирамж гаргаж байх жишээтэй.
Анзаараад харвал манай удирдлагууд ажлаа ямар ч залгамж халаагүй авч явдаг нь асуудлын гол шалтгаан мэт. Нэг дарга нь өөрийн амбиц, төсөөллөөрөө өмнөх хүнийхээ хөдөлмөрийг салхинд хийсгэдэг дүр зураг харагдаж буй.
2022 оны улсын төсөвт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж анх удаа 420 тэрбум төгрөг тусгасан. Эрх баригчид аа, бид түгжрэлээсээ салмаар байна.