“Хэдий болтол тэсэх вэ. Ерөөсөө л дуулахаа больё. Өөр мэргэжил сонгоё”. Ахлах ангид байхад нь түүнд ийм бодол төржээ. Эморсондоо ч юм уу тэр гэнэт тэгж бодоогүй. Юу ч болоогүй, сонсоогүй, мэдээгүй мэт явсаар нэг л өдөр тэсгэл алдарсан нь тэр.
Аавтай нь холбосон элдэв хов жив, шүүмжлэл өсвөр насны охинд хүнд туссан, тэсэж, тэсвэрлэхийн аргагүй байсан нь ойлгомжтой. “Аав, охин хоёр шиг харагддаггүй. Аавтайгаа зүгээргүй байх. Ганцаараа дуулсан нь дээр” гэх мэт олны хачин жигтэй, эрүүл ухаантай хүнээс гарамгүй туйлширсан шүүмжлэл, өөр хоорондоо элдэв хов жив болгож ярьсан зүйлс түүнийг эмзэглүүлэхийн ихээр эмзэглүүлж, сэтгэлээр унагаажээ. Асуудлыг нэг өнцгөөр харсан, нэгний олон төдийгүй урлагийнхны зарим нь хүртэл тийм хандлага гаргаж, элдвээр шүүмжилсэн нь түүнд бүр ч хүнд туссан гэнэ.
Тийм хэцүү цаг хугацааг аав, ээж, гэр бүлийнхээ хүчээр даван туулж, урлагтаа үлдэн, аавынхаа хамт улам чанартай, чансаатай уран бүтээл гаргахын төлөө зүтгэж яваа сэтгэлийн хаттай нэгэн, тэр.
Түүнийг Баттулгын Дуулим гэдэг. Тэрбээр Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач, СТА В.Баттулгын охин гэдгийг манай уншигчид сайн мэднэ. “Жинжиймаа”, “Анхны хайр”, “Ээжийн бүүвэй” зэрэг олны хайртай, сэргээн дуулахад өндрөөс өндөр босготой уран бүтээлийг дуулж, дахин “амилуулж”чадсанаар нь монгол түмэн бахархдаг.
Дуучид нь дээрх уран бүтээлүүдийг яаж тултал нь дуулж, монгол түмний хит болголоо доо. Тийм чансаатай уран бүтээлийг дуулж, дахин олны хүртээл болгон, хүлээн зөвшөөрөгдсөн нь Б.Дуулим хэр авьяастай, ур чадвартайгийнх нь илрэл.
ДУУЛСАН ДУУЧНААС НЬ ИЛҮҮ ДУУЛАХ САН ГЭЖ ОГТ БОДДОГГҮЙ
-Энэ хэмжээнд дахин дуулах боломжгүй гэж үнэлэгдтэлээ олны талархал хүлээсэн уран бүтээлийг сэргээн дуулах амаргүй, өндөр босготой нь мэдээж. Өөрийнхөө онцлог, хэв маягийг хэрхэн шингээж дуулахыг чухалчилдаг вэ?
-Би хуучны дууг сэргээн дуулахдаа хоёрхон зүйлийг баримталдаг. Өөрийнхөө мэдрэмжийг л гаргахыг хичээдэг. Тухайн дуун дээр зөвхөн Дуулим л байх ёстой. Яг энэ хоёр зарчмыг л баримталдаг.
-Дуучнаас илүү дуулах сан гэж хичээдэг үү?
-Ёстой тэгж хичээдэггүй. Дуулсан дуучнаас нь илүү дуулах сан, би давуулах ёстой гэж огт боддоггүй. Хэн нэгнийг дуурайх бус зүгээр л өөрийнхөөрөө дуулахыг зорьдог. Б.Дуулим гэж хэн бэ гэдгийг харуулахыг хичээдэг. Аав минь “Дууг хүчилж бус чин сэтгэлээсээ, уянгалж дуулбал хүнд илүү хүрнэ” гэж захьдаг.
Гуравхан настайдаа тайзан дээр дуулан, өхөөрдүүлж явсан тэрбээр өдгөө аавтайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл. Тэрбээр багын сэргэлэн, цовоо, дуулах дуртай хүүхэд байсан гэнэ. Гуравхан настайгаасаа тайзан дээр гарч, өвөө, эмээ, аавынхаа тоглолтод үргэлж оролцон, урлагт багаасаа хөл тавьжээ. Энэ тухайгаа ийн ярилаа.
-Хөөрхөн жаахан хүүхэд гараад дуулахаар хүмүүс их өхөөрддөг байж билээ. Бас болоогүй ээ, “Жалам хар” бүжгийг бүжиглэнэ. Бүжиглэнэ, дуулна, шүлэг уншина. Тоглолтыг нь ёстой “самардаг” байсан байх (инээв).
-Анх ямар дуу сурч байв?
–“Бөмбөг битгий хаяарай”-г сурсан.
“Цагаан баавгайн бамбарууш
Тоглон наадаж байна
Цэгээн туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай” гэдэг үгтэй (дуулав). Их хөөрхөн дуу. Гурван настай байхад өвөө, эмээ хоёрын нэг тоглолтод оролцох болсон юм. Тэгэхэд ээж надад “Бөмбөг битгий хаяарай”-г бас нэг өвөр монгол дууны хамт зааж өгсөн. Тоглолт эхлэхээс хэдхэн минутын өмнө, тайзны ард ээж минь надад тэр өвөр монгол дууг зааж өгсөн юм. Би сонсголоороо сураад, тайзан дээр монгол, хятад хэлээр дуулж билээ.
Нээрэн намайг бага байхад аав, ээж бид гурав нэг дууг үргэлж дуулдаг байсныг тод санадаг. Нөгөө “Аав аа, нар, сар, одон гурав юу вэ” гэж эхэлдэг дуу байдаг даа.
ААВ, ЭЭЖТЭЙ ХАМТАРЧ УРАН БҮТЭЭЛ ХИЙВЭЛ ГОЁ БАЙХГҮЙ ЮУ
-Ээж нь дуулдаг уу. Ээжийнх нь талд дуучин хүн бий юү?
-Би хоёр талаасаа дуучны удамтай. Эмээ минь уртын болон ардын дууг их сайхан дуулдаг. Ээж минь Дундговь аймгийнх, дуу, хуурын өлгий нутгийнх. СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо Төв аймгийн Боловсрол, соёлын газарт мэргэжилтнээр ажилладаг. Аав, ээжтэйгээ хамтран уран бүтээл гаргавал гоё байхгүй юу. Би эхээс гурвуулаа, айлын том нь. Хоёр дүү маань дуулдаг, бүжиглэдэг, хоёулаа авьяастай.
-Монгол түмний бахархал болсон дуучдын удам гээд хүн бүхэн дэмжээд, том амжилт хүлээх нь заримдаа дарамт болох юм уу?
-Бахархмаар санагдахын сацуу ийм мундаг хүмүүсийн үргэлжлэл болж яваа тул алдаа гаргах эрх надад байхгүй. Хэлж буй үг, хийж буй үйлдлээ үргэлж цэгнэн, хазгай гишгэхгүй байхыг хичээдэг. Гавьяат жүжигчин Вандан, Дуламсүрэнгийн ач, Баттулгын охин гээд хүмүүс надад их том итгэл хүлээлгэдэг. Нөгөө талаар хүмүүс намайг шууд мундаг, авьяастай гээд хүлээгээд авчихдаг. Би бусадтай л адилхан хүүхэд шүү дээ, уг нь.
Алдаа гаргадаггүй хүн байхгүй. Алдсан ч гэсэн үргэлж ухамсарлаж, засаж явах хэрэгтэй. Өвөө, эмээ, аавынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй явахыг үргэлж хичээдэг.
ӨВӨӨ, ЭМЭЭ ХОЁР НАМАЙГ ОГТ МАГТДАГГҮЙ
-Өвөө, эмээ хоёр нь ач охиноороо их бахархдаг байх. Ер нь магтдаг уу?
-Манай эмээ, өвөө хоёр “Гоё дуу болж. Сайн байна” гэж огт магтддаггүй. Ялангуяа манай өвөө. “Уран бүтээлдээ чин сэтгэлээ зориул” гэж л захьдаг.
Өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл нь болж яваагаараа би үнэхээр бахархдаг. Урлагийн салбар ямар сайхныг багаас минь мэдрүүлж, үлгэрлэсэн.
Аавынхаа шударга, хөдөлмөрч, юунд ч шантардаггүй зангаар нь бахархаж, үлгэрлэдэг. Аав минь их гярхай. Намайг үнэхээр сайн ойлгодог.
Аав, ээж хоёр намайг дуучин болгохын төлөө бүхнээ зориулж, дэмждэг. Ийм их итгэл хүлээлгэн, дэмждэг болохоор би бүр ч илүү хичээн, урмыг нь хугалахгүй байх ёстой.
Б.Дуулим дуулахаас гадна дууны шүлэг бичих, ая зохиох авьяастай. Ая, үгийг нь зохиосон зургаан уран бүтээл түүнд бий. Одоогоор нэгийг нь клипжүүлэн, олны хүртээл болгоод байгаа юм.
-Б.Дуулимд дууны хөгжим чухал уу, үг чухал уу?
-Хоёулаа чанартай байж сайн уран бүтээл гарна. Миний хувьд ая л чухал, үнэ л цэнтэй санагддаг.
-Одоо нийтийн дуу түлхүү дуулж байгаа. Цаашид ямар төрлөөр дуулах вэ?
– Сүүлийн үед орчин үе рүү, поп урсгал руу чиглэсэн уран бүтээл хийж байгаа.
ДАВЖ ГАРАХАД ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ОЛНЫ ШҮҮМЖЛЭЛ
-Олонд танигдан, хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр үргэлж чанартай уран бүтээл гаргах шаардлага гарна. Даван туулахад хамгийн хэцүү, хүндрэл бэрхшээлтэй байгаа зүйл бий юү?
-Хамгийн хэцүү нь шүүмжлэл л байна. Мөн юуг нуух нь вэ, санхүү. Мэдээж ямар ч хүнд тулгардаг асуудал.
Ямар ч хүнд тулгардаг асуудал. Хуучны дууг сэргээж дууахад зарим хүн “Өөр дуучны дууг дууллаа. Тэрийг дуурайчихаж” гэж шүүмжилнэ. Өөрөө уран бүтээл гаргахад “Тэгж дууллаа. Хувцас чинь тийм байна” гэнэ. Иймэрхүү шүүмжлэлийг би ер тоохгүй даваад гарна. Авах, гээхийн ухаанаар харна. “Нээрэн би тэгж алдаж уу” гээд засахыг хичээнэ.
Харин аавтай минь холбосон элдэв шүүмжлэл, хов шив л хамгийн хэцүү нь. Ахлах ангид сурч байхдаа би бүр дуулахаа больё, мэргэжлээ сольё гэж бодож байсан шүү дээ. Хүмүүсийн хэл ам, шүүмжлэлээс залхаад.
ЯМАР ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН ТӨРСӨН ААВ, ОХИН ХОЁРЫГ ХОЛБОЖ, ШҮҮМЖЛЭХ ВЭ ДЭЭ
-Аавтай нь холбож, элдвээр шүүмжилсэн нь танд бүр ч хүнд туссан уу?
-Тэгсэн, ёстой аймар. Би аавтайгаа хамт дуулдаг. Гэтэл “Энэ охин аавтайгаа арай биш ээ. Аав, охин хоёр гэж харагддаггүй” гэх утгатай элдэв яриа, шүүмжлэлийг тэсэхэд, тоохгүй байгаа юм шиг явахад үнэхээр хэцүү байсан.
Зарим нэг нь “Аавтайгаа дуулахаа больсон нь дээр. Ганцаараа илүү өндөр амжлт гаргана” гэсэн. Ямар эрүүл ухаантай хүн төрсөн аав, охин хоёрыг тэгж боддог байна аа. Тийм сэдэв, элдэв яриа, хов живэнд би үнэхээр их эмзэглэсэн. Жирийн хүмүүс хэтэрхий нэг талаас нь хараад, буруугаар ойлгож гэж бодох сон. Гэтэл урлагийн зарим нэг хүн хүртэл тэгж элдвээр шүүмжилсэн нь бүр ч хүнд цохилт болсон. Фэйсбүүк рүүгээ орохоор л элдэв пост, сэтгэгдэл. Унших бүрдээ уйлдаг байлаа. Уйлж хоносон шөнө надад олон бий.
Хандалт авах гэсэн хуурамч сайт, шар хуудаснууд бүр аймар сэвсэн. Хүнийг ёстой хайрладаггүй юм билээ. Цахим ерөнц бол үнэхээр аймар орон зай.
-Тийм хүнд үеийг хэрхэн даван туулав. Юунаас эргээд босох эрч хүч, урам авсан бэ?
-Ааваасаа, гэр бүлээсээ. Хайртай хүмүүс минь миний дэргэд байсны хүчинд би даван туулсан, урлагтаа үлдсэн. Олны элдэв доромжилсон утгатай шүүмжлэлийг сүүлдээ тоохоо больчихдог юм билээ. Тоохгүй байсан нь надад, шүүмжилж буй хүнд ч амар санагддаг. Тоогоод, ач холбогдол өгөх тусмаа би өөрөө шанална, шархална.
Тэгээд нэг уран бүтээл гаргахад хүмүүс эергээр хүлээж авсан, элдвээр шүүмжлээгүй нь надад маш их урам өгсөн. Тэр үед “Би урлагийн гэр бүлд төрсөн, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл нь болох учиртай хүн. Ерөөсөө тууштай хичээж, хөдөлмөрлөөд дэлхийн хэмжээний дуучин болно” гэж зорьсон.
ААВТАЙГАА ХАМТ ДУУЛАХДАА МАШ ИХ ХАЙР МЭДЭРДЭГ
-Аав, охин хоёр хамтарч дуулдаг уран бүтээлч Монголд хуруу дарам. Аавтайгаа хамт дуулахын юу нь хамгийн сайхан бэ?
-Үнэхээр нөмөр, түшигтэй. Аавтайгаа хамт тайзан дээр гарахад маш их хайр мэдэрдэг. Аав над руу инээн, хайрын харцаар хараад дуулдаг. Би өөдөөс нь инээгээд хэчнээн гоё байдаг гэж санана. Аавтай хамт дуулахаар сэтгэл их хөдөлдөг. Заримдаа уйлчихдаг.
-Б.Дуулим өөртөө хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
Би өөртөө маш сэтгэл хангалуун явдаг, 100 хувь.
-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Амьдралдаа баримталдаг хоёр зарчим бий. Би гурван дүүтэй. “Айлын том нь ямар явна, дүү нар нь тэгж явдаг” гэж аав, ээж хоёр надад үргэлж захьдаг. Би аль болох алдахгүйг, зөв замаа олоод, тэгшхэн явахыг, дүү нартаа үлгэрлэхийг маш их хичээж байгаа. Нэг ийм зарчим байгаа. Хоёрдугаарт гэвэл бусдад гай болохгүй, төвөг удахгүйг маш их хүсдэг, эрмэлздэг. Хүнд гай болно, төвөг удна гэдэг чинь үнэхээр бүдүүлэг зүйл. Нэг ёсондоо тухайн хүний эрхэнд халдаж байна гэсэн үг.
Найз залуутай юу?
-Энэ талаар ярьвал яана аа. Би ёстой ичээд байна аа. Тэгэхээр энэ асуултыг алгасъя. Ёстой уучлаарай.
Ер нь урлагийн салбарын хүн гэр бүл зохиох аягүй хэцүү. Хүүхэдтэй болвол ядаж 2-3 жил үрээ гэртээ харна. Ер нь урлаг маш хатуу шүү. Ёоё (санаа алдав). Уран бүтээлийнхээ ирээдүйг харж явснаас гэр бүл зохиох талаар бодож байгаагүй.
БИ НЭЛЭЭД ЭМО, ГАНЦААРАА БАЙХ ДУРТАЙ
-Хувь хүн талаасаа Б.Дуулим гэж хэн бэ?
-Хүн өөрөө өөрийгөө дүгнээд, ийм, тийм гээд хэлэх хэцүү л дээ. Хүмүүс намайг гаднаасаа их зантай харагддаг гэдэг. Яг тулаад харилцахаар хүүхэд шиг байна гээд өхөөрддөг.
Би нэлээд эмо. Ганцаараа, өөрийнхөөрөө байх дуртай. Жаахан зожиг талдаа. Олон хүнтэй газраас жаахан хол байхыг хичээдэг.
Би гэр бүлийн маш зөв хүмүүжилд өссөн хүүхэд. Орой үдэш гардаггүй. Найз нөхөдтэйгөө тийм ч их уулзаад, өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөд ч юм уу явдаггүй.
Ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө ааваасаа юм уу ээжээсээ заавал асуудаг. Аав, ээж хоёрынхоо санааг зовоохгүйн тулд бүх зүйлийг би хэлдэг. Сая наашаа ирдээ хүртэл ярилцлага өгөх талаараа хэлсэн. Угаасаа би ямар ч зүйлээ нуухыг хүсдэггүй. Ямар би буруу зүйл хийгээд явж байгаа биш, тийм ээ.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ДУУЧИН БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
-Тийм шүү. Бие даасан тоглолтоо хийх бодол бий юү?
-Аав, бид хоёр есдүгээр сарын 7-ноос Говь-Алтай, Ховд, Увс аймгийн сумдаар аялан тоглолт хийнэ. Нэгдүгээр сард аавтайгаа хамт “UB пласе”-т бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа. Юу болох нь уу.
-Б.Дуулимын хамгийн том мөрөөдөл, зорилго юу вэ?
-Би дэлхийн хэмжээний дуучин болохыг маш их мөрөөдөж, хүсдэг. Миний төлөө манай гэрийнхэн маш их хичээж, бүхнээ зориулж байгаа. Тиймээс энэ зөвхөн миний хүсэл, мөрөөдөл биш. Манай гэрийнхэн ялангуяа аавын маань хүсэл, мөрөөдөл.
Тэднийхээ хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд дэлхийн дуучин болохыг л зорино. Урьж ярилцлага авсан “Urug.mn” сайтынхандаа маш их баярлалаа. Бүгдэд нь ажлын амжилт хүсье.