Нийгмийн сүлжээ өсвөр үеийнхний толь, даган дуурайх гол хэрэгсэл болсон өнөө цагт бид Монголоороо зөв бичих, ярих чухал болоод байна. Өмнө нь бид хэвшмэл буруу хэллэгүүдийн талаар хүргэж байсан бол, энэ удаад ихэнх хүний алдаж бичдэг зарим үг, алдаатай хэллэгийн талаар хүргэх гэж байна.
- Тухайн үгийн гарал юу вэ гэдгийг олж мэдвэл буруу бичихгүй.
Жишээлбэл, хүмүүс, баяр “хүргье”, амжилт “хүсэе” хэмээн буруу бичих тохиолдол их гардаг. Гэтэл зөв нь “хүргэе, хүсье”. Үгийн язгуур нь хүр+гэ+е= хүргэе гэдэг үг бий болж буйг сайтар анхаарах хэрэгтэй. Харин “хүсье гэдэг үгийн тухайд “хүс+е= хүсье” буюу заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд е залгавар залгахад дунд нь зөөлний тэмдэг жийрэглэж байна. Энэ мэтээр үгийн гарал үүсэл нь юу вэ, ямар үгэн дээр ямар дагавар, нөхцөл залгаж шинэ үг бүтээсэн бэ гэдгийг байнга бодож байвал алдаж бичихээс сэргийлж чадна.
- Монгол бичгээ сайтар сурвал Кирилл бичгээр алдаатай бичихээ болино.
Уйгаржин Монгол бичгээ сайтар сурвал Крилл үсгээр алдаж бичихээ болино. Учир нь,Монгол бичгээр бичихэд үгийн гарал үүслийг илүү тодорхой мэдэж болдог. Тиймээс энэ үгийг Монгол бичгээр хэрхэн бичдэг билээ, Кирилл үсгээр ингэж бичих нь зөв үү, энэ дагавар нөхцөлийг зөв залгасан уу хэмээн бодчихож байвал зөв бичгийн дүрмийн алдаа гарахгүй. Мөн нийтлэг үгийг хоёр хувилбараар бичиж, аль нэг нь зөв мэтээр маргах ч шаардлагагүй болох юм. Жишээлбэл, бид тэрбээр, тэрээр” хоёрын аль нь зөв бэ гэцгээдэг. Гэтэл хоёулаа зөв. Учир нь Монгол бичгээр тэр-э-бэр гэж бичнэ. Тэрбээр гэж ярих нь Монгол бичгийн дуудлагаараа нэрлэж тогтсон хэлбэр. Тиймээс зөв буруу гэж нэг талд туйлшрах аргагүй юм.
ЛОКИКИЙН ЗӨРЧИЛТЭЙ НИЙТЛЭГ ҮГСЭЭС ТАТГАЛЗЪЯ
Хүмүүс “нэлээдгүй” гэж ярих нь олон. Гэтэл Монгол хэлэнд ийм үг байхгүй. Нэлээд гэдэг нь олон, хэдэн тооны гэсэн утга илэрхийлэх бөгөөд дээр нь нэмээд “гүй” дагавар залгавар, нэлээд биш буюу олон биш гэсэн утгыг илэрхийлдэг. Гэтэл үүнийг “нэлээдгүй олон” хэмээн олон хэмээн ярих нь их байна. Энэ тохиолдолд нэлээд биш олон буюу логикийн зөрчилтэй буруу үг болоод хувирна. Тиймээс энэ мэт тогтсон нэршлүүдийг ялгаж залгаж зааглах нь хамгийн чухал болоод байна.
Хэл бол хэрэглээ. Хэрэглээ буруу явах тусмаа хоногшиж, буруу чигтээ тогтож үлддэг. Тиймээс бид алхам тутамдаа нэг үг, нэг үсгээ засаж, зөв бичиж хэвших нь чухал болоод байна. Ингэж байж эх хэлнийхээ дархлааг хамгаална