Эр хүн уйлж болдоггүй юм… Хөвгүүдийг хатуу гараар хүмүүжүүлэх нь зөв…Охид том болоод нөхөрт гарах тул хоол хийж сурах хэрэгтэй…Гэрийн ажилд сайн байвал хадмууддаа гологдохгүй…
Та энэ мэт үгсийг сонсож өссөн үү? Эсвэл хүүхдүүддээ хаа нэг хэлчихдэг үү? Охидод ягаан хувцас, хөвгүүдэд цэнхэр өнгийг сонгодог уу? Тэднийгээ том болоод юу хийж, ямар түүх бүтээхийг нь хэрхэн зурагладаг вэ?
Бид ялгаатай
Хүйсийн эрх тэгш байдлын тухай яриа зөвхөн эмэгтэйчүүд, эсвэл эрэгтэйчүүдэд хамаатай асуудал биш. Энэ бол улс орны нийгэм, эдийн засаг, үр бүтээмжтэй шууд холбогддог сэдэв. Тиймээс өнөөдөр охид, хөвгүүдтэйгээ хэрхэн харилцах, ямар үлгэр дуурайл үзүүлэхээс бид бүгдийн маргаашийн сайн сайхан шалтгаалдаг билээ.
Манай улсын хүн амын 50.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч шийдвэр гаргалт, улс төрийн оролцоо зэрэг чухал асуудалд цөөнх хэвээр байна. Гэр бүл салалтын тоо жил бүр дунджаар 200-аар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие ээжүүдийн тоо жил бүр өсөж, тэд ажлаа ч амжуулж, ар гэрээ ч асарч халамжилж явах ёстой гэсэн хэцүү даалгавартай тулгардаг гэсэн үг. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд ижил түвшинд хөдөлмөрлөх, тэнцүү орлоготой байх, санхүүгийн хараат бус байдлаа нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох боломж хумигдмал болж буй юм.
Нэг хүйсэд дүр өгч, үүрэг оноож, үүнийхээ дагуу шаардлага, шалгуур тавьж, даган мөрдөж бэхжүүлсээр эцэстээ жендэрийн хэвшмэл ойлголт нь бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж, таны үр хүүхдийн ирээдүйг хэлбэржүүлж байна. Хэдийгээр бид хоорондоо биологийн хувьд ялгаатай ч жендэр буюу эр эм хүйсээс, мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаанаас хамаарч нийгэмд үүсэж буй шинж чанар ба боломжуудыг ижил тэнцүү байлгах нь бүгдэд үр өгөөжтэй. Гэвч хэвшмэл ойлголтоос үүдсэн тэнцвэргүй, эрс тэс ялгаатай гараанаас эхэлж буй нь охид эмэгтэйчүүдэд саад тотгор болсоор байгаа нь илт.
Зөвхөн биологийн өөр байдлаасаа болж нийгмийн харилцаанд ороход янз бүрийн бэрхшээл тулгарч буй эмэгтэй, эрэгтэй хүмүүс олон.
Бид ялгаагүй
Монгол Улс Дэлхийн Эдийн засгийн форумын Жендерийн зөрүүтэй байдлын индексээр 2021 онд 156 орноос 69-т, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116-д жагссан бөгөөд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоор дэлхийн болон Азийн дунджаас доогуур үзүүлэлттэй (линк).
2021 оны байдлаар, төрийн албан хаагчдын 61.6% нь эмэгтэйчүүд бөгөөд энэ тоо өсөж буй. Боловсролын түвшнээр ч эмэгтэйчүүдийн хувь эрчүүдийнхтэй харьцуулахад өндөр байдаг. Гэхдээ шийдвэр гаргах түвшний оролцоо гэхээс илүүтэй ажилтан, даргын туслах, нарийн бичиг, арын алба… Өөрөөр хэлбэл, туслах дүр.
Шийдвэр гаргах түвшинд нэг хүйсийнхэн давамгайлж байгаа цагт нийгмийн бүх бүлэгт ээлтэй, хүртээмжтэй шийдвэр гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Энэ хэрээр эдийн засаг, нийгэм, улс төрийн боломжийг алдсаар байна гэсэн үг. Бид эмэгтэйчүүдийн чадавхыг бүрэн ашиглаж чадахгүй байгааг ойлгох цаг нь болжээ.
Олон Улсын Валютын сан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүйсийн тэгш байдлыг хангах нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг тухай болохыг хэдийн баталсан. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлснээр эдийн засгийн бүтээмж, үр өгөөжийг хамгийн багадаа 20-30% нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгааг “Harvard Business Review” танилцуулсан нь бий.
Хүн бүр хүйсээсээ үл хамааран сайн сайханд тэмүүлж, хүсэл зоригоо хэрэгжүүлж, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт бүтээхийг эрмэлздэг. Энэ нь эргээд нийт нийгмээ сайжруулж, урагшлуулж байдгийг судалгаанууд бэлхнээ хэлж байна. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн, охид хөвгүүд бүгдээрээ ялгаагүй тэгш эрхтэй бөгөөд ижил гараанаас эхлэх, нөхцөл боломжийг нь тэнцүүлэхэд хүн бүр санаа тавихын учир энэ.
Оролцъё, төлөөлье!
“Та охиноо Ерөнхийлөгч болж чадахгүй гэж хэлж чадах уу?” гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асууж байна. Та үүнд юу гэж хариулах вэ?
Сүүлийн хоёр сонгуулиар УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 17 хувь болж өссөнөөр нийт 13 эмэгтэй гишүүн парламентад сууж байна. Гэхдээ энэ тийм ч өндөр үзүүлэлт биш юм. Сайд нарын түвшинд гурав нь л эмэгтэй байна гэдэг бас л чамлалттай дүн. Иргэд тэднийг хэн нэгний хүн хэмээн тодорхойлдог талаар УИХ-ын гишүүн асан, Байгаль орчин, аялал жуулчлал, спортын сайд асан Ц.Оюунгэрэл нэгэн ярилцлагадаа дурдсан удаатай. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг өвөөгийнхөө нэр хүндээр албан тушаалд очсон ч гэж ярьдаг. Үүнээс харвал бид эмэгтэйчүүдийг хийсэн эсвэл хийх гэж буй ажлаар нь бус хэвшмэл ойлголтоор түлхүү харахыг “хүсдэг”.
Ирээдүйд шийдвэр гаргах эрхтэй олон охид торниж байна. Гэтэл бид охид, хөвгүүдээ хүйсийн ялгааг гааруулсан хэвшсэн ойлголтоор хүмүүжүүлж, эрэгтэй, эмэгтэй гэсэн том заагийг нийгэмд байлгасаар байгаа нь бүх шатны албан тушаал, хөдөлмөр эрхлэлтэд хаалт үүсгэж буй нийгмээрээ ойлгох хэрэгтэй болжээ.
Иймд оролцоог ойртуулъя. Төлөөллийг нэмэгдүүлье. Эцэст нь хэлэхэд, та охиндоо “Чи чадахгүй” гэж хэлнэ гэж үү?!