АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс уул уурхай дагасан авлигын талаар мэдээллээ.
УУЛ УУРХАЙН ОРЛОГЫН 90 ХУВЬ НЬ ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧДИЙН ХАЛААСАНД ОРЖ БАЙНА
АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон “Өнөөдөр Монгол улсад 2582 ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ олон орд газруудыг ашиглаж ирсэн ч, гадаад өрнийнхөө хэмжээгээр нэг хүнд 30 сая төгрөг оногдож байна. Энэ уул уурхайн үр ашиг нь хэнд зориулагдаж байна вэ? Уул уурхайгаас олж байгаа орлогын 90 хувь нь лиценз эзэмшигч нэртэй гадна дотнын хувь хүмүүс, компанийн халаасанд орж байна. Ойролцоогоор арав орчим хувь нь улсын төсөвт орж байна. Нөхцөл байдал ийм байхад үүнд дүн шинжилгээ хийж, уул уурхайн үр өгөөжөө ард түмэндээ хүртээ.
Монгол улсад хүртээмжтэй, хөгжилд нэмэртэй байх асуудлаа шийдээгүй байж, лицензийн тоог нэмэгдүүлэх асуудал ярьж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гуравдугаар зүйлд Монгол улсын ашиглалтын болох хайгуулын лицензийн тоог нэмнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтаар болон өргөдлөөр лицензийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан байна” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН ДИЙЛЭНХ ХУВЬ НЬ “30 ГЭР БҮЛ”-ИЙН МЭДЭЛД ОРЖ БАЙНА
Монгол улсын зөвлөх инженер, судлаач С.Арслан “Би 50 гаруй жил метал боловсруулалт, хүнд үйлдвэрлэл, эрдэс баялгийн чиглэлд ажиллаж байна.
Би 2008-2021 оны маш нарийн судалгаа хийсэн. Он оноор нь. Бид юу гаргаж, юу авч байна гэж. 2008 оноос манай эдийн засаг уул уурхайтай хамаатай болсон. Бид есөн нэр төрлийн гол бүтээгдэхүүнд судалгаа хийсэн. Үүнд, төмрийн хүдэр, зэс, цайр, молибден, жонш, алт, нүүрс, газрын тос зэрэг орно. Үүнээс үзэхэд 2008-2021 онд экспортод нийт 143 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс улсын төсөвт орсон нь 22 их наяд төгрөг. Үлдсэн 121 их наяд төгрөг улсын төсөвт ороогүй. Тэр хаачсан бэ?. Ерөөсөө л эрдэс баялаг экспортолдог хүмүүсийн, компаниудын мэдэлд очсон. Өөрөөр хэлбэл, арав орчим хувь нь улсын төсөвт ордог. Дийлэх хувь нь манайхны ярьдгаар “30 гэр бүл”-ийн мэдэлд очсон. Энэ бол үнэхээр аймшигтай тоо.
Өнөөдөр манай улсын гурван хүн тутмын нэг нь нэн ядуу. 50-60 хувь нь тогтмол ядуу байна” гэв.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.