Манай улсад хорт хавдар “залуужиж”, өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн онд 0-19 насны 115 хүүхэд хавдраар оношлогдож, 55 хүүхэд эндсэн байна. Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, ходоодны хорт хавдраар хоёрдугаарт, нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт орж байна гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд, Монголчуудын хамгийн их алддаг зүйл нь амьдралын хэв маягаа өөрчилдөггүй, хооллолтондоо анхаардаггүй, хүнсний буруу сонголт хийдэг зэрэг үйлдлүүд бие махбодь өвчлөхөд нөлөөлж байна гэж шим тэжээл судлаачид анхааруулж байна. Тиймээс бид хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг “Е” элементийн сөрөг нөлөө болон хүнсээ сонгохдоо юунд анхаарах тухай “Five up” рестораны ерөнхий тогооч Д.Буянтай ярилцлаа.
Е ЭЛЕМЕНТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ ШАЛТГААН
Бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний найрладагад "Е" элемент орсон байх нь түгээмэл. Шошгон дээр бичээстэй байдгийг ч та бүхэн анзаарсан биз ээ. Тэгвэл энэ нь хүний биед ихээхэн сөрөг нөлөөтэйг мэргэжилтэн анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүнсийг удаан хугацаагаар хадгалахын тулд ийм бодис хэрэглэдэг. Тухайн бодис нь шууд нөлөө үзүүлэхгүй ч гэлээ аажмаар биед сөрөг үр дагаврыг авчирдаг байна. Энэ талаар тогооч Д.Буян “Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах 24 аргачлал байдаг. Түүний нэг нь химийн элемент юм. Дэлхий даяарх нийт E элементийг Е100 – Е2000 хүртэл ангилсан байдаг. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд Е элемент агуулагддаг. Энэ нь үнэр, өнгө, амт, хугацааны горим, бүтэц өөрчлөх зэрэг янз бүрийн аргачлал бий. Хортой хоргүй эсэхээр нь эрэмбэлж хүнсэндээ хэрэглэх ёстой. Харамсалтай нь, манай улсад энэ талын хяналт сул, нэгдсэн судалгаа байдаггүй.
“Е” ЭЛЕМЕНТ ХАРШИЛ ҮҮСГЭДЭГ
“Е” элемент агуулсан бүтээгдэхүүн нь хорт хавдах үүсгэх, харшилтай болгох гэх мэт сөрөг нөлөөтэй. Олон жил ийм хүнс хэрэглэснээр эмний хамааралтай болно. Одоо ч тодорхой хэмжээнд сөрөг нөлөө нь харагдаж байна. Хорт хавдар залуужиж, ихэссэн. Энэ маш том асуудал. Хүн бүр ухаалаг утастай. Интернетээр хайхад л бүх тайлбар нь гараад ирнэ. Бид худалдан авалтдаа анхаарч, маш зөв хий хэрэгтэй.
“Е” элемент агуулсан бүтээгдэхүүнийг боловсруулах арга нь өөр өөр байдаг. Жишээлбэл, шарж болгох, жигнэх гэх мэт. Боловсруулах арга нь савалгаан дээр бичээстэй байдаг. “Хэрвээ та үүнийг шарж идвэл хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй. Жигнэж идээрэй” гэх мэт заавар нь байдаг. Манай улсын иргэд шошго уншдаггүй, хадгалах хугацаа хардаггүй сул талтай. Дэлгүүрүүд Монгол тайлбар наадаггүй. Энэ нь тухайн бүтээгдэхүүний хэл мэдэхгүй иргэдэд хүндрэл учруулдаг” гэсэн юм.
ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТООН ТЭМДЭГЛЭГЭЭ
Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээ /Е код/-оор дараах байдлаар ашигладаг.
- Будагч бодисууд /Е100-199/ бүтээгдэхүүнийг өнгө оруулах буюу өнгийг сэргээж тодотгох, байгалийн өнгийг нь далдлах зорилгоор хэрэглэдэг.
- Консервантууд /Е200-285/ бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн хөгц нян, бактери мөөгөнцрөөс хамгаалах, дарсны боловсруулалтад ордог. 2008 оноос Европын холбооны улсуудад хориглосон. Ингэснээр хорт хавдар эрс буурсан.
- Антиоксидантууд /Е300-385/ – бүтээгдэхүүнийг исэлдэх, гашлахаас хамгаалдаг. Е300/аскорбины хүчил/ 300-303- махан консерууд, хиаман бүтээгдэхүүнүүд, загасан консерв, жимсний чанамал, чихэр, бохь, шар айраг, сироп, жүүс, жимсний цайнд агуулагддаг. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг.
- Тогтворжуулагч, өтгөрүүлэгч бодисууд /Е400-499/ бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалахад тусалдаг.
- .Бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулагч /Е600-699/
- Хөөс буулгагч /Е900-999/ болон бусад бодисууд Е1000-1521 хөөс үүсэхээс сэргийлэх буюу хөөс үүсэхийг бууруулагч, бүтээгдэхүүнийг хөвсгийлөгч бодисууд.
Энэ төрлийн нэмэлт бодис орсон бүтээгдэхүүнээс дэлхий даяар татгалзаж эхлээд байна. Тиймээс манай улс ч хүнсний аюулгүй байдлын асуудалдаа онцгой анхаарах нь зүйтэйг мэргэжилтэн бидэнд сануулсан юм.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.