Цахимаар үл таних гадны хүнтэй холбоо тогтоож, улмаар “дурлаж”, тухайн хүнтэй гэр бүл болохоор шийдсэн эмэгтэйчүүд цахим залилангийн хохирогч болж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ төрлийн хэргийг “романс залилан хэмээн нэрлэдэг байна. Ингэхдээ залилагч этгээдүүд эмэгтэйчүүдтэй цахимаар тогтмол харилцаа тогтоож, Монголд ирж хамт амьдрах тухай санал тавьдаг байна. Цаашлаад, Монгол очихын тулд мөнгө шилжүүлэхийг хүсдэг бөгөөд зарим тохиолдолд “их хэмжээний мөнгө шилжүүлье, шимтгэлээ явуулаарай” гэх хүсэлт ирүүлдэг ажээ. Ингээд, энэ харилцаандаа итгэсэн эмэгтэйчүүд мөнгөө шилжүүлж хохирдог. Нэр зураггүй, тодорхой хаягтай этгээдэд залилуулсан 4-5 хүн өдөр бүр цагдаагийн байгууллагад хандаж байгааг анхаарууллаа.
Хамгийн сүүлд малчин эмэгтэй О нь АНУ-ын иргэнд залилуулж, 78 мянган доллар буюу Монгол мөнгөөр 240 орчим сая төгрөгөөрөө хохирчээ. Тухайн этгээд нь Монголд очиж хамт амьдарна гэх зэргээр Фэйсбүүкээр ятгаж, хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлж авсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч Д.Энхчулуун “Романс гэмт хэрэг үйлдэгчид нь өөрийн бичсэн өгүүлбэрээ Google translate ашиглаж орчуулсан байдаг. Хонгор минь чамтай хамт амьдарна, өөрт чинь би сэтгэлтэй болсон, түр хугацаанд мөнгө зээлээч гэх зэргээр эмэгтэйчүүдийг залилдаг. Ийм төрлийн ятгалганд битгий итгээрэй” гэж иргэдэд анхааруулъя” гэлээ.
Олон улсад "ROMANCE SCAM" гэж нэрлэдэг энэ гэмт хэргийг үйлдэгчид нь хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, урт хугацааны туршид харилцаа үүсгэдэг байна. Улмаар, дансаараа дамжуулан мөнгө авч хохироодог байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 5523 удаа бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,3 дахин өссөн үзүүлэлт юм байна. Харин романс залилангийн гэмт хэргийн тухайд өдөрт 4-5 удаа бүртгэгдэж байгааг сануулсан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.