Эрх баригч МАН төрийн эрхийг барьснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, туулах ёстой замынхаа тэн хагаст ирсэн гэж хэлж болно. Гэвч тэд амлалтаа биелүүлсэн үү, алдаагаа зассан уу гэдэг нь анхаарал татаж байна. УИХ, Засгийн газар үнэ өссөн энэ үед ямар бодлого баримтлах хэрэгтэй талаар бид иргэдийн байр суурийг сонссон юм. Ажилгүйдлийг бууруулж, иргэдийн орлогыг шат дараатай нэмэгдүүлэхэд анхаарч өгөх хэрэгтэй байгааг тэд хөндөж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭНД ИТГЭХГҮЙ БАЙНА
Иргэн Ч.Оюунцэцэг “Ажилгүйдэлтэй тэмцэх хэрэгтэй. Үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох хэрэгтэй. Төр засагт итгэх итгэл үнэндээ алга. Учир нь, шударга бус байна. Төрд асуудлаа хэлээд хэлээд ойлгохгүй, арга хэмжээ авахгүйгээс хойш өөрсдөө л яаж сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг аргаа боддог болж байна.
Идэж байгаа хоол хүнс ч баталгаагүй боллоо. Хугацаа нь дууссан, хөгзөрсөн бүтээгдэхүүн дэлгүүрт зарагдаж байдаг. Мэргэжлийн хяналт, шалгалт нь хаагуур явдаг юм мэдэхгүй. Итгэх газар алга. Эмнэлэг, шүүх, цагдаа, мэргэжлийн хяналтад итгэх хэцүү. Хажуу хүндээ ч итгэхэд хэцүү болоод байна.
Хамгийн гол нь, шударга ёс байхгүй. Шүүгч нь, төр засаг нь шударга бус. Хичнээн хүсэлт гаргаж, санал тавиад, босож тэмцээд ч нэмэргүй. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үнэн.
Сүүлийн үеийн залуусын үзэл бодол, хандлага, ажил хийж байгаа нь маш мундаг байна. Энэ улсыг аваад явах, сэтгэх залуус байна. Гэтэл томчууд нь байраа тавьж өгөхгүй, хаагаад суугаад байна. Хааж, суугаад хийж болно. Гэтэл юу ч хийхгүй байна.
ХҮНСНИЙ АСУУДАЛД ТӨР АНХААРАХГҮЙ БАЙНА
Иргэн Л.Цэцгээ “Хүнсний асуудалд анхаараасай. Үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөмөөр байна. Эмээлтийн махны үйлдвэрийн нэг мөр хаах хэрэгтэй. Түтгэлзүүлье, лацдая гэхийн оронд бүр хаамаар байна. Дотооддоо нөөцийн махаа бэлдвэл ядаж аюулгүй, хүүхдүүд арай эрүүл хүнс хэрэглэх болов уу.
Хүнсний аюулгүй байдлын хуулиа чангатгамаар байна. Охидод ариун цэврийн хэрэгсэл өгнө гэж яриад байгаа хүмүүст хүнсний аюулгүй байдлаа хамгаалаач гэж хэлмээр байна.
ҮНИЙН ӨСӨЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
Иргэн Н.Амаржаргал “Үнийн өсөлт хэрээс хэтэрлээ. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсөж байна. Өнөөдөр бидний авч байгаа цалин ямар билээ. Хэдэн хувийг нь татвар авдаг билээ. Бүгд өр зээлдээ баригдаж дууслаа. Юун үр хүүхдэдээ чанартай хүнс ногоо, жимс идүүлэх. Өнөөдөр идэх хоол, мах, гурилтайгаа байвал баярлах хэмжээний ядуу амьдарч байна. Төр ингэж төмөр нүүрээ харуулж байна.
ТАТВАРЫН МӨНГИЙГ ШИНЖЛЭХ УХААНД ЗАРЦУУЛ
Иргэн Б.Болдсайхан “Төр бидний төлсөн татварын мөнгөөр боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулмаар байна. Хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал барьж, зам засах нэрийдлээр зүгээр байгаа зам хуулна. Өөр өчнөөн тулгамдаж байгаа асуудал байна. Иймэрхүү хэрэггүй зүйл хийнэ гэвэл татвар төлөх шаардлага алга”.
Иргэдийн дийлэнх хувь нь:
- Хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын нэмэгдүүлэх шаардлагатай.
- Үнийн хөөрөгдлийг бууруулах,
- Татварыг шаардлагатай, зөв зүйлд зарцуулах,
- Шударга, ёс зүйтэй байх,
- Үйлдвэр байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж байна.