“Малын гүзээг боловсруулж, савхин зангиа хийлээ. Ганц хоёр ширхийг халааслаад Японд очтол булаацалдаад авчихаж билээ” гэх судлаачийн үг санаанаас ер гардаггүй юм. Яг л энэ жишгээр, үхрийн эврээр сам, ясаар товч хүртэл хийж болдог байтал Монгол Улс нөөцөө өнөө хэр нь яагаад ашиглаж чадахгүй байна вэ?…”
Монголчууд идэж уух, өмсөх зүүхээ гаднаас царайчлахгүй амьдрах боломж бүрэн бий. Гэвч бид малын гаралтай түүхээ бүрэн ашиглаж чадахгүй байна. Бүр, жилд 10 мянган тонн малын дайвар бүтээгдэхүүнийг булж устгадаг гэхээр хэтэрхий цамаан, “баян цатгалан” орон мэт. Үйлдвэрлэл хөгжүүлэх боломж шийдлийн талаар бид Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Баярсайхантай ярилцлаа.
ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Монголчууд малаас хаях юм байхгүй. Амьсгалаас нь бусдыг ашигладаг гэдэг. Өнөөдөр арьс ширний салбарынхан энэ боломжийг хэрхэн ашиглаж байна вэ?
Манай улс 10-15 сая мал нядалдаг судалгаа бий. Үүнээс 5-7 сая малын арьсыг хагас боловсруулаад БНХАУ руу экспортолдог. Үлдсэн 8 сая арьс шир нь дотоодын 30 гаруй үйлдвэрт очдог. Үүнээс 6 сая гаруй хонь, ямааны арьс, 15-30 мянга нь тэмээ, 250 мянга орчим нь адуу, 500 мянга орчим нь үхрийн шир байдаг. Бид нийт арьс ширнийхээ 90 орчим хувийг хагас боловсруулдаг. Харин бэлэн бүтээгдэхүүний 100 гаруй үйлдвэр байна. Энэ үйлдвэрүүд жилд нийт 1 сая ширхэг хос гутал үйлдвэрлэж байна.
Цар тахлын үед бидэнд импортоос хараат байхын зовлонг багагүй мэдрүүллээ. Өнгөрсөн хоёр жилд та бүхэн ямар эрсдэлтэй нүүр тулав?
Цар тахлын үед гэнэт зарласан хөл хорио бидэнд багагүй хүндрэл дагуулсан. Энэ салбар өөрөө дамжлагаар явдаг учраас арьс боловсруулах шатанд нэг л зогсвол тухайн арьс ширийг дахин ашиглах боломжгүй болдог. 2020 оны сүүлч, 2021 оны эхээр тавьсан хөл хорионы улмаас нэг үйлдвэр л гэхэд 30 орчим сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэхдээ том зургаар нь хараад үзвэл, арьс ширний үйлдвэрлэлийнхэнд боломж нээсэн өдрүүд өнгөрч байна. Учир нь, хил хаагдсанаар “Made in Mongolia” гэсэн хуурамч шошготой, хуурамч бүтээгдэхүүн орж ирэхээ байчихсан. Ингээд бид “Монголчууд өөрсдөө гутал хувцасаа хийж чаддаг. Биднээс худалдаж авах боломжтой шүү” гэдэг уриалгыг ард түмэнд хүргэж чадсан болов уу гэж харж байна.
ОУВС Монгол улсын эдийн засаг энэ онд ердөө ганцхан хувиар өснө гэж зарлалаа. Өсөлтийн таамгаа буурууллаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд “байдал хэцүүдэх нь ээ” гээд ээлж дараалан анхааруулж байна. Ийм нөхцөлд бизнесийнхэн өндийхөд амаргүй байгаа болов уу?
Хэлээд юу гэх вэ. Өнөөдөр ч хил дээр шаардлагатай материалууд гацчихсанаас авахуулаад тоочвол олон асуудал байна. Гэхдээ бид үүнийг давж гарах ёстой. Өнөөдөр жилд 20 мянга орчим савхин эдлэл үйлдвэрлэж байна. Дараа жил үүнийг 30,40 мянгад хүргэхийн төлөө л явна. Гэхдээ нэг зүйл дээр очоод гацчихаж байгаа юм.
Хөнгөлөлттэй зээл тусламж уу?
Биш. Зээл хэрэгтэй юу гэвэл тийм. Гэхдээ бидэнд дотоодын зах зээлээ хамгаалах хууль эрхзүйн орчин дутагдаж байна. Монгол улс Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг хуульгүй орон шүү дээ. Юун түрүүн бид энэ талын зохицуулалтаа хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр импортлогчид татвараас зайлсхийж, бараагаа нуугаад оруулаад ирж байна. Хямд материалтай, далд эдийн засгаас гарч ирсэн бараагаа мэдээж хямдхан зарна. Ингээд бид дотоодын гутал чанартай шүү гэж мянга орилоод нэмэргүй болж байгаа юм. Хүмүүс мэдээж, үнэ хямдыг нь сонгоно шүү дээ. Энд маш ноцтой юм яваад байдаг юм.
За.
Манай улсын гутлын жилийн хэрэглээ 6-9 сая ширхэг. Жилд ийм тооны гутлыг бид өмсөж эдэлдэг байх нь. Гэтэл гаалийн мэдээг харахад, 1 сая ширхэг гутал л орж ирсэн байдаг. Үлдсэн гутлыг нь яаж авчирсан болж таарах вэ? Татваргүй барааг, нууж, өвөр түрийндээ нууж оруулж ирчихээд дотоодын зах зээлийн орон зайгаа булаагаад байдаг гажуудлыг л даруй өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Бүгд ижилхэн татвараа төлөөд зах зээлийн зарчмаараа явмаар байна шүү дээ. Гадны улсад Гаалийн бүрдүүлэлтийн алба, татварын алба хоёр нь нийлээд шалтгалт явуулдаг. Гэтэл манай улсад гадны хэн дуртай нь орж ирээд л, татвар төлөхгүй гараад явчихдаг нь нийтлэг байна шүү дээ. Бас, аль нэг салбарыг сонгож хөнгөлөлт үзүүлдэг байж болохгүй. Бизнес шударга зарчим дээр тогтох ёстой. Ингэж байж эдийн засаг тунгалаг болно.
АРЬС ШИРНИЙ САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЛТАЙ БАЙНА
Залуус хүнд нөхцөлд ажиллахыг хүсэхгүй байна. Үйлдвэрлэлийн бодлого хүний нөөцдөө тушигдаад байх шиг. Та бүхэн хүн хүчээ сургаж бэлтгэхэд хэрхэн анхаарч байна вэ?
Арьс ширний салбар цалин багатайд орохгүй. Энд ажлын байр хангалттай байна. 2012 оноос хойш манай салбарынхан нийт тоног төхөөрөмжийнхөө 80 хувийг шинэчилсэн. Үүнтэй холбоотойгоор маш олон шинэ ажлын байр бий болж байна. Автоматикийн инженер, механик инженер гэх мэтээр мэргэжилтэй хүн ирвэл боловсруулах үйлдвэрүүдэд ажиллах орчин нь бэлэн байна. Сүүлийн үед АНУ, БНТУ, БНСУ-д суралцсан залуус ажиллахаар ирж байна. Бид хоёр залууг Турк улсад сургасан. Ойрын хугацаанд 2-4 хүнийг сургахаар зорьж байна. Дотоодын сургалтын тухайд Монгол, Солонгосын Политехник коллеж, Урлах Эрдмийн дээд сургууль зэрэг сургуулиуд чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байгааг онцлох хэрэгтэй.
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖИЛД БҮҮ ОРОЛЦ, ЗАХ ЗЭЭЛЭЭ Л ТЭЛЭЭД ӨГ!
Засгийн газар Шинэ сэргэлийн бодлого хэрэгжүүлэхээ зарлалаа. Дарханы арьс шир боловсруулах цогцолбор баригдсанаар дотоодын үйлдвэрлэл хөгжих нэг хөшүүрэг болно гэж харж байна уу?
Үйлдвэр шинээр бий болно гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ бол төрийн хийх ёстой ажил биш. Төр нь гадаад, дотоод бодлогоороо дамжуулаад зах зээлээ тэлж, харин үйлдвэрлэл нь бизнесийнхээ зарчмаар явах л ёстой. Түүнээс биш, төр нь давхиж орж ирээд үйлдвэр нээнэ, парк байгуулна гэдэг зохимжгүй л дээ. Зах зээлээ тэлээд л өгчих л дөө. Бидэнд боломж байна шүү дээ.
Экспортын боломж хоёр хөршөөр хязгаарлагдахгүй болов уу?
Мэдээж. Гэхдэ хамгийн ойр боломж нь БНХАУ болон ОХУ. Сүүлийн 30 жилд бидэнд хойд хөрш ОХУ-ын боломж хаалттай байлаа. Сибирийн арьс ширний уламжлалт зах зээл бол Монголын арьс ширний уламжлалт зах зээл шүү дээ. 1990-ээд оны дунд үе гэхэд бид нэг жилд 200 мянган нэхий дээл ОХУ руу гаргаж л байсан. Харин одоо бид ОХУ руу экспорт хийхэд малын гаралтай түүхий эд гэдэг утгаараа Гаалийн онцгой албан татвар нь 25 хувь байдаг. НӨАТ-ийн татвар 17 хувь, үүн дээр нэмээд ашгийн татвар авна. Нөгөө нэг боломж нь БНХАУ-ын ӨМӨЗО. Гэхдээ БНХАУ дотоодын зах зээлээ хамгаалдаг орон учраас өндөр татвар тогтоодог. Гутлаар жишээ авахад, түрийтэй гутланд 120 юань, түрийгүй гутланд ноогдуулах импортын татвар 60 юань байдаг. Ийм татвар төлөөд бид том зах зээлд нэвтрэхэд багахан хэмжээний л ашиг унадаг. Тэгэхээр төр гадаад зах зээлээ тэлэх, нөгөө талаар импортыг хязгаарлах зохицуулалт хийх өгөх чухал.
ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БОДЛОГО ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХӨД СААД БОЛЖ БАЙНА
Төрийн тогтворгүй бодлого та бүхэнд хэр зэрэг саад бэрхшээл дагуулж байна вэ?
Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын “дундаж наслалт” 1,7 жил байна. Засгийн газар, сайд дарга нар солигдох тоолонд бодлого өөрчлөгдөж, ажил саатаж байна. Сайд нь салбартайгаа дөнгөж танилцаж эхэлж байтал огцруулаад явуулчихдаг. Дахиад л цоо шинэ хүн ирдэг. Ингэмээргүй байна. Монгол улс үйлдвэрлэл хөгжүүлье гэж зорьж л байгаа юм бол төрийн бодлого уялдаатай байх ёстой. Салбарынхаа мэргэжилтнүүдийг цуглуулж байгаад нэгдсэн бодлого гаргамаар байна. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гээд 2012 оноос хойш л ярилаа. Гэтэл ажил хэрэг болж чадахгүй өдийг хүрлээ. Юу юугүй нүүлгээд унах вий” гээд үйлдвэрлэлээ томруулж өргөжүүлж ч чаддаггүй, харзнасан байдалтай олон жил боллоо. Засгийн газрын 73 дугаар тогтоолоор үйлдвэрүүд бага оврын цэвэрлэх байгууламжтай байхаар заасан. Бид ч үүнийг дагасан. Бага оврын байгууламжийн өртөг нь багадаа 1 тэрбум төгрөг шүү дээ. Тэгэхээр, нүүлгэвэл нүүлгээд, үгүй бол үгүйгээ хэлээд үйлдвэрлэлээ тэлэх боломж олгож өгмөөр байна.
Төр юунд анхаарах талаар дээр голлон ярилаа. Одоо арьс ширний үйлдвэрлэл явуулахад ААН-үүдээс өөрсдөөс нь, бас түүхий эд нийлүүлэгчдээс шалтгаалсан асуудал юу байна вэ?
Төр гэж ярихаас өмнө бэлтгэн нийлүүлэгчдээс шалтгаалсан нэг асуудлыг хөндмөөр байна. Бид арьс ширээ зөв бэлтгэж сурах хэрэгтэй. Арьсан эдлэл хийх арьс ямар нэг зүсэлт, гэмтэлгүй байх ёстой. Гэтэл мал нядлахдаа хаа хамаагүй зүссэнээс болж, жилд 1 сая ширхэг арьс шир хог дээр хаягдаж байна. Үйлдвэр дээр ирээд гологдол болоод л гарчихаж байгаа юм. Үүний бас нэг шалтгаан нь Монгол мал хачиг зэрэг шимэгч амьдад “бариулчихсан” байна. Уг нь, Монгол арьс шир чанартай түүхий эд дэлхийн аль ч улсад байхгүй. Жишээ нь, Монгол ямааны арьс бат бөх зузаан, хониных зөөлөн сунамтгай, хилэнлэг, тэмээнийх бат бөх, адууны шир гоёлын гутлын маш сайн түүхий эд болдог гэх мэт. Тиймээс бид энэ боломжоо ашиглаж, малаа эрүүлжүүлдэг, угаалгаа хийдэг, шимэгч хорхойн эсрэг ажлаа дорвитой хийх л чухал байна. Өнөөдөр дэлхийн олон орноос бидэнд нэг, хоёрдугаар зэргийн арьсны захиалга ирж байна. Гэтэл бидэнд гурав, дөрөвдүгээр зэргийн л арьс байна. 1000 ширхэг арьсан дотроос 200 ширхэг арьс л чанарын шаардлага хангаж байна шүү дээ. Энэ бол сүүлийн 30 жилд манай улсын мал эмнэлэг, үржлийн бодлого алдагдсаны илрэл.
Малын үүлдэр угсаагаа сайжруулах нь гол асуудал болжээ гэж анзаарлаа.
Тийм ээ. Өнөөдөр нарийн ноостой хонь Монголд бараг л байхгүй болж байна. Чин үнэнийг хэлэхэд, бид аргаа барахдаа нарийн ноост хонины ноосыг килограммыг нь 30 мянган төгрөгөөр гаднаас авч байна шүү дээ. Жишээ нь, ийм ноосоор, цэрэг цагдаагийн хувцасны зах хийдэг юм. Бид ийм ноосыг ОХУ, Австрали, Европын холбооны улсуудаас биш, дотоодоосоо л авдаг баймаар байна.
БИД ЯСААР ТОВЧ, ҮХРИЙН ЭВРЭЭР САМ ХИЙЖ БОЛОХ ШҮҮ ДЭЭ
Зөвхөн мах, арьс ширээр хэмжихдэхгүй нөөц боломж бидэнд бий. Зах зээлийн тооцоо судалгаа хийж үзэв үү?
Бид өнөөдөр ясаар товч, үхрийн эврээр сам хийхгүй л байна. 10 сая мал нядлаад, 40 сая шийр хаяж байна шүү дээ. Гэтэл үүгээр гадны улс орнууд сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна. Асар их желатин, коллагеныг бид зүгээр л хаячихдаг нь харамсалтай. Төр бодлогоо хаашаа чиглүүлэх вэ гэдгийг ганцхан жишээ нь л энэ.
Бид жилд 150 тэрбум төгрөгийн түүхий эд нийлүүлдэг байлаа. Үнийн өсөлтөөс шалтгаалаад, өнөөдөр энэ үнэлгээ 75 тэрбум төгрөг болж, хоёр дахин буурсан. Бид арьс ширнийхээ 80-90 хувийг гүн боловсруулж чадвал жилд 200 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой. Үүнийг дагаад 15-20 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой. Өнөөдөр манай улс жил 1 сая ширхэг хос гутал үйлдвэрлэж байна. Хэрэв энэ тоог 3 саяд хүргэвэл бүх арьс ширээ дотооддоо бүрэн боловсруулдаг болно. Жилд 500 мянган арьс шир боловсруулаад, аймаг бүрт гутлын жижиг үйлдвэр барих боломж бий. Жишээ нь, Увс аймагт гутлын үйлдвэрийг кластер байдлаар хөгжүүлбэл хилийн цаахна талд ОХУ-ын Тува улс гэдэг том зах зээл байна шүү дээ. Ийм л боломжуудаа ашиглаж байж бид үйлдвэрлэгч орон байна. Өнөөгийн мухардлаас гарна.
Ярилцсанд баярлалаа