БНХАУ “Тэг ковид” бодлого барьж байгаатай холбоотой манай улс Хятадруу нүүрсээ экспортолж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ талаар Гадаад хэргийн сайд дипломат харилцаа тогтоох гэж, хил гаалийнхаа асуудлыг шийдэхээр өдөр бүр ажиллаж буй талаар мэдээлсэн. Ингэхдээ ГХЯ байж болох хамгийн сайн түвшинд ажиллаж байгаа талаар хэлсэн юм.
Бид Хятад судлаачаас манай улс яаж ажиллавал нүүрсээ илүү сайн экспортолж, ямар бодлогын хүрээнд ажиллавал зохимжтой талаар болон Хятадын нөхцөл байдлыг тодрууллаа.
Энэ талаар Хятад судлаач Ч.Сумъяа, “Хятадын дотоодод өвчний байдал нэлээн хүндэрч байна. Шинэ төрлийн коронавирус гарсан. Энэ нь хил боомтын асуудал дээр нөлөөлж байгаа юм.
Хоёр асуудал байна. Нэг нь Монголын тал экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Харин Хятадын тал дотоодын асуудлаа цэгцлэх сонирхолтой. Хятадад нүүрсний эрэлт хэрэгцээ байгаа нь үнэн. Гэвч дотоодод нь эдийн засгийн асуудал ч хүнд байна. Эрчим хүчний асуудал дээр өөрсдийнхөө асуудлыг шийдэх сонирхол байна гэсэн үг.
Хятад нүүрсээр ядмаг нөөц баялаггүй улс биш. Тиймээс нүүрс импортоор авахад үнэ хамаарна. Нүүрсний үнэ өндөр байгаад ирэхээр гаднаас авах нь тэдэнд алдагдалтай болоод ирнэ шүү дээ. Одоо Хятад нүүрсээ дотоосоо авах бололцоо бүрдэж байна. Олборлох зардал боломжийн болоод ирж байгаа гэсэн үг. Өвөрмонгол болон бусад мужуудад уурхай нээж байгаа юм.
Энэ үед бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт томоохон хэлэлцээр хийх хэрэгтэй байгаа юм. Хятад стратеги төлөвлөгөөтэй улс. Жилдээ 300 сая тонн нүүрс гаднаас импортолдог байхад Монголоос хэдийг авах вэ гэдгээ тодорхойлох чухал юм. Энэ нь 3-5 жилийн ч юм уу урт хугацаанд байвал зүгээр. Тэр гэрээ хэлэлцээр нь улс төрийн хэмжээнд явж чадвал яваандаа манайхаас авах нүүрсний хэмжээ ойлгомжтой болох болов уу гэж харж байна.
Нөгөөтэйгүүр манайд өнгөрсөн жил нүүрсний олборлолт дээр асуудал байсан шүү дээ. Үүнээс болж өнөөгийн асуудал үүссэн байх. Хятадын талаас яривал хуурай газрын гурван том боомт бий. Нэг нь Манжуур, Эрээн, Казахстаны боомт. Үүнээс харвал, Монголын боомт сайн явж байгаа харагддаг. Өнөөдрийн нөхцөл байдал, нэвтрүүлэх хүчин чадал нь хуучин технологитой байгаад байна. Хоёрт боломж бололцоо муу байна. Түүнээс хамаараад өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа шүү дээ” гэв.