Бид банкийг зөвхөн зээл олгодог төдийгөөр хардаг. Гэтэл арилжааны банкнууд харилцагч нартаа санхүүгийн зөвлөгөө үзүүлэх, технологийн нээлттэй боломжоор хангах, хамтарч томоохон төслүүд хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажилладаг талаар Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадралтай ярилцлаа.
Зочин хөтлөгч:
1. “Монполимет групп”-ийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан
2. “Премиум групп”-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг
“Голомт банк нээлттэй банк болсноороо зөвхөн зээлийн хувьд дахиад 30-40 хувь зээл гаргах боломжтой болж тэлнэ”
-Сүүлийн гурван жил үргэлжилсэн ковидийн хямралтай залгаад арилжааны таван том банкийг нээлттэй болох хуулийн төсөл батлагдсан. Санхүүгийн хямрал үргэлжилж байгаа үед хөрөнгийн бирж дээр IPO гаргах нь та бүхний хувьд хэр том сорилт вэ? Ханш тогтмол өснө гэсэн зах зээлийн боломж бий юу?
Манай банкны хувьд үүнийг шахалт гэж үзэхгүй байгаа. Бид арав гаруй жилийн өмнөөс олон нийтийн банк болж Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд хувьцаа гаргах бэлтгэлийг хийж байсан. Хувьцааны үнэлгээний хувьд банкнууд одоо дөнгөж үнэлгээгээ хийгээд дуусаж байна. Манай банкны хувьд санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаад, бүх үнэлгээ тайлан бэлэн болсон. Хувьцаа хэр их хэмжээгээр өсөх, хадгалах тал дээр банк болгон өөр. Харилцагчийн бүтэц, ашгийн түвшин, хэр хурдтай тэлэх бааз суурьтайгаас шалтгаалаад хувьцааны ханш банк бүр дээр өөр гарна. Сая инфляц арав гаруй хувь болчихлоо. Хадгаламжийн хүү долоо, найман хувьтай явж байна. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр Монгол компаниас нэг жилийн дотор 200 хувийн өгөөж хүртэж болж байна. Хамгийн ойрхон жишээ, “Түмэн шувуут” ХК жилийн дотор хувьцааны үнэлгээ нь 200 хувь өссөн байна. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа 6.5 хувиар олголоо. Мандал даатгал гэхэд 16.5 хувийн ногдол ашиг тарааж байх жишээний. "Монос" гэх мэт сайн бүтээгдэхүүн, сайн компанийн ханш нугарч өсөж байна. Хөрөнгийн зах зээлд энэ ханшийг бий болгож, арилжааны банкнуудыг гаргаж, хадгаламж, инфляц, мөнгөний зөөлөн бодлоготой байгаа үед хүмүүсийг хөрөнгөө өөр зүйл оруулах гээд цогцоор нь хийж байгаа зөв үйлдэл гэж харж байна. Арилжааны банк хөрөнгийн зах зээл дээр гарах нь бас нэг сайн сонголт бий болно.
-Банкнуудын холбооноос өнгөрсөн жилийн арилжааны банкнуудын тоон үзүүлэлтүүдийг гаргасан. Инфляцтай харьцуулахад хугацаатай хадгаламжийн бодит хүү -7,6 хувь болж буурсан байна. Тэгэхээр иргэд мөнгөө хаана, ямар хэлбэрээр хадгалах ёстой вэ?
Банканд хийж байгаа нь долоо, найман хувийн хүүгээр инфляцаас өөрийгөө хамгаалж байгаа юм. Гэхдээ банк инфляцын 14 хувийг нөхөж чадахгүй. Тэгэхээр хүн хөрөнгөө өөр өөр сагснуудад хийхээс өөр зайлшгүй шаардлагатай болно. Мэдээж Засгийн газрын үнэт цаасны дараа орж байгаа хамгийн найдвартай, эрсдэлгүй бүтээгдэхүүн гэж ярьж байгаа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бол хадгаламж. Гэхдээ хадгаламж инфляцад идэгдэх эрсдэлтэй. Нөгөө талд нь хөрөнгийн зах зээл тэлж байна. Бондын зах зээл бас нэлээн эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр хүн яг энэ хугацаанд доллар дээр, хадгаламж дээр мөнгөө түгжихээс илүү өөр төрлийн хөрөнгө оруулалтын схемүүдийг хараад тэндээ зөв байрлуулах хэрэгтэй болж байна. Хамгийн гол нь эрсдэл, өгөөж хоёрыг зөв харьцуулах ёстой. 25 хувийн хүүтэй,өгөөжтэй бонд байна гэхэд тэр хэмжээгээрээ эрсдэлтэй. Энэ талд нь зургаа, долоон хувьтай хадгаламжтай харьцуулж болохгүй.
-Арилжааны банкнуудыг IPO гаргаад эхлэхээр банкуудын жинхэнэ бодит үнэлгээ тогтоно гэсэн яриа гарч байна. Арилжааны банкуудыг нээлттэйгээр хувьцаагаа арилжаалж эхлэхээр энэ салбарт ямар өөрчлөлт гарах вэ?
Банкуудын үнэлгээний хувьд, арилжааны банкууд тэр дотроо системийн таван том банк байнгын олон улсын том дөрвөн аудитаар аудит хийлгэж байдаг. Өдөр бүр тайлан гаргадаг. Үнэлгээ бол маш бодит. Энэ үнэлгээгээрээ зах зээлд хэр тэлэх вэ гэдэг нь харагдаж байдаг. Хөрөнгийн зах зээлд шинэ тоглогчид буюу шинэ хөрөнгө оруулалт хийх боломжтой маш сонирхолтой бүтээгдэхүүн бий болно гэж харж байна. Учир нь банк бол маш өндөр засаглалын хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг. Зохицуулагч байгууллагаас хяналт тавьдаг. Санхүүгийн хувьд өдөр бүр тайлан гаргадаг, мэргэжлийн боловсон хүчинтэй. Энэ бүгдийг нэгтгэсэн сектор, байгууллага хөрөнгийн бирж дээр гарна гэдэг бол хөрөнгийн зах зээлд маш сонирхолтой шинэ орчин бий болох юм.
-Түрүүлж гарсан IPO хожих уу, туршилт болох уу? Хувьцаагаа илүү өсөлттэй, амжилттай явуулахын тулд үйл ажиллагааныхаа чиглэл, системд өөрчлөлт оруулах уу?
Арилжааны таван банкийг л IPO гарга гэдэг хуулийн шаардлага байгаа. Энэ таван банк нийт банкны системийн 94 хувийг дангаараа эзэлж байна. Ойролцоогоор өөрийн хөрөнгийг бодвол зургаа орчим их наяд төгрөг. Үүнийг хөрөнгийн зах зээлд шууд гаргана гэвэл бас хэцүү. Энэ жилийн хувьд арилжааны банкнууд 5-20 хувийг гаргаж байх шиг байна. Үүнийг хөрөнгийн зах зээл даах боломж байгаа. Хуулийн хувьд дараа жилийн оны төгсгөлд нийт хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувь болоход гадна дотнын хөрөнгө оруулагчид орж ирэхээс өөр аргагүй болно. Голомт банкны хувьд бид нээлттэй банк болсноороо зөвхөн зээлийн хувьд дахиад 30-40 хувь дахиад зээл гаргах боломжтой болж тэлнэ. Бизнес эрхлэгчдэд мөнгөний нийлүүлэлтийг илүү хүртээмжтэй нийлүүлэхэд Голомт банкны нөлөө илүү том болж байгаа ач холбогдолтой.
“Голомт банк ажилтнуудаа цэвэр агаарт амьдрах боломжоор хангаж, нэгдсэн зуслантай болсон”
-Та гүйцэтгэх захирлын орлогч гэдэг утгаараа компанийн хүний нөөцийн бодлогод нэлээн сайн оролцож, тэднийг идэвхжүүлэх тал дээр анхаарч ажилладаг байх. Одоо олон улсад ажилтнуудын сэтгэлгээний эрүүл мэнд (mentalhealth)-д их анхаардаг болсон. Үүн дээр онцлох соёл бий юу?
Хүн ар гэртээ санаа зовохгүй, ажил дээрээ амар тайван ажиллах нь хамгийн өндөр бүтээмжийг бий болгодог. Манай банкны хувьд ажилтнуудынхаа амар тайван байх, ажиллах орчинд нь анхаарах, нөгөө талаас ар гэрт нь анхаарахыг хичээдэг. Жишээ нь, Голомт банкны хувьд 18 жил “Ойн булаг”-т 200-аад байшинтай зуслантай. Тэнд залуучууд маань аав ээж болоод хүүхдээ зусланд гаргана, ээж, аав өндөр настнуудаа гаргадаг. Өөрсдөө өглөө, оройдоо очиж амарна. тэнд очиж баярлаж хөөрдөг. Хүүхдүүдэд нь зориулсан орчинг ч бий болгосон. Тухайн жилдээ багахан хэмжээний түрээс төлөөд түүгээр нь бид урсгал зардал, дараа жилийн засвар үйлчилгээг хийгээд явдаг. Автобус гаргаад өгчихнө. Улаанбаатарт амьдарч байгаа иргэд цэвэр агаарын дутагдалд орж байдаг. Бид бүгдээрээ зуслан авах боломжгүй шүү дээ.
Бас нэг онцлох соёл бол жирэмсний амралттай байгаа эмэгтэйчүүддээ анхаарах. Гэртээ хүүхдээ харах хугацаанд нь тасралтгүй сургалтуудаар хангадаг. Хүн гэртээ л байгаа юм чинь ажил, хамт олноосоо холдож, стресстэх, бухимдана. Тэр үед сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалтууд хийх, гэрээсээ хүүхдээ унтаж байхад нь тодорхой хэмжээний хоёр, гурван цагийн ажил хийгээд гэрийнхээ санхүүд туслах боломжтой ажил олгодог.
Мөн бид Монголд хамгийн анхны хувийн тэтгэврийн сан “Тус” санг байгуулсан. Энэ сан бол Голомт банк болон Бодь группийн ажилчдад зориулсан тэтгэврийн хувийн сан. Байгууллага цалингийн таван хувийг, ажилтан таван хувийг сандаа хуримтлуулна. Ингээд тэр хүн тэдэн жил ажиллавал байгууллагын хувиасаа тэдийг авна гээд өсөөд явна. Энэ залуучууддаа зориулж байгууллагаас оруулж байгаа том хөрөнгө оруулалт.
-Хүний нөөцийг бүхэлд нь харвал дунджаар хэдэн жил тогтвортой ажилладаг вэ?
Дунджаар ажилтнууд дээр зургаагаас долоон жил гарах байх. Манай удирдлагын багийн хувьд маш тогтвортой явдаг. Удирдлагын багт байгаа хүмүүсийн дундаж жил 19 жил байдаг. Тэр дотроо Голомт банканд удирдлагын багт ажилласан хүмүүсийн дундаж нь 13 жил байдаг. 27 жилийн түүхийнхээ 50 хувьд нь энэ удирдлагын багт ажиллаж байсан захирлууд ажиллаж байсан байна.
-Бас их бахархмаар үзүүлэлт байна. Байгууллагаас хүний нөөцдөө нэлээн сайн анхаардгийн нэг илэрхийлэл байх.
Тийм. Тэгж байж л бид энд бүх зүрх сэтгэлээ зориулж байна.
-Монголын банкны систем бол хамгийн өндөр хөгжилтэй, түрүүлж явдаг салбар. Энэ хөгжсөн, нэгэнт тогтсон системийг бусад бизнесүүдэд нээлттэйгээр хамтрах боломж байдаг уу? Ямар байдлаар нээлттэйгээр хамтрах боломжтой вэ?
Бидний хувьд 27 дахь жилдээ орж байгаа банк. Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа технологидоо анхаарч байсан. Голомт банкны хувьд технологи дээрээ нээлттэй байя гэдэг стратегийг хоёр жилийн өмнөөс хийсэн. Одоо бидний технологи дээрээ нээлттэй байя гэдэг стратеги их зөв байсан юм байна гэж харж байна. Ковидоос хойш дижитал шилжилт эрчимжиж байна. Олон компаниуд дижитал шилжилтийг хийж байж улсаараа дижитал болно. Голомт банк бол нэг л том дэд бүтэц. Олон том компаниудын дэд бүтэц байгаа. Энэ дэд бүтцээ хэрэгцээтэй байгаа бусад старт-апууд, технологийн компаниуд, магадгүй төрийн байгууллагуудад нээлттэй болгосон. Хоорондоо бие биендээ нээлттэй, интеграцтай байж байснаараа улсаараа хожно. Голомт банк давуу талаа тэдэнд боломж болгож өгөөд хамтдаа өрсөлдөөнд илүү тэлэх ийм зорилгыг л бид нээлттэй банк гэж харсан. Ингээд нээлттэй банк гэдэг стратегиа хэрэгжүүлээд явж байна.
-Бизнесүүдэд яг ямар байдлаар нээлттэй байж, ямар боломж олгож байгаа гэсэн үг вэ?
Одоогоор бид банкны өөрийн байгаа банкны төлбөр тооцооны системийг нээлттэй болгосон байна. Манай энэ систем бол дэлхийд нийт банкнуудын 15 хувь нь хэрэглэдэг Infosys гээд систем. Бид 2013 онд анх ажлын хэсэг байгуулаад, нэлээн өндөр төлбөр төлөөд, хоёр жилийн ажил болж байж нэвтрүүлж байсан. Тухайн үед харахад маш олон бидний мэдэхгүй банкны үйлчилгээ, моделиуд байсан. Одоо компани болгон “Манайх худалдааны компани. Бид нэг иймэрхүү зориулалттай аппликейшн хийчихье. Үүнийгээ бид яаж интеграц хийж төлбөр тооцоогоо хийх вэ” худалдаа, апп, биллингийн компаниуд манай нээлттэй технологийг ашиглаж байна. Бидний хувьд аль болох банкны байгаа үндсэн төлбөрийн системийг ашиглахаас гадна банк эргүүлээд тэр системээр нь дамжаад зардлыг нь бууруулах, зах зээл дээр тэлэх, магадгүй хайж байгаа мянган хэрэглэгчийг өөрсдийнхөө системээр дамжуулаад тэдэнд олж өгөх гэх мэтчилэн бизнест нь маш өргөн нээлттэй боломжийг олгож байгаа.
-2015 оноос хойш долоон жилийн хугацаанд E-Мартын том төсөлд хамтарч ажиллаж байгаа юм байна. Банк хамтарч ажиллана гэхээр яг ямар хүрээнд ажиллаж байна гэсэн үг вэ? Бид харахдаа зээл л олгодог гэж хардаг.
Мөнгө өгөөд л болчихдог гэж боддог. Мөнгө өгөөд болдоггүй. Энэ төслийг хийхэд тэр компани нь санхүүгийн хувьд зөв тооцоолол хийж байна уу, энэ төслийг амжилттай явуулахад ямар санхүүгийн бүтцүүд ашиглах, барилгын явцад ямар ямар эрсдэлүүд бий болох, түүнийг яаж даван туулах. Барилга бариад дэлгүүр ашиглалтад ороход бараагаа хаанаас татах, бараагаа нийлүүлж байгаа хүмүүсийн төлбөр тооцоог яаж гүйцэтгэх вэ зэрэг бүх асуудал дээр нь хамтарч ажилладаг. Монголоос нийлүүлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Тэдгээрт бид ямар санхүүжилт өгөх вэ гээд. Нөгөө талд нь маш том систем ажиллаж байгаа. Төлбөр тооцооны системүүд, лояалти системүүд, бараа татан авалт. Энэ хэдэн мянган хүний гүйлгээг хийхэд нягтлан хийгээд суугаад байдаг, банкны гүйлгээний баримт таарч өгөхгүй байвал яах вэ. Тэр системийг нь хүртэл банктайгаа интеграц хийж холбож өгч байгаа. Ингэснээр энэ байгууллагын бүтээмж нь өснө. Нягтлангийн бүтэн өдөр хийдэг байсан ажлыг нэг цагийн дотор хийх боломжтой болно. Нээлттэй хүрээнд ажиллаж байгаа гол жишээ энэ юм.
Үйлдвэрлээд, импортлоод, өөрсдөө оруулж ирж байгаа нь 50 орчим байгаа. Би буруу санаагүй бол 1000 гаран аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажилладаг гэж ойлгож байгаа.
“Картын ажилтнаас эхлээд 17 жил банкандаа ажиллаж байна”
-Таны хувийн карьерын талаар сонирхвол. Та Монголдоо Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Төгсөөд Голомт банканд анх ажилд ороод, өнөөдрийг хүртэл 17 жил тууштай ажиллаж байгаа. Анх ямар ажлаас хэрхэн өгсөж, гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд ирсэн бэ?
Би оюутан байхдаа Голомт банкны оюутан багт хоёр жил ажилласан. Тэндээс банк гэдэг ямар гоё, Голомт банкны соёл юу нь чухал байдаг вэ гэдгийг ойлгосон. Голомт банканд л орно гэдэг мөрөөдөлтэй болсон. Сургуулиа төгсөхөд банкнаас дуудсан. Тухайн үед хүмүүсийн мөрөөдөл эдийн засагч болох байсан. Оюутан байхдаа эдийн засагч болно гээд анкетаа бөглөчихсөн. Г.Ганболд ерөнхийлөгч ярилцлага авч байхдаа “Чи ийм жоохон байж эдийн засагч хийж чадах юм уу” гэхээр нь тэр дороо хөрвөөд “Үгүй ээ, хамгийн доороос нь эхэлсэн ч болно оо. Би тоолох тасгаас ч хамаагүй эхэлье” гэж хэлсэн. Анх картаар үйлчлэгч байгууллага буюу картын машинууд, посын машинуудыг програмчилдаг, дэлгүүрүүдэд тавьдаг, буцааж авч ирж янзалж засаад, програмыг нь солиод гаргадаг картаар үйлчлэгч байгууллага хариуцсан ажилтнаар ажлын гараагаа эхэлж байсан.
-Хэдэн жил ажиллаад тушаал дэвшиж байсан бэ?
Картаар үйлчлэх байгууллагадаа зургаан сар ажиллаад, карт хэвлэх, картын арыг хийх, дараа нь эрсдэлийн менежер, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, харилцагчийн үйлчилгээ гээд өсөөд явсан. Миний хувьд энэ таван зүйлийг сурах ёстой гэсэн өөрийн хүсэл байсан. Тэр үед системийн оператороор шөнө ажиллах хүн байна уу гээд картын төвийнхөн хэлэхэд нь “Би ер нь хийж сурах ёстой, энэ ажлыг хийж үзэх хэрэгтэй, пластик гэдэг зүйлийг яаж мөнгө болгож, яаж системд мэдээллийг нь оруулдаг гэдгийг хийж үзье” гээд өдөр нь өөрийнхөө үндсэн ажлаа хийгээд, шөнө нь картаар үйлчлэгч байгууллагын системийн операторын ажил хийдэг байсан. Картын эрсдэлийн менежер болтлоо хоёр жил ажилласан. Өр барагдуулагч хүртэл хийгээд гүйж явсан. Банканд бүтцийн өөрчлөлт хийгээд гаднын ангиллын олон жил банканд ажилласан хүн Монголд авч ирээд нэлээн том бүтцийн өөрчлөлт хийсэн. Байгууллагын банк буюу corporate гэж бидний ярьдаг байгууллагад үйлчилдэг том бүтцийг бий болгох гэж байна. Намайг тийшээ туслах ажилтнаар ор гээд менежерээс туслах ажилтан руу бууж байсан.
-Гаднаас нь харах юм бол албан тушаал буурч байгаа юм шиг харагдах нь байна.
Төв оффис руу ирж сууж байгаа ч гэсэн банкны хэмжээнд бүх хурлыг зохион байгуулах, тендерийн баталгаа гаргах гэх мэт нэлээн том ачааллыг ганцаараа үүрэх болсон. Менежерүүдийн туслах хийх ажилд томилоод, нэг жилийн хугацаанд энэ ажлыг хийгээрэй гэж байсан. Гэтэл би хоёр сар ажиллаад менежер болсон. Дахиад хоёр сарын дараа бүр том компаниудаа хариуцсан менежер болсон.
-Залуучууд ажиллах байгууллагаа сонгохдоо ямар ажлаас эхлээд ямар амжилтад хүрэх карьерын зам нь тодорхой байвал сонголтод илүү тустай байдаг. Таныг анх Голомт банканд ороход тэр хэр тодорхой байсан бэ?
Би ажилд орох гээд такси бариад Голомт банк оръё гэхэд, жолооч нь “Энд манай нутгийн нэг залуу байдаг. Их том захирал хийдэг гэсэн. Уг нь манай нутагт бүр хөдөө өссөн хүүхэд” гэсэн. Дараа нь асуухад манай нэг хэлтсийн захирал байсан. Д.Баясгалан захирал 27 настайдаа банк байгуулж байсан гэдэг түүхийг бид ажилд орохдоо сонсож байсан. Би 21 настай ажилд орж байсан. “27 настай хүн банк байгуулж болдог юм байна. Өнөөдөр 10 жил болчихсон банкийг бий болгосон байна” гэдгийг хараад өөрт итгэл үнэмшил төрсөн. Хоёрдугаарт, нөгөө таксины жолоочийн ярианаас ч бодсон. Нэг, хоёр жил ажиллаад ирэхээр энэ байгууллагад хүн өөрөө л хөдөлмөрлөж, хичээж чадах юм бол харин дарга нь чиглүүлээд явчихдаг юм байна. Байгууллага ийм зарчмаар явдаг юм байна гэдгийг ойлгоод өөрөө хичээх ёстой юм байна, нэг газраа суугаад байж болохгүй, урдах ажлаа сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ зарчмаар ажлаа хийгээд явж байхад банк чиглүүлж явсаар өнөөдрийн зэрэгт ирсэн.
“Ажилтнуудаа карьерын гацалтад орохоос сэргийлэхийг боддог”
-Бид тодорхой ажил хийгээд, ажил нь гарт ороод ирэхээр тухтай бүх (comfort zone)-доо орж, карьерын гацалт үүсдэг юм шиг байгаа юм. ордог юм шиг байгаа юм. Дараа нь би үүнийг хийсээр байгаад хэн болох билээ гэдэг асуултууд их тулгарч байдаг. Магадгүй та компанидаа, багтаа байгаа залуустаа карьерын гацалтад орохоос сэргийлсэн ямар боломж олгодог вэ?
Би ч гэсэн карьерын гацалтад орж байсан. 7-8 жил менежер хийгээд явахад сүүлдээ “Би Монголын бүх том компаниудтай ажилладаг болсон. Санхүүжилтийн схем, аль ч секторыг эхний байдлаар ярихаар болчихсон.” Түүндээ эрдээд л, “Ер нь би яагаад бизнес хийж болохгүй гэж. Би ер нь ийм зүйл хийчих юм байна шүү дээ” гэж боддог. Ажил гарт ороод ирэхээр илүү тухтай болоод л, ярих нь ихсээд л. Муухайгаар хэлбэл хүнийг цохих нь хаашаа юм, сэтгэлзүйн хувьд дахиад жаахан доошлуулж байгаад буцааж татах эсвэл тэр хүнийг өөр сорилт руу оруулж, хүчилж, сэгсрэх хэрэгтэй. Надад ч тийм зүйл байсан. Тухайн үед шилдэг ажилтан болоод л, Монгол банкны баярын бичиг гэх мэт баахан шагналууд аваад л, менежерүүд доторх уралдаандаа түрүүлээд л. Банкандаа хийх үзүүлэлтүүд сайн болоод. Нэг удаа захиралдаа загнуулж байсан. Миний алдаа. Манай захирал надад “Чи өөрийгөө болчихсон гэж бодож байгаа бол Бадралаа, үгүй шүү. Болоогүй байгаа. Хаана ч хүрээгүй байгаа. Эндээс чи ингэж биеэ тоож байгаа бол яг энд ажиллах хугацаа чинь болчихсон шүү” гэж.
-Биеэ тоож байгаа нь мэдрэгдчихжээ.
Мэдрэгчихсэн. Өөрөө ч мэдэрчихсэн. Би анх удаа зэмлэл хүртсэн. Сүүлийн нэг, хоёр жил магтаал л хүртэж байсан хүн нэг удаагийн зэмлэлийг шууд л хүлээж авсан. Би өөрийнхөө удирдлагад байгаа залуусаа хардаг, анзаардаг. Тухтай бүсдээ хэн ороод байна. Нэгэн хэвийн яваад байна. Нөгөөх нь өөрт нь маш хортой. Залуучууд доороос нь гүйцэж байгааг мэдэхгүй. Хоёрдугаарт, өөрөө ажилдаа 100 хувь анхаарал хандуулдаг байснаа 50 хувьд, 30, 40 хувь-руу буугаад ирэхээр дараа нь ирэх маш том хор нэг өдөр гарч ирдэг. Түүнийгээ мэдэхгүй явж байгаад өөрийнхөө гэр бүлд, ажил, амьдралын карьерт асуудал үүсгэдэг. Тийм учраас би тухтай бүсдээ орж байгаа залуустаа нэлээн даалгавар өгнө. Жаахан сорино. Үнэхээр буцаад сэргээд гараад ирвэл “За, чи энэ сорилтыг давсан бол одоо хүний өмнөөс үүрэг хариуцлага хүлээх дараагийн сорилтруугаа. Одоо захирал бол. Менежер бол” гэдэг.
Ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзээрэй.