Цар тахлын үед үнэ өсөх тренд дэлхийн улс орнуудад нийтлэг ажиглагдаж, инфляц төв банкуудын зорилтоос даваад буй билээ.
2021 онд валкцинжуулалт эрчимжиж, хөл хорио суларснаар эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжин эрэлтийн инфляц хөгжсөн улс орнуудад нэмэгдэх хандлагатай байв. Нөгөө талаас олон улсын тээвэр, ложистик, нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн тасалдал нь нийлүүлэлтийн инфляцыг өдөөв. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй хүнсний үнийн өсөлт, нефтийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй шатахууны үнийн өсөлт улс орнуудын инфляцыг хөөрөгдөх нөлөөтэй байжээ.
Зураг 1: Инфляцын төсөөлөл
OECD-ээс 2022 оны гуравдугаар сард нийтэлсэн төсөөллөөр инфляц 2022 оны дундаас тогтворжиж, төв банкуудын зорилтот түвшний орчимд хүрэх хүлээлттэй байв. Гэтэл Орос, Украины хямралаас шалтгаалж инфляцыг өдөөж буй хүчин зүйлс даамжрах эрсдэлтэй болоод байна. Олон улсын харилцааны хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн:
- нефтийн бүтээгдэхүүн үнэ өсөх,
- хүнсний үнэ нэмэгдэх
- тээвэр ложистикийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх
- импортын барааны үнэ өндөр түвшинд хадгалагдах зэрэг нь дэлхий даяар инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд мэдэгдэж байна.