Нэн яаралтай санхүүжилт олохгүй бол ойролцоогоор 19 сая Йемен өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж НҮБ-аас мэдэгдлээ.
Дөрвөн Йемен хүн тутмын гурвынх нь амь аврагдах эсэх нь 2022 онд үзүүлэх хүнсний тусламжаас шалтгаалах юм байна. Дайнд нэрвэгдсэн тус улсад тусламж үзүүлэх санхүүжилт босгох зорилготой өндөр түвшний амлалт өгөх бага хурлын өмнө хийсэн НҮБ-ийн уг мэдэгдэл дэлхийн улс орнуудыг хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцох уриалга болсон юм.
Энэ жил Йемений хүнсний хомсдолыг арилгах, 19 сая хүнийг өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхэд 4.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэдгийг НҮБ онцолсон бөгөөд лхагва гарагт Женевт болох бага хуралд оролцогчид энэ зорилтоо биелүүлнэ гэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мартин Гриффитс "Одоогийн байдлаар санхүүжилт дуусч, Йемен дэх тусламжийн ажлаа зогсооход хүрч байна" гэж мэдэгдэв. Долоо дахь жилдээ үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Ойрхи Дорнодын энэ улсад сүйрлийн аюул нүүрлэж байгааг албаныхан тайлбарлав.
Тус улсын нийслэл Сана зэрэг хамгийн олон хүн амтай бүс нутгийг хянадаг Ираны холбоотон Хути босогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газрын эсрэг тулалдсаар байгаа юм. Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений засгийн газрыг дэмжиж байгаа бөгөөд 2015 оны гуравдугаар сараас хойш хуситуудын эсрэг агаарын кампанит ажлыг удирдан явуулж байгаа аж.
Оны эхээр НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр санхүүжилтийн хомсдолоос болж найман сая хүний хоол хүнсний хэмжээг бууруулахаас өөр аргагүйд хүрснээс тус улсын өрхүүд Дэлхийн хүнсний хөтөлбөрийн стандартын доод хэмжээний бараг тал хувийг л авч байгаа аж.
Даваа гарагт нийтэлсэн тайландаа НҮБ-ын ДБХ, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) Йемений хүмүүнлэгийн байдал 2022 оны 6-р сараас 12-р сарын хооронд улам дордох төлөвтэй байгааг анхааруулав.
19 сая орчим хүн хүнсний тусламж авах шаардлагатай байгаагаас 7.3 сая хүн өлсгөлөн байдалд амьдарч байна.
Мөн тайланд дурдсанаар тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд цочмог хоол тэжээлийн дутагдал байнга өндөр байгааг харуулж байна. Йемен улс даяар 2.2 сая орчим хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон. Үүний дотор хагас сая гаруй хүүхэд хоол тэжээлийн хүнд хэлбэрийн цочмог дутагдалд орж, амь насанд нь аюул заналхийлж байна.
Үүгээр зогсохгүй 1.3 сая орчим жирэмсэн болон хөхүүл эхчүүд хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2022 оны сүүлийн хагаст одоогийн 31 мянгаас 161 мянга болж тав дахин өсөх төлөвтэй байгааг шинэ тоо баримт харуулж байна.
2021 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн, мөн хугацаанд КОВИД-19-ийн улмаас олон хүн орлогогүй болж, мөнгөн гуйвуулга зогсонги байдалд орсон нь өлсгөлөнд нэрвэгдэх хүмүүсийн тоог огцом нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: Aljazeera