Балчруудыг хоригдол шиг “дөнгөлсөн” томчуудын хайхрамжгүй байдал, оновчтой оновчгүй шийдвэрүүд, тэднийг үхэлд хүргэх, үгүй дээ л эрүүл мэндээр нь хохироож, бүтэн амьдрах боломжийг нь хязгаарлаж байна.
Өнгөрсөн оны 8 дугаар сард хичээл сургуулийн үйл ажиллагааг танхим болон цахимаар хослуулан эхлүүлж байв. Гэхдээ 2-3 насны хүүхдийг цэцэрлэгт бүртгэхгүй гэсэн юм. Үүгээр ковидоос болж, хоёр жилийн турш санхүүгийн байдал нь тартагтаа тулчихсан гэр бүл, залуу ээж аавуудад хоёр сонголт бий болсон.
Нэгдүгээрт, ажил төрлөө орхигдуулж хүүхдээ асарна. Үүн дээр нэмэх нь гачигдсан амьдрал. Санхүү нь тогтворгүй гэр бүлээс ахуйн хэрүүл салахгүйн дээр гэр бүлийн хүчирхийллийн үндэс суурь тавигдана. Эндээс хүүхдийн эрх зөрчигдөж эхлэх юм.
Хоёрдугаарт, амжиргаагаа сайжруулахаар эцэг эхчүүд цаг наргүй ажиллана. Ингэхийн тулд хүүхдээ “дөнгөлнө". Гэрт нь цоожилж үлдээх, эсвэл мөн л бага насны ах эгчээр нь харуулж тэрсхэн хүүхдүүдийг хамтад нь “хорих” шаадлагатай нүүр тулна.
Сонголтгүй, гэхдээ зайлшгүй сонгох ёстой энэ хоёр замыг эцэг эхчүүд сонгосон. Үүний гороор гэр бүлийн хүчирхийлэл 18 хувиар өсөж, хараа хяналтгүйн улмаас энэ онд 103 хүүхэд бэртэж, 4 хүүхэд амиа алдав.
Эргэн сануулбал,
Энэ сарын 17-нд Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас гурван настай хүүхэд өндрөөс унаж хүнд бэртсэн. Асран хамгаалагчийн мэдээлж буйгаар том хүүхдээ сургуульд хүүхдээ зөөхийн тулд тухайн хүүхдийг гэрт нь үлдээсэн байгаа юм. Хэрвээ цэцэрлэгийн тоо хүртээмжтэй, нас ялгахгүйгээр хүүхдээ бүртгэж авдаг, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй удирдлагууд төрд байгаад тэдэнд жаахан ч гэсэн анхаарсан бол энэ асуудал үүсэхгүй байв.
Яг энэ өдрийн маргааш нь буюу хоёр дугаар сарын 18-нд гурван нас хүрч буй хүүхдийг цэцэрлэгт цахимаар бүртгэх мэдээлэл урсаж эхэлсэн юм. Хохирогч бий болж байж дорвитой шийдэлд хүрдэг, дорвитой ч гэж дээ. Хэл ам дарах гэж аргацааж хэлбэртдэг мулгуу төр засаг, сэтгэлгүй удирдлуудын гарт балчир хүүхдүүд үрэгдсээр байна.
Араас нь ядаж хэлбэртээгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн асуудал ч энэ нийгэмд байна. Энэ бол ажиллагаагүй лифтний хар нүх рүү мөн л гуравхан настай хүүхэд унаж амиа алдсан асуудал. Хүүхдийн алтан амь хохирчхоод байхад өнөөх хар нүх одоог хүртэл дараагийн хохирогчоо отоод хүлээсэн хэвээр л байгаа.
Мөн БЗД-ийн 28 дугаар хороонд гэр шатаж, дөрөв, зургаан настай хоёр хүүхэд амиа алдсан юм. Энэ мэт хэргийг эцэг эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбодог.Нэг талаараа тийм боловч хариуцлагатай байх боломжийг нь төр засгаас хангах үүрэгтэй. Хангана гэж ард түмний дээр суугаагүй бил үү. Сонгуулийн үеэр л худлаа попорч, ард түмний сахиусан тэнгэр мэт аяглаад байдаг хүмүүсийн амлалтад энэ асуудал багтсан нь бий.
ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД Ч ТОГЛОХ ЭРХТЭЙ БАЙМААР…
Харин 2020 онд нийт 15 хүүхэд хашаандаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан байна. 2021 онд найман хүүхэд нас барсан бол, 2022 он гарснаас хойш нэг сарын байдлаар хоёр хүүхэд хашаандаа тоглож байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлэн амь насаа алджээ. Үүнээс эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал гэхээс илүү, эдгээр амь хохирсон хүүхдүүд тоглох зориулалтын талбайтай байсан бол үхлийн хаалга татах нөхцөл үүсэх бил үү. Бодох л асуудал. Хүүхдийн тоглоомын талбайн асуудал манайд бишгүй л бий. Гэхдээ орон сууцны тухайд л яригддаг. Гэр хорооллын хүүхдүүд ч тоглох эрхтэй баймаар.
Дээр дурдсан хэргүүд бол нийгэмд сэрэмжлүүлэх үүднээс л ил гарсан мэдээлэл. Үүний цаана мянга мянган хүүхдийн эрх ашиг далд хэлбэрээр ноцтой зөрчигдөж л байгаа. “ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ” гэдэг үг зүгээр л, “Ковидын хэдэн тохиолдол бүртгэгдлээ” гэдэг шиг чихний хажуугаар өнгөрөх юм. Манай нийгмийн хамгийн гашуун дүр зураг бол аливаа асуудлыг асуудал биш болтол хавтгайруулж, булж орхидог байдал.
Үүнийгээ одоо больё оо!!! Хүүхдүүдээ хамгаалж, хайрлаж, анхааръя аa! Анхаарах боломжийг нь төр засгаас бодлогоор дэмждэг баймаар байна аа.
Яаж шийдэхээ мэдэхгүй байгаа бол ард түмнээ сонс!
Өчигдөр л гэхэд аргаа барсан хэдэн ээжүүд цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж нэм гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байсан. Энэ нь нэг талаараа хүний өмнөөс хүүхэд төрүүлсэн аятай, халамжийг хавтгайруулсан зүйл мэт боловч ухаад үзвэл асаргаагүй үлдэж байгаа нялх үрсээ хамгаалах гэсэн арга ядсан ээжүүдийн л мэдэгдэл байв. Угаас тэдний хүслээр байх боломжгүйгээс цааш цэцэрлэгийн тоог нэмэхэд гойд анхаарч, тэдэнд хөдөлмөр эрхлэх боломж олгох хэрэгтэй байна. Энэ бол төрд суугаа эрх бүхий хэнбэгуайн ч хийх ёстой ажил, үүрэх учиртай хариуцлага шүү.