Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Ням гарагт Украины дайн, Ковид-19 тахлын тархалтыг улам дордуулж болзошгүйд санаа зовж байгаагаа мэдэгдээд халдварт өвчний тархалтыг хязгаарлахын тулд илүү ихийг хийхийг хичээж буйгаа мэдэгдлээ.
Тус бүс нутгийн Ковид-19-ийн тохиолдлууд өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан боловч Украинд вакцинжуулалт бага, мөн тус улсаас ойр орчмын нутаг дэвсгэр рүү дүрвэсэн хоёр сая гаруй хүний дунд өвчлөл хүндэрч, нас барах эрсдэл өндөр байна. Our World In Data-ийн мэдээлснээр Украинд Ковид-19-ийн вакцинжуулалтын түвшин 34 орчим хувьтай байгаа бол хөрш Молдавынх 29 хувьтай байна.
Ням гарагт нийтлэгдсэн ДЭМБ-ын нөхцөл байдлын тайланд энэ сарын 3-9-ний хооронд Украин болон ойр орчмын орнуудад нийт 791, 021 шинэ Ковид-19 тохиолдол бүртгэгдэж, 8012 хүн нас баржээ.
ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, доктор Майк Райан Украинд Ковид-19-ийн халдвар нэмэгдэх нь гарцаагүй гэж мэдэгдэв. Урьдчилан таамаглаж буй өсөлтийг тэрээр шинэ туршилт хийгдээгүй, Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг зогсоосон, стресст орсон, дайны хөлд нэрвэгдэж байгаатай холбон тайлбарлав.
Унгар улс Украины дүрвэгсдэд Ковид-19-ийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй олгож байгаа мөн ДЭМБ Ковид-19 шинжилгээг багтаасан лабораторийн дэмжлэгийг ч санал болгосон байна.
Румыны Эрүүл мэндийн яам эх орноосоо дүрвэн гарсан Украинчуудыг вакцинжуулахаар эмнэлгийн баг илгээжээ. Харин хөрш Словак Молдав улсад Украинчуудад Ковид-19-ийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж, Эрүүл мэндийн яам нь Ковид-19 төдийгүй бусад өвчнийг ч шалгаж, хянаж байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хийсэн мэдэгдэлдээ ДЭМБ Украины эрүүл мэндийн тогтолцоон дахь халдлагыг зогсоохыг уриалав. Ням гарагийн байдлаар Украин дахь эрүүл мэндийн байгууллагуудад 31 удаагийн халдлага болжээ.
"Хүмүүнлэгийн түншүүд болон эрүүл мэндийн ажилтнууд Ковид-19, полиомиелит өвчний эсрэг дархлаажуулалт, Украин даяар энгийн иргэд болон хөрш зэргэлдээ орнууд руу дайран өнгөрч буй дүрвэгсдийн амь насыг аврах эмээр хангах зэрэг эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг аюулгүй байлгаж, бэхжүүлэх чадвартай байх ёстой" гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ. Украинтай хөрш залгаа хилийн боомтуудад эрүүл мэндийн үйлчилгээг системтэйгээр үзүүлэх, тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, шилжүүлэх үйл явц байх ёстой гэдгийг ДЭМБ онцолжээ.
Эх сурвалж: CNN News