Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн асан, "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл оролцлоо. Бид түүнтэй эмэгтэйчүүд улс төрд ороход нийгэм улс төрийн зүгээс тэдэнд ямар шалгуур тавьдаг, гадуурхдаг эсэх, олон нийт хүлээн зөвшөөрдөггүй шалтгаан юу болох талаар ярилцлаа. Мөн тэрбээр ханиа алдаж байсан үеийн гашуун дурсамжаа хүүрнэсэн юм.
-Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа таны улс төрд орох болсон шалтгаанаас эхэлье?
-Миний улс төрийн амьдрал орон нутгийн намын дарга болж эхэлсэн. Баахан хүмүүсийн өмнө үүрэг хүлээдэг юм байна гээд л эхэлсэн дээ. Улс төр гэдэг олон хүний төлөө, сэтгэлээрээ хийдэг ажил юм байна, ашиг хонжоо хардаггүй юм байна. Зүгээр л нийтийн төлөө зүтгэхийг улс төрч гэдэг юм байна гэж ойлгож байсан. Миний энэ ойлголт өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Энэ өрсөлдөөн дунд би байж, сонголт бий болгож, тэр тусмаа эмэгтэй сонголт бий болгож байх нь миний улс төрд оруулж байгаа хувь нэмэр гэж бодож ирсэн.
-Хорвоод эр, эм гэсэн хоёр л хүйс бий. Гэтэл эр хүйсийнхэн улс төрд давамгайлж, эм хүйсэд хамаарах шийдвэрийг гаргасаар ирсэн. Эмэгтэй хүн улс төрд орох гэхээр эмэгтэй хүн улс төрд орохын давуу тал нь юундаа байгаа юм гэж асуух нь бий. Та үүнд юу гэж хариулдаг вэ?
-Эмэгтэй хүн сайд, УИХ-ын гишүүн болоход төрийн ажил эзэнтэй болдог. Яагаад гэвэл эмэгтэй хүн цаас бүрийг уншдаг. Орж ирж буй бүх юм аа хардаг, бичдэг. Төрийн ажлыг нарийн, чамбай хийдэг. Нэг хууль гаргасан ч гэсэн хэрэгжихүйц хууль гаргахын төлөө зүтгэдэг. Хэрэгжүүлэх бүх жижиг зүйлсийг боддог. Жишээ нь УИХ-д байсан эмэгтэй гишүүд хамт тамхины эсрэг хууль гаргасан. Эмэгтэй улс төрчид үүнийг ярихаас өмнө тамхины хууль байсан. Тэр нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Харин одоо хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Энэ бол наад захын олон нийтийн мэдэх энгийн жишээ.
-Манай УИХ-ын гишүүдийн ердөө 10 гаруй хувь нь эмэгтэй шүү дээ. Үүнээс харахад эмэгтэйчүүд энэ суудалд хүрэхэд саад болдог зүйл бий байх?
Эмэгтэй улс төрч гэхээр бурхан шиг шаардлага тавьж байгаа нь мэдрэгддэг. Хувцсаа жаахан доогуур өмсөх, зүс царайгаа даруухан байлгахад л шууд загнадаг шүү дээ. Монголд эмэгтэйчүүд улс төрд хамгийн топ түвшний удирдагч гэдэг дүр төрхөөр огт харагдаж байгаагүй юм билээ. Эмэгтэй хүн тэнд суухаараа юу хийх гэдгийг төсөөлдөг хүн ч байхгүй. Юуг төсөөлдөг гэхээр, эмэгтэй хүн гэрийн ажил яаж хийх вэ, компьютерийн ард суугаад яаж бичих вэ. Гэр бүлийн хүчирхийлэл их гараад байхад эмэгтэйчүүд хаагуур юу хийгээд байгаа юм гээд, яг төсөөлж байгаа ажил дээрээ биднийг харагдаач, гараач, юмаа хийгээч гээд байдаг. Эмэгтэйчүүд үүнийг хийж чадна. Хийж байгаа. Ихэнх нийгмийн ажилтнууд эмэгтэйчүүд байгаа. Нийгмийн ажилтнаас гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг хуулийн дагуу цагдаа руу явуулдаг. Гэвч цагдаад эрэгтэйчүүд олонх байгаа юм. Ингээд үйл ажиллагаа өөр газар мухардалд ороод байгааг нийгэм огт анзаардаггүй.
-Шийдвэр гаргах түвшинд эрэгтэй хүн суувал юу хийх юм бэ? гэх асуултыг эрчүүдээс асуудаггүй атлаа эмэгтэйчүүдээс асуух нь бий шүү дээ?
-Тийм. Би ерөнхий сайд, ерөнхийлөгч, их хурлын дарга гээд ярья. Энэ түвшинд эмэгтэй хүн очвол хамгийн түрүүнд юу хийх вэ. Наад зах нь том хэмжээний авилга байхгүй болно гэж би хэлнэ. Авилгатай тэмцэж байна гэх мөртлөө том хэмжээний авилга эрх мэдлийн доор нуугдаад өнгөрчихдөг. Гэтэл эмэгтэй хүн тэр салаа мөчрүүдийг хувийн зорилгодоо ашиглахгүйгээр нээлттэй ил тод нийгмийн төлөө ажиллах ур чадвар болгон эзэмшдэг. Бид ил тод, олон нийтийн төлөө байхгүй бол угаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Эмэгтэйчүүдийн манлайлж хийж байгаа ажил зарим хүмүүст таалагддаггүй. Тийм болохоор гутаан доромжилдог. Жишээ нь жорлон өөрчлөх гайхалтай ажил шүү дээ. Үүний эвийг олж хийнэ гэдэг бол яг үнэндээ эмэгтэй хүний ажил мөн. Гэхдээ энэ бол том ажил.
-Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь юу юм бэ?
-Эмэгтэй хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нэг шалтгаан нь, мөнгөгүй гэж хардаг юм байна лээ.
Би 2008 онд анх удаа нэр дэвшээд Хөвсгөл аймагт очлоо. Манай намын удирдлагууд 100 хувь эрчүүд байсан. Тэр дунд шийдвэр гаргах түвшинд нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Чи яах гэж ирж байгаа юм гээд шууд хэлсэн. Чи ганц бие, хоёр хүүхэдтэй, мөнгөгүй. Хэн чамайг тоож сонгох юм. Зүгээр эртхэн нэрээ тат гэсэн. Тэгэхэд нь миний нулимс гарч ирчих гээд л…Дараа дараагийн залуучуудад нам битгий ийм байгаасай. Орохоор нь битгий хатуу хадан хана шиг байгаасай гэсэндээ, хүнтэй яг тэгш харьцдаг орчныг бүрдүүлэх гээд шинэ нам байгуулж байгаа.
-Таны хувьд зөвхөн эмэгтэй гэх шалтгаанаар мөн гадаад нөхөртэй гэдэг шалтгаанаар гадуурхагдах үе байсан уу?
-Манай нөхөр хэлдэг юм. Би яах гэж улс төрч хүнтэй суучхав даа. Чамд дандаа гай болох юм гэдэг. 2008 оны сонгуулиар ялах магадлал маш өндөр байсан. 42 хувийн саналтай явж байсан. Яг ялах нь ойлгомжтой болж байсан тэр үед, хамгийн сүүлийн өдөр, наадах чинь Америк нөхөртэй гэдэг хар PR нэвт яваад 2000-3000 саналаа алдаж байсан. Тэр уналтаас болоод би 1000 саналаар ялагдсан. Тэгэхэд би нөхөртөө хэлсэн. Үнэхээр ялж байгаад ялагдлаа. Эцсийн мөчид чамайг л миний эсрэг хар PR болгож зарлалаа даа гээд. 2016 онд ч Ц.Даваасүрэн гишүүн надтай өрсөлдөж байхдаа их гоё уулзалт хийсэн. Биенээ муулахгүй гээд. Тэгтэл уулзалтаас яг гарахдаа, цаад Ц.Оюунгэрэл чинь Америкийн тагнуул шүү дээ. Өөрсдөө бодоорой гэж хэлсэн. Яах вэ дээ нэгэнт ханилсан хань юм чинь алга болгох боломжгүй. Хувь заяагаар холбогдсон юм чинь даагаад л явъя гэж боддог доо.
-Хоёулаа улс төрийн тухайд нэлээн ярилаа. Одоо таны хувийн амьдралын тухай ярилцъя. Таны туулсан хамгийн гашуун түүх юу вэ?
-Хамгийн гашуун түүх бол ханиа л алдах. Идэрээгийн аав бид хоёр гэрлээд удаагүй, хүүхэдтэй болоод удаагүй байсан. Амьдралдаа бид хоёр их гэгээн мөрөөдөлтэй байлаа. Учир нь бид хоёр маш гоё амьдрах өгөгдөлтэй байсан. Биендээ хайртай. Хүмүүс хараад, та хоёр ямар сайхан хос вэ гэж магтдаг. Тийм хос байлаа. Мөрөөдлийн амьдрал эхэлж байсан юм. Үргэлж ийм байх юм шиг бодож байтал нэг өглөө хань маань ажилдаа гарч яваад л эргэж ирээгүй ээ. Хорвоо тэр чигээрээ л эргэсэн.
Би эх хүний хувьд хүүхдээ нэг нас хүртэл нь хөхүүлнэ. Хүүхдээ ингэж өсгөнө гээд л ном уншчихсан их мундаг ээж байлаа л даа. Гэтэл яг гурван сартай хүүгээ хөхүүлэх гэхээр хөхөнд сүү байхгүй. Яг үнэндээ цаг хугацаа л жаахан элээсэн байх. Нөхрийгөө нас барснаас хойш 10-аад жил зүүдэлдэг байсан. Байгаа юм шиг бодож амьдрах нь их хөнгөн байсан. Түүнээс биш байхгүй болчихсон, дахиж ирэхгүй гэж бодох хэцүү.
-Одоо та байхгүй болсон гэдгийг нь сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадсан уу?
-Хэзээ эвлэрсэн гэхээр Жеффтэй сууж байж л эвлэрсэн. Бид хоёр Монголд танилцсан шүү дээ. Хүний эрхийн ажил хийж байгаад л. Уулзалтан дээр танилцсан юм.
-Та нөхрийнхөө тухай яриач. Ямар хүн байдаг вэ?
-Их амар амгалан хүн. Би чинь улс төрийн бухимдал, янз бүрийн хэл ам их байна. Тэгэхэд ямар ч хэл ам, хов жив уншихгүй. Огт сонирхохгүй. Тэр хүн оронгуут сансар огторгуйн юмаа яриад л сууж байдаг. Орохоор нэг баримтат кино үзчихсэн сууж байна. Юу үзэв гэхээр, Ангараг дээр НАСА хөлөг онгоц буулгах гэж байна. Ус байгаа болов уу гэчихсэн сууж байдаг. Намайг өөр ертөнцөд оруулдаг гэх юм уу даа. Нөхөртэйгөө тийм зүйл ярьсаар байгаад нэг мэдэхэд динозаврт ороод. Байс гээд л үлэг гүрвэлийн тухай ном олж уншдаг болчихсон байсан. Түүний дараа "батаарыг" авчирч таарсан. Хэрвээ тийм олон жил ном уншаагүй байсан бол би "батаар"-ыг авчирч чадахгүй л байсан даа. Миний хань ийм л хүн.
-Ярилцсанд баярлалаа.