УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлын хувьд Засгийн газрын барьцаа аваад гадаадаас 500 сая ам.доллар зээлээд эрх мэдэлтэй хүмүүс хуваагаад авчихсан. Үүнийг нь ирэх онд төлөх шаардлага тулгарч байна. Үүнээс болж ямар хүндрэл гарах вэ гэдгийг Төсвийн байнгын хорооноос тодруулъя.
Эрх мэдлээрээ далимдуулаад зээл аваад алга болсон асуудал ёс зүй, сахилга хариуцлагаас давсан гэмт хэргийн шинжтэй асуудал болоод байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк 2020 оны дөрөвдүгээр сард Сангийн яамны харьяанд ирсэн. Түүнээс хойш энэ банкнаас зээл авчхаад өгөхгүй байгаа нийт 25 зээлдэгчийн асуудал шүүх дээр явж байна. Заримынх нь шийдвэр гараад явж байгаа. Зарим нь шүүхээс буцаж байгаа. Яагаад гэвэл эцсийн өмчлөгч гэдэг асуудал одоо болтол Монгол Улсад тодорхойгүй байна.
Жишээ нь, Хөтөл компани байна. Хөгжлийн банк Хөтөлийг гурван удаа шүүхэд өгсөн ч гурвууланд нь шүүхээс буцаасан. Яагаад гэхээр, Хөтөлийн эзэмшигч нь нас барсан учраас. Гэтэл Хөтөл хэнийх вэ, цаад эзэн нь хэн бэ гэдгийг Монгол даяараа мэдэж байгаа шүү дээ. Тэгсэн хэр нь шүүхээс буцаагаад байдаг. Хөтөлийн орлого хэнд очдог гэдгийг бүгд мэднэ.
Эцсийн өмчлөгчтэй холбоотой бас нэг асуудал Хаан банк. Нүүрээ хувиргаад Хаан банкийг авчихдаг. Тэгээд баахан троллоор дайруулаад байдаг. Яг л ийм зүйл болоод байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цаад эзэд буюу эцсийн өмчлөгчийг нэр устай нь зарлах хэрэгтэй байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Хөгжлийн банкнаас зээл авчхаад төлдөггүй хүмүүсийг нэг бүрчлэн УИХ-ын танхимд ярих хэрэгтэй. Төрийн мөнгийг банкандаа авчхаад буцаагаад төлөхгүй байгаа Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн Хаан банкийг авсан эцсийн өмчлөгч нь хэн бэ гэдгийг ил гаргах ёстой.