Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албандаа хүргүүлснээр буцаан олголтоо авах эрх үүсэх юм. Иймээс орон сууц анх удаа худалдаж авсан болон шинээр барьсан, мөн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоо хэрхэн авах талаарх мэдээллийг Татварын ерөнхий газрын татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагч Ч.Жамъяасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "2021 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн хугацаа нэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Тэгэхээр 2021 онд Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан орлого олсон этгээдүүд хоёрдугаар сарын 15-ны дотор тайлан гаргах үүрэгтэй байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд орон сууц, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн материалыг цахимаар хүлээж авч байна. Орон сууцны хөнгөлөлт шилжүүлэлтийн тухайд татварын хөөн хэлэлцэх хугацаа нь дөрвөн жил байдаг. Тэгэхээр 2018 оны нэг сарын нэгнээс хойш гарсан гэрчилгээнүүд энэ хөнгөлөлт үйлчилгээнд хамрагдах боломжтой. Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт тайлангийн хугацаагаар хамаардаг учраас 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс арван хоёрдугаар сарын 31-ны хооронд төлсөн баримтууд энэ хөнгөлөлтөд хамрагдана" гэв.
Хэрхэн цахимаар материалаа бүрдүүлэх вэ?
Нэгдүгээрт, etax.mta.mn рүү нэвтэрч орно. Иргэн регистрийн дугаар, нууц үгээ хийж нэвтэрнэ. Нууц үгээ мартсан бол "нууц үгээ сэргээх" дээр дараад сэргээж болно. Бүргэлтэй эсэхээ мөн шалгах боломжтой. Бүртгүүлэх бол "бүртгүүлэх" товч дээр дарснаар бүртгүүлж болно. Хэрвээ татвар төлөгчөөр бүртгэлгүй бол itax.mta.mn сайтаар нэвтэрч ороод “хувь хүн” бүртгүүлэх гэснээр бүртгүүлж болно.
Хоёрдугаарт, нэвтэрч орсноор тайлан гаргах цэсийг сонгоно. Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргаад “тайлангаа төгрөг мөнгөөр тайлагнахыг зөвшөөрч шивсэн болно” гэдэг хэсгийг сонгоод “хадгалах” гэснийг дарна. “Хадгалах” товч дарснаар цэсний мэдээллүүд идэвхжинэ.
Гуравдугаарт, мэдээ цэснээс цалингийн орлогын мэдээгээ татахаар 2021 онд авсан цалин болон татварын мэдээлэл гарч ирнэ. Үүнийгээ мөн "хадгалах" гэсэн хэсэгт дарж хадгална. Бусад орлогын мэдээгээ мөн адил татна.
Дөрөвдүгээрт, "бүрдүүлэх материал" хэсэг рүү орж "хөнгөлөлт үйлчилгээний төрөл нэмэх" дээр дарахаар сонголтууд гарч ирнэ. Орон сууц анхан авсан эсвэл хоёр дахь удаа авч байгаа эсэх. Дотоод, гадаадын сургалтын төлбөр үү гэх мэт. Аль нэг өөрт тохирох цэсийг сонгоход бүрдүүлэх материалын жагсаалт гарч ирнэ. Эхнээс нь зааврын дагуу материалаа бүрдүүлнэ.
Хэрвээ та байраа 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө худалдаж авсан бол энэ ХМ-06(7)-г сонгоно гэсэн үг. 2021 оны нэг сарын нэгнээс хойш худалдаж авсан гэрчилгээ бол ХМ-06(9)-г бөглөнө. Шаардлагатай мэдээллийг бөглөхөд автоматаар таны хэдэн төгрөг тоон дүн гарна. Бүрдүүлэх материалын "орлого нотлох" хэсэгт байраа зээлээр авсан бол зээлийн гэрээ, шууд бэлэн мөнгөөр худалдаж авсан бол жишээлбэл 20 саяыг нь өөрөө гаргасан бол энэ нь татвар төлсний дараах орлого. Харин 30 саяыг нь аав ээж нь бэлэглэсэн байж болно. Тэгэхээр 50 саяар орлогоо нотолно. Гэхдээ өөрөөсөө татвар төлсний дараах гарсан 20 саяараа хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг. Ингээд тайлангаа "хадгалах" гэсэн хэсгийг дарснаар энэ жилийн буцаан олголтын мөнгөн дүн харагдана. Энэ дүнгээ тайлангийн доор хэсэгт байрлах "хүсэлт" хэсэгт бичнэ. Тэгээд хадгалах" товчийг даран "төгрөг мөнгөөр тайлагнахыг зөвшөөрч шивсэн болно" гэсэн хэсэгт дарж илгээнэ.
Ингээд хөнгөлөлт чөлөөлөлтийн материал нь татварын албанд илгээгдэж байна гэсэн үг. Илгээснээр татвар төлөгчид илгээсэн эсвэл хуваарилсан гэж гарч ирнэ. Татварын алба таны баримтыг хүлээгээд авчихвал хүлээн авсан төлөвт шилжинэ.
Оюутны сургалтын төлбөрийн тухайд бүрдүүлэх материалаа үүсгэнэ. Гадаадын сургалтын төлбөр төлсөн юмуу дотоодод сургалтын төлбөр төлсөн эсэхээ эхлээд сонгоно. Ингэснээр ""бүрдүүлэх материал гээд гарч ирнэ. Эцэг, эх, суралцагч хэн нь авахаа сонгоно. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар татагдана. Жишээлбэл асран хамгаалагчийн хүүхдийн регистрийг хийгээд хайх хэсэгт дарахад автоматаар мэдээллүүд гарч ирнэ. Сургалтын төлбөр төлсөн баримт дээр баримт нэмэх гээд төлбөрийн баримтын дугаар эсвэл сугалааны дугаараа хийж болно. Дахин давтагдашгүй дугаараа хийгээд хайх дарж болно. Ингэхээр бас мэдээлэл нь гараад ирнэ. "Орлого нотлох" эх үүсвэрийн тухайд гадаадад сурдаг сургалтын төлбөр төлсөн тохиолдолд энэ дээр оруулж байгаа. Тэр нь яагаад оруулж өгч байгаа юм бэ гэхээр тухайн иргэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхдөө татвар төлсөн орлогоосоо өндөр төлбөр төлдөг. Жишээ нь есөн саяын цалин авсан бол арван саяын сургалтын төлбөр төлөгчид илүү төлсөн байдаг учраас тэр орлогоо энэ дээрээ татвар төлсний дараах орлого гэдгийг нь нотолно гэсэн үг. Мөн орон сууцтайгаа адилхан хадгалаад тайлангаа илгээж болно.
ХХОАТ-ын материал бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй видеог ЭНД дарж үзнэ үү.