Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын стратегийн яриа хэлэлцээг өнөөдөр хийлээ. Энэхүү уулзалтын талаар ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэгээс тодрууллаа.
Тэрээр “Өнөөдөр Монгол Улс БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын стратегийн яриа хэлэлцээний ээлжит уулзалт боллоо.
Энэ уулзалтыг манай талаас ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин ахалсан бол БНХАУ-ын талаас ГХЯ-ны туслах сайд ахаллаа. Манай хоёр улсын хооронд 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш стратегийн яриа, хэлэлцээ гэдэг механизм бий болсон. Жил бүр хуралдаж тухайн жилийнхээ харилцааныхаа өрнөлийг дүгнэн ирэх оны төлөвлөлтөө ярилцан хоёр улсын бүс нутаг, хамтын ажиллагааны механизмууд дахь уялдаа, холбоо, хамтын ажиллагааг ярилцдаг чухал уулзалт байдаг.
Энэ удаагийн уулзалтаар сүүлийн жил хагасын хоёр улсын харилцааны явцыг дүгнэсэн. Цар тахлын амаргүй нөхцөл байдалд хоёр улсын хамтын ажиллагаа амжилттай явж байна гэж хоёр тал санал нэгтэй үзсэн. Хоёр улсын төр засаг, парламентын удирдлагууд цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулсан. ГХ-ны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад амжилттай айлчлал хийсэн.
Засгийн газар хоорондын комисс Эрдэс, баялаг эрчим хүчний зөвлөл зэрэг чухал механизмуудынхаа уулзалтыг зохион байгуулсан.
Ирэх онд өндөр дээд түвшний харилцан айлчлалынхаа уулзалтыг зохих хэлбэрээр зарим нь бодит байдлаар айлчлал хэрэгжүүлэх, зарим арга хэмжээг цахим хэлбэрээр үргэлжлүүлье гэдэг дээр санал нэгдлээ.
Гол хоёр талаас ярилцсан асуудал бол цар тахлын нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа яаж, хэрхэн, аль болох хэвийн явуулах талаас нь дэлгэрэнгүй санал солилцлоо. Цар тахлын нөхцөл байдал, хоёр талаас авч байгаа арга хэмжээний улмаас хоёр талын голлох боомтуудын үйл ажиллагаа доголдоод, зарим авто тээврийн боомтуудын тээвэрлэлт зогссон байгаа нөхцөл байдлыг манай дэд сайд Б.Мөнхжин онцолж ярилаа.
Тухайлбал, Замын-Үүд боомтоор авто замын тээвэрлэлтийг сэргээх, улмаар төмөр замаар зөвхөн чингэлгээр тээвэрлэх шаардлага тавьж байгаагаа эргэж харж үзээч ээ. Яагаад гэхээр энэ байдлаар ачаа тээвэрлэхэд хүний оролцоо бага байгаа. Төмөр замын тээвэрлэлтийг хэвийн явуулах, чингэлэг тээвэрлэх байдлаар авто замын тээврийг сэргээх арга хэмжээг шуурхай авч, ойрын хугацаанд Замын-Үүд, Эрээн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох саналыг дэвшүүллээ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг гол боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгоё, боомтуудаар нэвтрүүлж байгаа тээвэрлэлтийн хэмжээ, авто машины тоог нэмэгдүүлье гэдэг тодорхой санал дэвшүүллээ. Түүнчлэн дэд сайдын зүгээс боомтуудын дэглэмт, цар тахлын улмаас тогтоож байгаа арга хэмжээгээ урьдчилан нөгөө талдаа хэлэхгүйгээр орон нутгийн түвшинд шийдвэр гаргаж байгаа тохиолдол цөөнгүй гарч байгааг онцлон тэмдэглэсэн. Цаашид цар тахлын нөхцөл байдлын улмаас эрсдэл их байгааг харгалзаад арга хэмжээ авах шаардлага гарсан тохиолдолд урьдчилан нөгөө талдаа заавал мэдэгдэж байх. Энэ арга хэмжээг хэдий хугацаанд үргэлжлэх мэдээллээ нээлттэй, харилцан шуурхай бөгөөд ойлгомжтой өгч байх нь манай ААН-үүд үйл ажиллагаагаа төлөвлөхөд тустай байна гэдэг үүднээс хандсан. БНХАУ-ын ГХ-ны туслах сайд нөхцөл байдлыг ойлгож өөрийнхөө улсын холбогдох байгууллагуудад мэдээлж энэ асуудлыг цаашид анхааръя гэдгээ илэрхийлсэн.
Худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, цаашид иргэд зорчих нөхцөлийг сайжруулах, аль болох иргэд хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёр талаас хамтарч ажиллая. Хэвийн үйл ажиллагааг сэргээхэд гол хүндрэл нь цар тахлын нөхцөл байдал байгаа. Тиймээс халдвараас сэргийлэх арга хэмжээг монголын талдаа ч сайжруулаач ээ. Хэрвээ монголын талын халдвар хамгааллын арга хэмжээг сайжраад эрсдэл багасвал боомтуудаар нэвтрэлт улам нэмэгдэнэ. Үүнд хоёр талын холбогдох байгууллагууд ялангуяа орон нутгийн түвшинд мэдээлэл солилцоогоо сайжруулаад ямар арга хэмжээ хамтарч хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхой ярилцаад ажиллавал хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа богино хугацаанд сэргэх боломж байна гэж санал нэгтэй үзсэн” гэв.