ХХ зууны монголын түүх бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулахын төлөөх их тэмцлийн түүх. Түүний нэгэн үеийг монголчууд Улс тунхагласны баяр хэмээн ёсолдог болоод удаж байна. Олонх хүмүүсийн нүүр номд өнөөгийн Монголын Улсын төрийн далбааг барьсан морьтны доор “Улс тунхагласны баярын мэнд хүргэе!” гэж бичсэн зурагт мэндчилгээ, “Тусгаар тогтнолын баяр” гэсэн үгс залаатай үзэгдэнэ. Бид энэ талаар түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай ярилцсан юм.
Тэрбээр, “Тусгаар тогтнол гэдэг үг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхдөө англи хэлний independence гэдэг үгээр тодорхойлогдож байгаа. Тэгэхээр хамаарахгүй, хамааралгүй гэсэн санаа гарч байгаа юм. Манай түүхэнд хэзээ ийм зүйл болсон гэхээр 1911 онд болсон. Манж гэдэг улсын бүрэлдэхүүнд орчихсон, үгүйсгэх аргагүй үнэн түүх. Тэгвэл үүнээс гарсан нь 1911 оны 12 дугаар сарын 29 байгаа. Бид энэ өдөр Монгол гэдэг улсыг сэргээн мандуулж, олон улсад тунхагласан. Энэ үйл явц бол тусгаар тогтнол мөн. Тэгэхээр 1924 онд ийм үйл явдал болоогүй. Эдийн засгийн, улс төрийн бие даасан үйл ажиллагаа явуулж байсан гээд үзэхээр, ямар нэг юманд хамаарагдаж байгаад түүнээс гарсан гэдэг зүйл огт байхгүй. Тэгэхээр өнөөдөр тусгаар тогтнолын баяр биш. Тусгаар тогтносон өдөр бол бүр ч биш. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, мандаад гараад ирэхэд, биднийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ингээд зөвшөөрүүлэхийн төлөө тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө 20 дугаар зууны туршид Монгол Улс тэмцсэн.
1961 онд НҮБ-т элсэж бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орон болсон шүү дээ. 50 жил бид энэ бүхний төлөө тэмцсэн хэрэг. Энэ хугацаанд олон удаа тусгаар тогтнолоо баталгаажуулах ажлыг хийсэн. Түүний нэг нь 1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхдугаар үндсэн хуулиа батлаад Бүгд найрамдах засгийг хуульчлан баталгаажуулж байгаа өдөр. Үндсэн хуультай болно гэдэг нь бие даасан хараат бус хэв шинжийг нэгээр баталгаажуулж бүрдүүлж байгаа юм. Энэ бол чухал үйл явдал.
Эдгээр түүхэн өдрүүдийг тус тусад нь авч үзэж болохгүй. Цул юм байгаа. Том үнэт зүйл гэсэн үг. Түүнээс биш 1911 он чухал бусад нь хамаагүй. 1921 он гоё шүү, энэ бүхнийг мандуулсан. Эсвэл 1924 онд бүхнийг хийчихсэн бусад нь хамаагүй гэх. Энэ бүхэн нэгдэж байж бид гудманд чөлөөтэй бардам алхаж яваа. Өөрийнхөө хэмжээнд үзэл бодлоо илэрхийлдэг. Ийм бардам иргэд болгосон юм шүү.
1945 онд дайн дуусч байх үед ЗХУ, АНУ, Англи гэх гурван улсын тэргүүнүүд уулзсан. Түүн дээр Сталин, “БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр хүнийг тэгж хэлүүлтэл бид олон юм аа зольсон. Түүнийг нэг хэсэг нь 1920-1930-иад оны хэлмэгдүүлэлт. Хэдэн арван мянган монголчуудын амь нас, хувь заяа байна шүү дээ. Би эдгээр хүмүүсийг баатрууд гэж боддог. Тусгаар тогтнолын төлөө амиа зориулсан баатрууд. Залуучууд ч гэсэн тэгж хараасай. Түүнээс биш, тэр үед хэлмэгдсэн хөөрхий хэдэн хүн. Хэл ам нь яасан дуусдаггүй юм гэж битгий бодоосой.
Өнөөдөр тэмдэглэж байгаа баярыг хуулинд Бүгд Найрамдах улс тунхагласны өдөр гэж зааж байгаа шүү дээ. Энэ өдөр бол Төрт ёсны баярын өдөр. Энэ баярыг 47 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Үүнийг тэмдэглэхдээ хамгийн түрүүнд үндэсний бөхийн барилдааныг тасалдуулахгүй байх ёстой. Бөх гэдэг Монголчуудын зүгээр нэг соёл биш. Энэ бол Монгол төрийн оршихуй, түүний чухал илэрхийлэл юм. Бөх нь төрөө хамгаалж байсан. Хоёрдугаарт бөхийн барилдаан нь төрт улс оршиж байгааг, Монгол улс мандан бадарч байгааг монголчуудад мэдрүүлж бахархлыг төрүүлж байдаг ийм зүйл байна.
Манай оюутнууд, “баярын өдрөөрөө сайхан амраарай” гэхээр, “ямар баяр болох гэж байгаа билээ” гэдэг. Ийм баяр гэхээр, “12 дугаар сард бас нэг ийм баяр байхгүй бил үү” гэдэг. Тэгэхээр энэ баярынхаа утга учрыг ард нийтэд ойлгуулах ёстой. Хоёрдугаарт баяруудын мөн чанар зааг ялгааг хуульчлах ёстой.
Ингээд 2000 жилийн түүхтэй Монголын төрт ёсны салшгүй хэсэг. Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй түүхийн нэг болох 1924 оны анхдугаар үндсэн хууль батлагдаж бүгд найрамдах засагтай болсны энэ их баярыг монголчууд та бүхэндээ хүргэе" гэлээ.