Хэрхэн олон улсын шалгалтад бэлдэх вэ? Хэл сурах арга барил олон хэрэгтэй зүйлсийн талаар “Yeti” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Г.Шүр-Эрдэнэтэй ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Г.Шүр-Эрдэнэ гэдэг. Би “Yeti” сургалтын төв буюу залуучуудын боловсрол судлалын төв ТББ-ын үүсгэн байгуулагч багш.
Та анх хэрхэн хэл сурч байсан бэ?
Миний хэл сурсан түүх гэвэл 1992 он. Тэр үед англи хэлний сургалтын төв, ном, толь бичиг гэж байгаагүй. Миний хэлний багш гэвэл тухайн үед гаднаас орж ирдэг байсан чихэр, пиченийн шошго байсан. Одооны хүүхдүүд бол азтай. Бие даах, хүссэн сургалт, багшаа сонгоод суралцах боломж байна. Тухайн үед чихэр, шоколадны хойно байгаа орц, найрлагыг уншаад мэдэхийг хүсдэг байсан. Кабелийн телевизээр МТв гэж гардаг байлаа. Түүгээр дуунууд явахаар Ази залуучууд англиар төгс ярьдаг байсан. Миний хувьд тэд нар шиг л болохыг хүссэн. Тэд нар шиг хөтлөгч болоогүй. Гэхдээ англи хэлний тусламжтай амьдралынхаа бүх мөрөөдлийг биелүүлээд явж байна.
Хэл сурахын тулд хаанаас, юунаас эхлэх хэрэгтэй вэ?
Ойролцоогоор таван жилийн өмнө хэлний сургалтын төвүүд хүчээ авч байсан. Харин одоо хувь хүний хөгжлийг нийгэм чухалчилж байна. Энэ юу вэ гэхээр хэл сурахад буюу аливаа юмыг сурахад хувь хүн өөрөө төлөвшсөн байх ёстой гэдгийг нь хүмүүс зах зээлээр мэдчихээд өнөөдөр хувь хүний төлөвшлийн, манлайлал ихээр гарч ирж байна. Инфлюнсер гээд бид мэднэ тийм үү. Инфлюнсер гарч ирсэн шалтгаан нь дагагч байгаа учраас гарч ирсэн.Яагаад дагагч байна вэ гэхээр өөрийгөө олох гэж залуус тэмцэж байна гэсэн үг. Тэгэхээр ямарваа нэг зүйл сурахын үндэс нь эхлээд өөрөө өөрийгөө мэдэх. Өөрийгөө хайрлах ёстой, өөрийгөө юунд зорьж байгааг мэдэх ёстой. Тухайн хүний ойрын таван жилийн зорилго нь юу байна. Гоё сайхан цаг үе ирж байна. Залуучууд өөрсдийнхөө төлөө тэмцэж байна. Тэгэхээр юу хүсэж байна гэдгээ ойлгоод түүнийгээ оролдож үзэх хэрэгтэй.
Сурах арга барилаа хэрхэн олох вэ?
Би яг энэ гээд зөвлөхгүй. Миний анзаарснаар хүн амьсгалаа их чагнах ёстой юм билээ. Ямар үед амьсгалж байна, ямар үед амьсгалаа түгжиж байна. Амьсгалаа зөв хуваарилчихсан хүн хийж байгаа юмныхаа утга ухааныг олоод яваад байдаг юм билээ. Тэгэхээр магадгүй кино үзэхээр хүн нэг төлөв рүү шилждэг байх. Дуу сонсох, дасгал хийх, хичээлээ хийх үедээ бас нэг өөр өөр төлөв рүү шилждэг байх. Тэр төлөвөө мэдэрчихсэн, мэддэг хүн хэзээ амьсгалаа авах уу хэзээ амьсгалаа гаргах уу гэдгээ мэддэг. Иог, бясалгал шиг л. Ер нь бол юу ч хийсэн үйлдэж байгаа л бол үр дүн нь гарна. Зүгээр хуулж бичиж болно, сонсож болно, үзэж болно. Тэгэхээр юу ч гэсэн үйлдэл гаргах л хэрэгтэй гэсэн үг. Над дээр ирсэн оюутнуудын хувьд IELTS, TOEFL-д бэлдэнэ гээд ирдэг. Ийм тохиолдолд бол чангална. Яагаад гэвэл юманд стандарт байдаг. Маш сайн унших хэрэгтэй. Суулгаж сургах хэрэгтэй. Хэлийг сурах, академик төвшинд үр дүн гаргах гэж нэг өөр. Цэгцтэй, дэгтэйгээр суралцахад тусална.
“Эхлээд өөрт байгаа боломжоосоо эхэлж суралц”
Хэлний шалгалтад бэлдэнэ гэхээр хүмүүс сүрдээд, айгаад алхам хийж чадахгүйгээр тойроод яваад байдаг юм шиг ээ?
Англи хэлний олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн 30-аад тест байдаг. Зөвхөн IELTS, TOEFL гээд үлдсэн 28-г нь бид ярихгүй байгаа биз. Жишээлбэл ВВС-ын богино хугацааны сургалтад суух гээд явахад хэл хэрэгтэй. Тэгэхээр ямар хэлний төвшин шаардах вэ? Шалгалт шаардахгүй шууд ярилцлага авч болно. Чи түүнд бэлэн байх хэрэгтэй. IELTS, TOEFL гэж ярьдаг цаг үе өнгөрсөн. Мэдээж IELTS, TOEFL байсаар байгаа. Тухайн сургууль аль шалгалтыг чамаас шаардаж байна. Олон улсын хүлээн зөвшөөрсөн 30 шалгалтуудаас өгөөд аль ч шатандаа хүссэн сургуульдаа орж чаддаг байх чадвар чухал болоод байна. IELTS, TOEFL-ийн шалгалтаасаа хямдхан олон улсын шалгалт байгаа. Жишээлбэл Duolingo байж болно. Гэрээсээ өгчихдөг. Гурван сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад гадаад руу явах гэж байлаа гэж бодоё. Чамаас Duolingo шаардвал яах уу? тэгэхээр хэлний шалгалтад өөрчлөлтүүд гарна гэж бодож байгаа. Заавал 600 мянган төгрөг төлөөд IELTS, TOEFL-ийн шалгалт өгөх шаардлагатай юу гэдэг асуудал гарч ирж байна. Гэрээсээ 150 мянган төгрөг төлөөд онлайнаар өгч болох хэлний шалгалтууд байна. Тэгэхээр суралцагч академик төвшинд бүхий л чадвараа сайжруулах хэрэгтэй. Залуучууд зөвхөн IELTS, TOEFL яриад суухаас илүүтэйгээр ямар хөтөлбөр хаана байгааг олж хараад хүссэн шалгалтаа өг. Зорьж байгаа зүйлээ тодорхойлоод түүндээ тохирсон шалгалтдаа бэлдвэл цаг хугацаа ч хэмнэнэ. Явах гэж байгаа чиглэлийнхээ дагуу тэр хүрээндээ тохирсон подкаст сонс, унш тэгвэл илүү хурдан сайжирна.
Англи хэлээ хийж эхэлж байгаа хүнд зөвлөгөө өгвөл, яах учраа сайн олдоггүй шүү дээ?
Өөрт байгаа юмнаасаа хажууд чинь байгаа зүйлээсээ хийж эхэл. Заавал IELTS, TOEFL-н үнэтэй ном ав гэж зөвлөхгүй. Эхлээд өөрт байгаа боломжоосоо эхэлж суралц. Сайн амарч, идэх хэрэгтэй. Сэтгэл зүйгээ тайван байлгах ёстой. Тэгэхэд аяндаа хүн юу унших уу гэдгээ мэдэрнэ. Сургалтад ирж байгаа зарим залуус маш том мөрөөдөлтэй. Түүнээсээ болоод маш их сууж хичээл хийсэн. Ядарснаасаа болоод хичээлээ хийгээд ч ойлгохоо больчихсон. Бид машин биш хүн. Амрах ёстой, хайрлаж хайрлагдах ёстой. Хүүхдүүдээ амраа ээж аав нараа. Магадгүй найз нөхөдтэй нь гараад кино үзэх боломжийг нь олго. Зарим эцэг эхчүүд манай хүүхэд англи хэлний шалгалтад бэлдэж байгаа гээд шалыг нь ч угаалгадаггүй. Угаалга. Угааж байх үедээ сонсох дасгалаа хийх зэргээр юм сурч байна гээд өмнөөс орж юмыг нь хийхгүйгээр орчноос тусгаарлахгүйгээр байлга. Англи хэлээ давтаж байхад дүү нь хажууд нь орилж л байг. Тэгсэн ч төвлөрч хийж чадаж байна гэдэг нь тэнд амжилт байна гэсэн үг. Багшаа би хажуу талын хүүхэд тэгчихсэн чинь анхаарал сарничихсан гээд зарим сурагч нар маань хэлний шалгалтын дараа хэлдэг л дээ. Уулын орой дээр сууж байхдаа хүртэл уншсан юмныхаа утгыг ойлгодог байх ёстой. Энэ бол магадгүй академик төвшин байх.
"Яаж амжилттай болох уу гэхээр ямар ч тохиолдолд өөрийгөө өөрөөр нь байлгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ чадварт суралцах хэрэгтэй"
Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
Амьдралын хэв маягаа алдахгүйгээр бүхий л үед суралцаж сурах хэрэгтэй. Нэг юмыг тууштай хийх хэрэгтэй. Автобусанд байхдаа гэг подкастаа олон удаа сонсоод цээжлээд буух хэрэгтэй. Би лам нарын сурах арга барилыг анзаарсан. Жижигхэн таван настай хүүхэд хийдэд очоод суудаг. Энэ хийморийн санг сонсвол хийморь чинь сэргэнэ гээд хэлчихнэ. Тэгэхээр тэр хүүхэд сонсоно, цээжилнэ. Цаад үр дүн нь гоё хийморь сэргэнэ эерэг байгаа биз. Тэгээд үүн дээрээ суурилсан үсгээ заагаад үгээ заана. Тэгэхээр ямар нэгэн юм хийхийн тулд цаана нь зорилго нь эерэг байх ёстой. Хуулж бичих нь хүний бүх төв эрхтэнг ажиллуулдаг. Хуулж бичиж байхдаа харна, уншина, сонсоно гээд дөрвөн төв эрхтэн ажилладаг. Юм хийвэл үр дүн гарна. Тэгэхээр үйлд. Үйлдэл бол хамгийн түрүүнд чухал.