Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ зуун жилд боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэсээр, улс орны хөгжил дэвшил, соён гэгээрэл өнөөгийн түвшинд хүрээд байна. Боловсролын салбарын баялаг түүх, зуун жилийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Анхны гараа
1921 оны 11 дүгээр сарын 2-нд Ардын Засгийн газаранхны бага сургуулийг нээснээр Монгол Улсад шинэ цагийн боловсролыг хөгжүүлэх эхлэлийг тавилаа.
Боловсролын тогтолцоо бүрэн бүрдэв
1921 онд цэргийн сургууль, 1923 онд дунд сургууль, 1930 онд цэцэрлэг, 1942 онд МУИС-ийг тус тус байгуулсанаар манай улсад орчин цагийн боловсролын тогтолцоо бүрэн бүрджээ.
Бүх нийтээр бичиг үсэгтэн улс болов
1921 онд хүн амын 90 хувь нь бичиг үсэггүй байсан Монгол Улс 1970 онд бүх нийтээр бичигтэн боллоо.Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж чадсанаар 1970 онд Монгол Улс бүх нийтээр 100 хувь бичиг үсэгтэн болсныг үнэлэн ЮНЕСКО-оос Н.К.Крупскаягийн нэрэмжит “Бичиг үсгийн шагнал”-аар шагнасан билээ.
Боловсролын гадаад харилцаа
1921 оноос Орос, Герман, Франц зэрэг гадаад улсад хүүхэд залуусыг суралцуулж эхэллээ.Орос сургагч багш нарыг урьж ажиллуулж байв. Монгол Улс 1962 онд ЮНЕСКО-д элссэнээс хойш манай улсын боловсролын гадаад хамтын ажиллагаа улам өргөжив. 1993 оноос боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн олон хөтөлбөр, төсөл, оролцоо, дэмжлэг нь боловсролын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой байв.
Багш бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоо
1922 онд Багш бэлтгэх түр курсийг нээсэн нь багш бэлтгэх тогтолцооны үндэс болсон. Өнөөдөр бүх шатны сургуульд 100-аад багш, ажилтан ажиллаж байна.
Иргэний сурч боловсрох эрх
1924 онд Анхдугаар Үндсэн хуулиар ард иргэдийн үнэ төлбөргүй сургах эрхийг батлан тунхаглажээ.
Сурагчийн хөгжил
1925 онд Монголын пионерийн байгууллагыг байгуулж, хичээл сургалтын зэрэгцээхүүхэд багачуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлыг боловсролын байгууллагад түшиглэн явуулжээ.
Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн
Ардыг гэгээрүүлэх яамны сайд Онхуд овгийн Сангажавын Жамьян анхны сурах бичгүүдийг зохиосон. Өнөөдөр сурагчид нийт 149 нэр төрлийн сурах бичгийг хэрэглэж байна.
Боловсролын тухай хууль
БНМАУ-ын Ардын Их Хурлын 1963 оны чуулганаар боловсролын салбарын анхны бие даасан хууль батлагдсан.1983 онд БНМАУ-ын ардын боловсролын тухай хууль, 1991 онд БНМАУ-ын Боловсролын хууль, 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай, 2002 онд Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай,2008 онд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиуд тус тус батлагдсан.
Боловсролын шинэчлэл
100 жилийн хугацаанд боловсролын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсний дүнд иргэдээ бага, суурь боловсролд 100 хувь хамруулж, мэргэжлийн боловсролыг хөгжүүлж ирлээ.