Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь удаагаа хэлэлцсэн.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Бид нар боловсролын реформ хийх эхлэл энэ жилийн 2022 оны төсвөөс л эхэлнэ. Бид нар боловсролын салбараа хүний эрхийн мэдрэмжтэй болгож байж энэ улс хүний эрхийн мэдрэмжтэй болно. Гэтэл өнөөдөр манай боловсролын салбар огт хүний эрхийн мэдрэмжгүй байна. Бид хүүхэд болгонд тэгш амьдралын гарааны боломжийг боловсролоор өгч чадахгүй байна. Зарим нэг хүүхдэд нь татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвөөс илүү мөнгө зарцуулаад, заримд нь багыг зарцуулаад, шал өөр амьдралын гараа уруу 18 нас хүрэхээр нь орооч ээ гээд түлхэж байна. Тийм учраас энэ дээр бид нар маш нухацтай хандах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн өөрөө өөрийгөө аваад явах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болтол нь боловсролтой болгох ёстой. Ингэхийн тулд энэ хүүхдүүдэд зориулсан хэрэглэгдэхүүнүүдийг нь хангаж, багш нарыг нь сургах ёстой. Мөн үндэстний цөөнх, тэр дундаа Казак, Тува үндэстэнд хос хэлний хөтөлбөрийг бий болгож өгөх ёстой. Казак, Тува, Монгол хэлээ яг эх хэл шигээ зэрэг эзэмшдэг хос хөтөлбөрийн тогтолцоо олон улсад байдаг шүү дээ. Үүнд бид нар мөнгө зарцуулах ёстой. Ингэж байж манай боловсрол хүний эрхийн мэдрэмжтэй болно. Тэгээд магадгүй 2023 оны төсвөөс ч юм уу зоригтойгоор ашигт малтмал, уул уурхайгаас олж байгаа орлогийн 30 хувийг шууд боловсролын салбарт зориулчихъя л даа. Энэ олон хэрэгтэй лабораториудыг нь гаргаад өгье, нөгөө 30 хувийг нь эрүүл мэндийн салбарт. Ингэж байж л хүний хөгжлийн индекс дээшилнэ. Хамгийн гол хоёр үзүүлэлт нь эрүүл мэнд, боловсрол хоёр байгаа.
Үр дүнгийн урамшуулал өгье гэж байна. Энэ дээр хамгийн чухал юм үнэлгээ байдаг. Манайд маш сайн үнэлгээ хийдэг нэг ч олигтой мэргэжилтэн байхгүй. Боловсролын үнэлгээний төвийнх нь хийж байгаа ажил ч гэсэн шаардлага хангахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байгаа байдал нь ч гэсэн огт шаардлага хангахгүй. Үүнд бид шинэчлэл хийх хэрэгтэй. Дээрээс нь монгол хэл, түүх, соёлын хичээлүүдийг үнэлэх үнэлгээний аргачлалтай, асуултын сантай болох ёстой. Энэ байснаар үр дүнг нь хэмжинэ. Санхүүжилтийг нь болж өгвөл ирээдүйд 2023, 2024 оноос уул уурхайн салбарын орлогын 30 хувь гээд зоригтой шийдвэр гаргамаар байна. Ингэж байж манай улсыг авч явах ирээдүйн хүүхдүүд чинь чадвартай болно.
Дараа нь соёл урлаг, биеийн тамирын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг тухайн нутаг оронд амьдарч байгаа хүн амын тоонд уялдуулж хөрөнгө оруулалтыг хийдэг болмоор байна. Тэгэхгүй бол хэдэн хүнд байгаа нь тодорхойгүй янз бүрийн төсөвтэй ийм орднууд барих болчхоод байна. Араас нь бид нар хэдэн хүн ажлаар хангах болно, дээрээс нь урсгал зардал гээд төсөв дийлэхгүй улам данхайгаад гэдэг чинь эндээс л гарч ирж байгаа юм. Тэгэхээр байршлын шинжилгээ боловсролын салбарт хийж байгаа шиг ийм шинжилгээний дагуу дараа дараагийн жилийн төсөвтөө анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Мөн ажилчин хүүхдүүдийн сургууль гээд би бүтэн жил ярьж байна. Амьдралын маш олон нөхцөл байдал, Хүүхдийн засан хүмүүжүүлэхд ороод ирж сурдаг сургууль Монгол улсад ганцхан байдаг. Энэ хүүхдүүдэд бид нар боломж олгох ёстой. Эргээд боловсролоо нөхөх, ажлын байртай болгоход нь анхаарал тавих ёстой. Анхаарал тавьдаг ганцхан сургуулийг нь та нар ерөөсөө анхаарахгүй байгаа байхгүй юу. Би байнга хурал болгон дээр хэлдэг, ерөөсөө анхаарахгүй. Энэ чинь “Насан туршийн боловсролын төвөөрөө дамжаад дүүрэг, сум болгонд хэрэгжих боломжтой гэж би хараад байна. Америкт бол “evening school” гээд байдаг. Тэгэхээр энийг та хэд анхаараад өгөөч ээ. Амьдралдаа нэг л алдсан бол тэр чигээрээ чи өнхрөөд ойч гэж байгаа юм шиг боломж өгөхгүй байна шүү дээ. Хэдийгээр боловсролын салбарт маань цөөхөн хүн байгаа ч анхаарч өгөөч ээ гэж хүсч байна” гэв.