Ажилдаа явахдаа, орой тарахдаа түгжрэлд стрессдэж, тулгаж барьсан барилгаас болж чөлөөтэй ч явган хүний замаар зорчиж чаддаггүй, тоосжилт ихтэй дэд бүтэцгүй, гэр хороолол нь модон жорлонгоосоо салаагүй ийм нөхцөл байдалтай Улаанбаатар хотын иргэд нэлээд хугацааг бухимдаж өнгөрүүллээ. Тэгвэл хот төлөвлөлт юунаас болж алдагдсан цаашид яавал зохилтой талаар МУИС-ийн Газар зүйн тэнхимийн дэд профессор Г.Гантулгатай ярилцлаа.
Хот төлөвлөлт муу учраас хүмүүс түгжрэл, бөөгнөрөл үүсэж байна гэж үзэж байгаа. энэ талаар таны бодол?
Төлөвлөлт хэрэгжилт хоёр тусдаа ойлголт. Хот байгуулалт, төлөвлөлт гэж ярьдаг. Миний бодлоор хот төлөвлөлт тийм ч муу байгаагүй. Боломжийн л төлөвлөж байсан шүү. Харин хүн амын өсөлтийн тооцоон дээр алдаанууд гарсан. Улаанбаатар хотыг 500, 800 эсвэл сая хүнтэй болно гэж буруу тооцоолж алдсан. Төлөвлөлт харьцангуй гайгүй байсан ч хэрэгжилт сул байсан. Төлөвлөсөн ч төлөвлөлтийн дагуу баригдахгүй. Жишээлбэл 2000-2020 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ногоон нуур орчим цэцэрлэгт хүрээлэн болно гэж төлөвлөсөн байхад төлөвлөсний дагуу болж чадаагүйг бид өнөөдөр харж байна. Төлөвлөлт зөрчлөө гээд эрх зүйн хариуцлага хүлээлгэх байдал сул. Төлөвлөлт, эрх зүйн орчноо сайжруулах гээд нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөгөө 2012 онд УИХ-д тогтоол баталсан ч хангалттай үр дүн үзүүлж чадаагүй. Сүүлдээ ерөнхий төлөвлөгөөг заавал хэрэгжүүлэх төлөвлөгөө юу, зөвлөгөө маягийн баримт бичиг үү гэсэн эргэлзээтэй ойлголт болж хувирсан. Товчхондоо бол төлөвлөлтөөс илүү хэрэгжилт муу байсан гэж хэлж болно.
Тэгэхээр өнөөдрийн буруу төлөвлөлт, хэрэгжилтгүй байдал хариуцлагагүй байснаас болсон гэсэн үг үү?
1954 онд Улаанбаатар хотын төлөвлөлт хийхдээ 128 мянган хүнтэй болно гэж төлөвлөсөн. Гэтэл Улаанбаатар хотод ирж байгаа хүмүүсийн хэмжээ төлөвлөлтөөсөө зөрчихсөн. Төлөвлөсөн хүмүүстэй л зориулсан төсөв хөрөнгө, бүтээн байгуулалтаа шийдсэн байдаг. Цаана нь төлөвлөлтийн хугацаанаас өмнө хүмүүсийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, тооцооллоос зөрснөөр дэд бүтэц, зам, сургууль, нийтийн тээвэр, дэлгүүр, эмнэлэг хүрэлцэхээ болиод эхэлдэг гэсэн үг. Нэгэнт ийм алдаа үүслээ гээд түүнийгээ засаж төлөвлөлтөө цуцлаад дахин дахин хийсэн ч гэсэн хүн амын тооцоолол дээрээ алдаж энэ нь хуримтлагдсаар байгаад одоогийн Улаанбаатар хотыг бий болгосон. Хотын дэд бүтэц бараг 500 мянган хүний ачааллыг даах хэмжээтэй байсан ч одоо бид нэг сая 200 мянгаараа энэ хотод амьдарч байна. Нэг үгээр бид өөрсдөө ачааллыг нь хэтрүүлчихсэн. Төлөвлөлт барилга дэд бүтэц нь шилжиж ирсэн хүнийхээ өсөлтийг гүйцэхгүй байсан нь хотын өнөөгийн төрхийг бүрэлдүүлсэн.
Хүн амын шилжилтийн тооцоолол буруу байсан нь гол шалгаан нь юм байна тийм үү?
Хүмүүс хот суурийн газрыг бараадах нь зөвхөн Монголчуудын биш дэлхий нийтийн асуудал. Тухайн үед төлөвлөлт хийхдээ Монголыг мал аж ахуйн орон гэж үзээд хот руу төдийлөн ирэхгүй гэж тооцоолсон юм билээ. Тэгсэн хүмүүс хотод ирж суурьшиж амьдрах маш их сонирхолтой байсан.
Төлөвлөлтөө сайжруулах гэж хэчнээн удаа оролдсон бэ?
Таван том төлөвлөлт хийсэн. Одоо зургаа дахь төлөвлөлтийг хийж байгаа. Эхний дөрвөн төлөвлөлт тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламж, дэмжлэг оролцоотойгоор хийж байсан. Тав дахь нь Монголчууд өөрсдөө бие дааж хийсэн. Одоо зургаа дахь төлөвлөлтийг мөн адил Монголчууд өөрсдөө бие даагаад хийж байгаа.
Төлөвлөлтийг хэн ч зөрчиж болоод байгаад л гол асуудал байгаа юм. Энэ газар ийм хороолол болно гэж төлөвлөж байхад дараа нь нэг хүн тэнд иргэдэд газар олгоно гээд сонгуулийн сурталчилгаа хийчихдэг. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод төлөвлөлт хэрэгжихгүй байгаа. Төлөвлөлтийн дагуу юмаа хийх гэхээр баахан айл ирчихсэн нүүлгэж болохгүй. Тэгээд л нөхөн олговор шаарддаг. Энэ нь өөрөө гацалтын байдал руу оруулж байна. Ер нь одоо цагт цоо шинээр “цагаан цаасан” дээр хот төлөвлөлт хийнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Заавал нэг газар дахин төлөвлөлт хийнэ. Хэн нэгний өмч хөрөнгө, амьдардаг газартай зөрчилдөх, өөрчлөх нөхцөл байдалтай заавал тулгарна. Үүнийг дахин төлөвлөлтдөө зайлшгүй тооцох хэрэгтэй.
Дахин төлөвлөлтөд өөр юуг тооцоолох шаардлагатай вэ?
Төрөлт, нас баралт, өвчлөлийг нэг бүрчлэн тооцох хэрэгтэй. Шилжиж ирж байгаа цаад шалтгаан орон нутаг дахь ажлын байр, амьдрах орчин, зах зээл, бараа материалын үнэ маш олон зүйл хоорондоо холбоотой. Энэ бүгдийг цогцоор нь бодож байж зөв тооцоолол гаргаж чадна. Түүнээс биш хүмүүсийн шилжиж ирж буйг захирамж, тушаалаар хаах боломж байхгүй. Сүүлийн хэдэн жил нийслэл рүү хүн шилжин суурьшихыг бичиг цаасны хувьд хаачихсан байгаа. Хүмүүс бичиг цаасны хувьд шилжиж ирээгүй ч аль хэдийн Улаанбаатар хотод ирээд ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс байгаа.
Орчин үеийн хот гэж ямар хотыг хэлэх вэ?
Хотын талаар ойлголтууд хувьсаж өөрчлөгдөөд л байна. Би ч гэсэн хотыг багадаа маш олон давхар шил толин байшинтай байвал гоё гэж боддог байсан. Одоо дэлхий нийтийн хандлагаар гоё хот гэвэл стрессгүй тайван зай талбай хангалттай аюулгүй. Аюулгүй стрессгүй байхын тулд намхан байшинтай, ногоон байгууламж ихтэй, хангалттай зай талбайтай, аюулгүй, эрүүл байхыг гоё хот гэж хэлдэг болсон. Хот төлөвлөлт гэдэг ойлголт ч хүртэл өөрчлөгдөөд хүний амьдрах орчинг төлөвлөдөг хүнд шаардлагатай зүйл юу вэ гэдгийг тооцож үздэг болж байна. Жишээлбэл хүн ямар хоол иддэг, ямар амьдралын хэв маяг дуртай байх вэ, ямар шашин шүтдэг, хэр орлоготой вэ гэдгийг нь хүртэл тооцоолсон ийм төлөвлөлт хийхийг орчин цагийн хотууд шаарддаг болсон.
Ногоон байгууламж хот төлөвлөлтөд маш чухал. Монголд ногоон байгууламж хангалттай байдаггүй нь төлөвлөлттэй холбоотой юу?
Монголд ногоон байгууламж гэдэг ойлголтоосоо эхлээд л буруу. Зам дунд байгаа юм тариагүй шороотой хэсгийг хүртэл ногоон байгууламжид оруулаад тооцчихдог. Зарим дүүрэг хиймэл зүлэг тавьчихсан харагдах байдлаас нь ногоон байгууламж гэж бодоод байдаг. Ногоон байгууламж нь дуу чимээ тусгаарлах, тоосжилт багасгах, аюулгүй байдал, агаарын бохирдлыг бууруулах гээд маш олон зүйлд хэрэгтэй. Гэтэл сонгодог утгаараа Монголд ногоон байгууламж байхгүй. Нэг хүнд ногдох ногоон байгууламж нь маш бага. Дэлхийн дунджаар 15-25 метр квадрат ногоон байгууламж нэг хүнд ногддог. Улаанбаатар хотод нэг хүнд гурав орчим метр квадрат ногоон байгууламж л ногдож байгаа.
Ногоон байгууламжийг сайжруулах ямар нэгэн үйл ажиллагаа, бодлого боловсруулж байна уу?
Ногоон байгууламжийг сайжруулах, нэмэгдүүлэх гаднын төсөл хөтөлбөрүүд олон байгаа., Гэхдээ бас л хэрэгжилтийн асуудал яригдана. Экологи эдийн засгийн үнэлгээтэй болгоод хэрвээ гэмтээвэл нөхөн төлбөр авдаг тогтолцоо бий болсон. Тодорхой хэмжээнд хуулиудад энэ талын асуудлууд сууж өгсөн. Тухайлбал эзэмшил газрынхаа 30 хүртэлх хувийг ногоон байгууламжтай байлгах ёстой гэсэн хуулийн заалт хүртэл бий шүү дээ. Үүнд иргэдийн оролцоо маш чухал.
Хотын төвлөрлийг хэрхэн багасгах боломжтой вэ?
Төвлөрлийг 3-4 төвшинд задлах боломжтой. Улаанбаатар хот дотроо дахиад давхар төвлөрөл үүсчхээд байна. Хотын төвийг 4-5 болгож нэмэгдүүлэх хэрэгтэй. Яармаг гээд төв үүсэх гээд байх шиг байна. Баянхошуу, Сэлбэ дэд төв гээд яригдаад ажлууд нь хийгдэж байгаа. Үүнээс ч олон төвүүд үүсгэчихвэл хот дотроо жигд тархвал бөөгнөрөл түгжрэл харьцангуй багасна. Заавал эмнэлэгт үзүүлэх гэж хотын төв рүү орох шаардлагагүй байдлаар ойрхон үйлчлүүлэх боломжтой газруудыг хотыг төв шиг үүсгэнэ гэсэн үг. Хоёрдугаарт дагуул хотуудын төвшинд задлах хувилбар байна. Гурав дахь Улаанбаатар хотын зарим чиг үүргийг орон нутгийн хотууд руу чиглүүлэх. Орон нутагт компани байгуулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ажил хөдөлмөр эрхэлбэл хөдөлмөрийн нөхцөлийн цалин урамшуулал өгнө гэх мэт урамшуулсан зохицуулалт явагдаад байгаа. Тэгэхээр энэ бүхнийг сайтар тооцох хэрэгтэй. Том хот гэхээрээ хүн татна. Хүн татахаараа илүү том боломж зах зээл нэмэгдэнэ. Энэ нь буцаад хүн татна гэсэн циклд орчихсон байна.
Энэ чигээрээ яваад байвал ямар үр дагавар бий болох вэ?
Барьж байгаа барилга болгон хүний өмч хөрөнгө байгаа. Магадгүй хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дуусаагүй маш олон бизнесүүд бий. Улаанбаатарт ийм олон барилга байгууламж гээд эдийн засгийн хувьд төвлөрчихсөн хэр нь байгалийн гамшиг, ус, агаарын бохирдлын хувьд маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихсэн. Газар хөдлөлтийн судалгаа гараад л энэ голын дагуу газар хөдлөлтийн аюултай бүс байна гэж албан ёсны мэдээлэл гарахад тэнд байгаа үнэтэй хорооллуудын үнэ тэр дороо буурах магадлалтай. Газар хөдлөлтөд өртөх аюултай бүсүүд ер нь байгаа. Том үер болбол Улаанбаатар хотын маш олон барилгууд усанд автах нөхцөл байдалд орчихсон байгаа. Урд нь ус чөлөөтэй урсдаг байсан жалга, шуудуу суваг, голын голдирлуудад сүүлд шороо асгаж бөглөөд, хашаа бариад, газар авчихсан. Тэгэхээр одоо ус урсах замаараа урсахгүй өргөн цар хүрээтэйгээр урсах эрсдэлтэй. Ийм гамшгийн эрсдэлд одоо ч орчихсон байгаа. Зун болоход борооны усаар угаагдаад бүх уулын энгэрүүдээс нян агуулсан ус хотоор шавхай болоод халдварт өвчин тархах ч эрсдэлтэй.
Тэгэхээр таны хувьд хот төлөвлөлтийг сайжруулахад юу саад болж байна. Цаашид яах хэрэгтэй гэж бодож байна вэ?
Дэлхийн жишгээс харахад Улаанбаатар хот шиг хэмжээтэй газар нутагт 7, 8 сая хүн амьдарч болоод байна. Тэгэхээр зөв зохион байгуулах хэрэгтэй. Төлөвлөлтийг 20 жилээр хийдэг. Энэ хугацаанд бараг таван удаа сонгууль болж байна. Төлөвлөлтөөс давчихсан мөрийн хөтөлбөр, шийдвэрүүд гаргадаг. Тэгэхээр төлөвлөлт ямар ч үнэ цэнэгүй зүгээр л цаас болчихдог. 20 жилийн Улаанбаатар хотын төлөвлөлтийг харж байхад Ногоон нуур орчим, 32-ын тойрог, Баянбүрд тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн болно. Зуун айлын энд 20, 30 давхар дипломат хороолол баригдана гэсэн тооцоололтой байсан. Одоо нэг нь ч хэрэгжээгүй байна. Хэн ч тэр төлөвлөгөөг дагаагүй. Дагаагүй байсныхаа төлөө нэг нь ч шийтгэл аваагүй. Ямар ч хариуцлагын систем байхгүй. Гэр хорооллыг багасгана гэж ярьж байснаа 2012-2016 онд хотын эргэн тойронд 52 байршилд газар олголт хийсэн. Тэгэхэд маш олон айлууд газар аваад дараагийн гэр хорооллын бүсээ үүсгэчхэж байгаа юм. Ер нь орон сууцад оруулаад ч гэр хорооллын асуудлыг 100 хувь шийдэхгүй. Гол нь дэд бүтцээ л сайжруулах ёстой.