Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
Манай Монгол Улс ковидийн халдварт өвчлөлөөрөө нэг хэсэг дэлхийн 200 орон дотроо байхгүй таван орны тоонд багтаж байсан. Гэтэл өнөөдөр өвчлөлт, нас баралтаараа дээгүүрт байна. Бид мөнгө зараад, зээл аваад энэ өвчлөлд өгөөд байгаа ч үр дүн муутай байна. Өнөөдөр хүртэл 40 сая доллар, 100 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад ковид-19-ийн эмчилгээ, оношилгоо, вакцин худалдан авахад зарцуулахаар төлөвлөж ярьж байна. Одоогийн байдлаар таван их наядыг зарцуулаад байна. Өвчлөл үнэндээ л их байна. Би нэг зүйлд их харамсдаг. Манайх Унгар шиг зөвхөн ОХУ-ын Спутник аваад нэг чиглэлээр тариагүй, Израиль шиг зөвхөн файзер тариулаагүй. Дөрвөн улсын Энэтхэг, Орос, Америк, Хятад гээд вакцинууд тарьсан. Эд нар чинь гарал үүсэл, үр дүн, хор уршиг нь бүгд өөр. Өнөөдөр манайд үүнийг нарийн гаргасан үр дүн байхгүй. Тодорхой хугацааны дараа хор уршиг нь гарна. Нэг ёсондоо туршилтын туулай болоод явсан. Вакцин тарихаас өмнө өвчлөл хөдөө байхгүй байсан. Та нар мэдэж байгаа, үүнийг мартах ёсгүй шүү. Өнөөдөр малчин өрхийн гэр бүл даарч, ядарснаасаа болоод өвчилж байна. Энэ дотроосоо гараад байгаа. Ялангуяа архи уусан үед хавьталд ороогүй мөртлөө илүү гарч байна гэж байна. Хөдөө орон нутагт маш их боллоо. Тэгэхээр бид ард иргэддээ газар газрын вакциныг туршилтын туулай болгоод шахчихлаа. Үүний хариуцлагыг Эрүүл мэндийн яам, Засгийн газар хариуцах ёстой. Би үүнд их харамсдаг. Ойр дотнын, таньдаг, мэддэг олон хүмүүс өдөр болгон эндэж байна. Би сая гадаад яваад ирлээ. Германд гэхэд зөвхөн дархлаажуулалтдаа найдах хэрэгтэй хамгийн ихээр хэлдэг, ярьдаг, зөвлөдөг болсон байна. Ялангуяа хүүхдийн хувьд. Тэр антибиотик, вакцинаар эмчлэхийг хоёрдугаарт тавьж байна. Байхгүй байхад манай хүү ковид хүрээд уламжлалт аргаар гурван орой тарваган шийртэй халуун сүү уугаад эдгэсэн байна. Хүүхэд тийм хурдан эдгэж байхад манайх хүүхдэдээ хүртэл вакцин шахаад байна. Цаашдын хор уршгийг бид тааварлаж мэдэхгүй шүү дээ. Зээл аваад эргээд вакцин худалдаж аваад мөнгөө цааш нь гаргана шүү дээ. Шинжилгээнд өдөрт 400-500 сая төгрөг зарцуулж байгаа юм уу. Бид гадаадаас ирэхэд 24 цагийн дотор шинжилгээ өгсөн байхад шинжилгээ авна гээд л дугаарлуулж байна. Төсвийн тодотголоор шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөсөн байх аа. Мөнгө бол харамгүй зарж байгаа шүү үр дүн муутай байна” гэлээ.
Ийнхүү Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтад 54 гишүүн оролцож, 40 гишүүний саналаар энэ хуулийн төслийн эцэслэн баталснаар тооцлоо.