Амьдралын буруу хэв маяг болох архи тамхины их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт стрессээс шалтгаалан тархины харвалт үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Түүнчлэн сүүлийн үед залуучуудын дунд түгээмэл тохиолдох болсон харвалт өвчин ямар шалтгааны улмаас үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УГТЭ-ийн харвалтын тасгийн эмч Т.Баасандоржтой ярилцлаа.
Харвалт гэж юу вэ?
Тархины харвалт гэдэг өвчин нь үндсэн хоёр механизмаар явагддаг. Эхнийх нь бол судас бүрэн бүтэн байснаа хагарчихдаг. Тэгэхээр тархинд цус харвалт бий болно. Нөгөө хэв шинж нь судас бүтэн хэрнээ дотроо бөглөрөх юм уу нарийссантай холбоотойгоор цусан хангамж гүйхээ байчихдаг гэсэн үг. Цусны тэжээлээр хомстдог байх нь. Нэг нь цус харвалт нөгөөх нь цус тасалдах харвалт гэж бид томьёолдог.
Ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?
Харвалт нь олон шалтгааны улмаас үүсдэг. Ихэвчлэн зүрхний эмгэгийн улмаас дийлэнхдээ үүсдэг байгаа. Үүнд зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихсэлт, зүрхний тосгуурын жирвэгнээ гэсэн өвчнүүд байдаг. Энэ бүх өвчнүүдийн үндсэн суурин дээрээс ерөнхийдөө үүсдэг. Эдгээрийг нөхцөлдүүлж байгаа эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. Энэ нь тухайн хүний амьдралын хэв маягтай холбоотой. Таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний хомстол, давсны хэт их хэрэглээтэй байх, стресс гэх мэтчилэн энэ олон зүйлүүд маань тухайн хүний эрсдэлт хүчин зүйл болж байдаг.
Гэнэт л харвачихсан гэж хүмүүс яриад байдаг. Энэ өвчин нь хэр хугацаанд хүнийг өвчлүүлдэг вэ?
Эрсдэлт хүчин зүйлүүд маань гэнэт үүсэхгүй. Тухайн хүний амьдралын туршид бий болдог. Ганц өдөр хөдөлгөөнгүй, давсны хэрэглээгээ ихдүүллээ гээд харвахгүй. Олон жилийн турш удаан хугацаагаар буруу хэв маягтай, хөдөлгөөний дутагдалтай байснаас болж хүндрэл болдог гэсэн үг.
Монголчуудын дунд энэ төрлийн өвчлөл хэр их байдаг вэ? Сүүлийн үед залуучууд тархины цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдсэн нь ямар шалтгаантай вэ?
Иргэдийн дунд нэлээд түгээмэл байдаг. Архи, тамхины хэрэглээ, таргалалт, амьдралын буруу хэвшил ямар нөлөөтэй болохыг сонсож мэддэг хэрнээ үл ойшоодгоос болоод эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдээс шалтгаалж харвалт бий болдог.
Дээр үед бол харвалт гэхээр настай хүмүүсийн өвчин мэт ойлгогдож байсан. Ер нь судалгаагаар ч тийм байсан. Одоо бол залуужиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншил руу орж байгаатай холбоотой гэж ерөнхийд нь томьёолж хэлж болно. Дийлэнх нь хотжилттой холбоотойгоор хүний амьдралын хэв маяг өөрчлөгдсөн үүнээс болоод эрсдэлт хүчин зүйлүүд ихсэж тархины харвалт нэмэгдсэн. Энэ нь залуучуудын дунд олон тохиолдож байна. Тархины харвалт үүсэх шалтгаан болдог таргалалт, тамхи, чихрийн шижин, даралт ихсэлт буруу хооллолтоос гадна утас, компьютер зэрэг нь мөн удаан хугацаагаар хэрэглэхэд хавсралт эрсдэлт хүчин зүйл үүсэх эрсдэлийг илүүтэйгээр нэмэгдүүлдэг. Иймээс хотжилт үүсэхийн зэрэгцээ өөрийнхөө эрүүл мэндэд хүмүүс анхаарах хэрэгтэй.
Эрсдэлт хүчин зүйлээс харвалтад өөр хүчин зүйлс нөлөөлдөг үү?
Хувь хүнээс шалтгаалахгүйгээр харвалтад хүргэдэг хүчин зүйлс байдаг. Удамшил, нас, хүйс, цаг уурын байдал зэрэг бид нарын зохицуулж болохгүй эдгээр зүйлүүдээс болж харвах тохиолдол байдаг. Гэхдээ энэ эрсдэлт хүчин зүйлээс тохиолдлын хувьд харьцангуй бага. Эмнэлэгт энэ бүгдийг үзлэгээр илрүүлнэ үү гэхээс биш нэг удаагийн үзлэгээр эмчлэх, өөрчлөх боломжгүй тэгэхээр эрсдэлт хүчин зүйлд хүргэж буй дээр дурдагдсан хорт зуршлуудаа хаях шаардлагатай.
Тархины харвалтаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Харвалтыг таних шинж тэмдгийн хувьд нүүр унжих буюу инээмсэглэх үед хамар уруулын нугалаа нэг талдаа суларч нэг талын нүүр дээшээ өргөгдөхгүй байх, дараагийн шинж нь гар эсвэл хөлийн эсвэл гар хөл цуг хүнд болох гар хөлөө даахгүй байх зэрэг. Дараагийн шинж тэмдэг нь хэл ээдэрч орооцолдон ярихад бэрхшээлтэй болох гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг. Эдгээр гурван шинж тэмдгээс гадна толгой маш хүчтэй өвддөг.Энэ нь ердийн өвдөлтөөс хэд дахин илүү хүчтэйгээр өмнө нь байгаагүйгээсээ их өвдөлт өгдөг. Аль нэг шинж тэмдэг илрэхэд заавал эмчид хандах шаардлагатай. Учир нь ямар нэг шинж тэмдэг илрэхэд 72 хувийн харвалт өгсөн байх магадлалтай байдаг. Иймээс эмчид хандсанаар харвалт мөн эсэхийг шинжилж тогтооно.
Харвалтаас ямар аргаар урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
Хэтэрхий их ажил гэж гүйхгүйгээр өөрийнхөө эрүүл мэндэд, гэр бүлдээ цаг гаргаж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийж, давсны их хэрэглээгээ танаж, зүрхний ямар нэг эмгэг байвал мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Мөн шилэн хүзүү хөшдөг, толгой өвддөг хүмүүс даралтаа тогтмол хянадаг байх шаардлагатай. Тухайн хүн өөрийнхөө эрсдэлт хүчин зүйл гэдгийг мэдэхгүй яваад байдаг. Тийм учраас жилдээ нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх шаардлагатай.