Манай энэ удаагийн “Гашуун яриа” нэвтрүүлэгт МУИС-ийг сэтгэл судлалаар төгссөн Б.Ариунзул оролцлоо. Хүүхэд байхаасаа сэтгэл гутралд орж, амьдралыг хар бараанаар харан өөрийн үнэ цэнийг үгүй хийж байсан талаар бидэнтэй хуваалцаж, хэрхэн тэрхүү хүнд хэцүү мэдрэмжээ даван туулсан талаар ярилаа.
Тэрбээр, “Намайг бага байхад эргэн тойрны маань гэр бүл салж, дунд нь хүүхэд хохирч байгааг тухайн үед анзаарч, их эмзэглэж байсан юм. Ингээд хэцүү байдалд орсон хүүхдүүдэд туслахыг хүсэн сэтгэл судлалын чиглэлээр сурсан. Мөн миний хувьд хүүхэд байхаасаа л сэтгэл хоосон оргиод гаднах орчноос өөрийгөө тусгаарлачихдаг байсан. Хүүхдүүдтэй тоглож наадах нь битгий хэл гэрээсээ ч гардаггүй хүүхэд байлаа. Энэ байдал маань миний гэр бүлийнхэнтэй холбоогүй. Манай гэр бүл маш дотно, нээлттэй харилцаатай аз жаргалтай гэр бүл. Тийм байхад л миний дотор хоосон зүйл байгаад байдаг байсан. Тэр хоосон орон зайг юугаар нөхөхөө мэдэхгүй, өөрийгөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй олон жилийг туулсан.
Гаднах ертөнцөөс тусгаарлаад ирэхээр хүн өөрийгөө сөргөөр харж эхэлдэг юм билээ. Миний сэтгэл гутрал яг соронз шиг байсан. Эргэн тойрныхоо бүхий л сөрөг зүйлсийг өөртөө наадаг, миний талаар ямар ч эерэг зүйлс байхгүй, ямар ч гоё зан чанар байхгүй гэж боддог байв. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үнэ цэнэ мөн чанарыг үгүйсгэдэг. Тэр үед эргэн тойрны минь хүмүүс, “Ямар ч шалтгаангүй байхад юунд гунигладаг юм. Чи бол арчаагүй юм байна. Ийм сайхан гэр бүлтэй амьдарч байж чи гуниглаад байвал сул дорой хүн гэсэн үг гээд их л шүүмжилдэг байсан. Ийм үгнүүдийг сонсохоор хүн өөрийгөө илэрхийлэхийг ч хүсдэггүй дотроо бугшаад л яваад байдаг. Өөрийгөө байж болох хамгийн муугаар төсөөлж, энэ мэдрэмжүүдээ хуримтлуулаад л.
БУСДЫГ ШҮҮМЖЛЭЛГҮЙ СОНСОЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
Сэтгэл гутралд орохын тулд, хүний амьдралд заавал том, хүчтэй үйл явдал тохиолдох ёстой гэсэн хандлага нийгэмд түгээмэл байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Сэтгэл зүйн асуудлаа нуух, нууснаараа хүчтэй харагдана гэж ойлгох нь өрөөсгөл.
Усанд живсэн хүнийг 5 метр, 10 метрийн гүнд живснээр нь ялгадаггүй. Тэр хүн живсэн л бол живсэн. Надад төрж байгаа мэдрэмж зөвхөн минийх. Өөр хүн мэдэрч чадахгүй учраас хэрвээ надад нэг зүйл хэцүү санагдвал тэр нь надад зовлон. Хүмүүсийг битгий зовлонгоор нь их бага гэж ялгаж байгаасай гэж боддог. Мөн бусдыг шүүмжлэлгүйгээр сонсож сурах хэрэгтэй.
-Таны сэтгэл зүйд маш хүнд цохилт өгч байсан үйл явдал бий юу?
-Би нэг залуутай үерхэж байсан юм. Тэр үерхэл маань холоос дөрвөн жилийн туршид үргэлжилсэн. Тухайн үед үерхэж байсан хүүхэдтэйгээ уулзаж чаддаггүй байсан. Уулзахын тулд би түүний араас гадаад руу очсон л доо. Очоод хэсэг хугацааны туршид хамт байж байгаад хоёр тийшээ болчихсон.
-Дөрвөн жил үерхэж байгаад очоод л салчхаж байгаа юм уу?
Тийм ээ. Надад хэцүү санагдаж байсан ганцхан зүйл байдаг. Намайг Монголд ирсний дараа миний нойрны зөрүү ч гараагүй байхад тэр хүн, “Чи надад таалагдаагүй” гэж хэлсэн. Тэр нь надад маш муухай санагдсан. Маш их хичээл зүтгэл гаргасан шүү дээ. Хамт байхын тулд маш их золиосыг гаргаж аав ээжийгээ сөрөн байж явсан. Энэ үйл явдал өөртөө итгэлгүй намайг бүр доошоо унагааж байгаа юм. Бараг үхэж байсан. Тэгээд л би хорвоо ертөнцөөс тасарчихсан. Хичээлдээ явж байсан ч сурлага маань муудсан. Анхаарал төвлөрч чадахаа больсон. Тасралтгүй олон цагаар унтаад л байдаг байлаа. Амьдрах ямар ч сонирхолгүй болж орондоо шөнө болгон уйлдаг байлаа. Энэ байдал маань гурван жил үргэлжилсэн. Хүн чинь уйлах ч тэнхэлгүй болчихдог юм билээ.
-Гурван жилийн тэр хүнд мэдрэмжээсээ яаж гарав аа? Цаг хугацаа нөлөөлсөн үү?
-Нэг талаараа цаг хугацаа нөлөөлсөн. Нөгөө талаараа би тухтай орчиндоо орчихсон байсан юм билээ. Өөрийгөө шинэ соргог зүйлд сорих дургүй. Гадуур найз нөхөдтэйгээ уулзаж гардаг болоод, хэцүү байгаа зүйлсээ үеэлдээ ярилцаж, дотор минь юу болоод байгааг хүмүүст мэдүүлж эхэлсэн. Ингээд миний сэтгэл гутрал надад асуудал эсвэл бүтэлгүйтэл шиг санагдахаа больсон. Энэ харин миний хувьд их үнэ цэнэтэй зүйл юм шиг санагддаг. Яагаад гэхээр би өөрийгөө хайрлаж сурсан. Одоо би сэтгэл гутралтайгаа найзлаад л явж байгаа.
ЧИНИЙ АЗ ЖАРГАЛ, УЙТГАР ГУНИГ ЧАМААС Л ХАМААР Ч БАЙХ ЁСТОЙ
-Таны хувьд сэтгэл гутралаа өөртөө ашигтайгаар эргүүлсэн нь сайшаалтай. Гэсэн ч сэтгэл гутралтай хүмүүс тэр болгон хүнд мэдрэмжтэйгээ найзалж чадахгүй байх?
-Хүн бусдаас харьяат байж л болохгүй. Энэ хүн байсан цагт л би жаргалтай байж чадна гэх зэргээр мэдрэмжүүдээ бусадтай хамааруулж болохгүй гэсэн үг. Чиний аз жаргал, уйтгар гуниг чамаас л хамаар ч байх ёстой.
-Сэтгэл судлалаар төгссөн гэсэн шүү дээ. Мэргэжилтэйгээ холбоотой ямар нэг ажил хийж байгаа юу?
-Lights world us гээд инстаграмм хаягийг хөтөлдөг. Энэ нь хүмүүст ерөнхий сэтгэл зүйн ойлголтыг өгөх зорилготой юм. Энгийнээр тайлбарлавал, хүмүүс ядаж эморлыг сэтгэл гутралаас ялгаад сурчхаасай. Сэтгэцийн эмгэг нь галзуу гэсэн үг биш гэдгийг ойлгоосой. Маш олон эмгэгүүд байдгийг хүлээн зөвшөөрөөсэй. Ядаж л өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаад өнөөдөр би ууртай байна. Яагаад билээ гээд өөрөөсөө асуугаад сурчих юм бол энэ нь хүний сэтгэл зүйд маш том өөрчлөлтийг бий болгож болно.
-Танд уншигч, үзэгчдэд хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Хүн хэзээ ч өөртөө баярлалаа гэж хэлдэггүй юм билээ. Үүнийг анзаараад би зүрхэн дээрээ гараа тавьж байгаад баярлалаа гээд хэлсэн чинь удаан хугацааны турш авч байгаагүй сэтгэл хөдлөл мэдэрч маш тайван аз жаргалтай санагдсан. Тэгэхээр тогтмол өөртөө баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Хүн бусад хүмүүст биш өөртөө л хатуу ханддаг юм билээ.