Тулааны спортыг эрчүүдийн спорт гэдэг түгээмэл ойлголт бий. Энэхүү ойлголтыг өөрчлөхөөр тэмцэж, тулалдаж яваа бүсгүй бол Пүрэвжавын Даваажаргал. Тэрээр Монголын цөөхөн эмэгтэй ММА тулаанчдын нэг, олон улсын хэмжээний мастер, “Ширэн бээлий” клубийн тамирчин төдийгүй “Hero fighting club” хэмээх өөрийн клубийг нээсэн нэгэн. П.Даваажаргалын гол зорилго бол эмэгтэйчүүдийг биеэ хамгаалж сурахад туслах, хүчирхийлэлд өртүүлэхгүй байх явдал. Түүнчлэн UFC-д тулалдах Монголын анхны эмэгтэй тулаанч болох том зорилготой, түүнийхээ төлөө цуцалтгүй зүтгэж эмэгтэй тулаанч.
Бид “Хөрөг” буландаа холимог тулааны тамирчин П.Даваажаргалыг урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. ММА эмэгтэй тулаанч гэхээр хүмүүст их сонирхолтой санагдаж байгаа байх?
-Намайг Пүрэвжавын Даваажаргал гэдэг. Би Увс аймгийн Улаангом суманд төрсөн. “Ширэн бээлий” клуб, “Hero Figthing” клубийн тамирчин. 2016 оноос хойш тулааны спортоор хичээллэж байгаа. Аварга дээд сургуулийг хөдөлгөөн засалч мэргэжлээр төгссөн. Бас бие хамгаалахын багш, дасгалжуулагч. Мэргэжлээрээ ажиллаад явж байна. Олс таталтаар дөрвөн жил хичээллэсэн. Олс таталтын олон улсын хэмжээний мастер цолтой. Боксоор саяхан спортын мастер цолоо авсан.
-Өөрийн гэсэн “Hero fighting” клубээ байгуулсан. Зорилгоосоо хуваалцахгүй юу?
-2020 онд “Hero fighting” клубээ байгуулсан. Гол зорилго нь охид, эмэгтэйчүүдийг биеэ хамгаалж сураасай. Өөрөө өөртөө итгэлтэй байгаасай гэж байгуулсан. Охидыг онцолж авсан нь нийгмийн хурц хүнд байдлаас нэг ч гэсэн эмэгтэй, хүүхдүүд биеэ хамгаалаад сурчхаасай, өөртөө итгэлтэй байгаасай гэдэг үүднээс зорьж ажиллаж байгаа. Цаашдаа ч тамирчныхаа хажуугаар багшлаад явах бодолтой байгаа.
Тулааны спортоор баргийн эмэгтэй хүн хичээллэдэггүй. Би цаашдаа үлгэр жишээ болж, холимог тулаанаараа амжилттай явж, олон эмэгтэйчүүдийг уриалаад, эмэгтэй хүн хичээллэж болдог юм шүү, өөрийгөө болон бусдыг хамгаалахад энэ спорт маш чухал үүрэгтэй шүү гэдгийг харуулах зорилготой байна.
-Тулааны спорт боксоор хичээллэдэг гэхээр хүн зоддог гэж шууд утгаар нь ойлгох гээд байдаг тал бий?
-Боксоор хичээллэдэг гэхээр л хүн зоддог, дээрэлхүү гээд бодчихдог. Яг үнэндээ тийм биш. Эсрэгээрээ тамирчин хүнийг маш хатуу чанга, ёс суртахуунтай болгодог. Бага байхдаа спортод элэгтэй хүүхэд байсан. Манай аав спортоор хичээллэдэг байсан. Эгч маань сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Спортын мастер.
Манай клубд 70-80 хувь нь эмэгтэй хүмүүс явж байна. Мөн 5-18 нас, 18-аас дээш бүх насныханд биеийн хөдөлгөөн засал ороод явчихдаг.
-Багаасаа л спортын хүн болно гэж бодож байв уу?
-Арван жилдээ эршүүд байсан. Биеийн тамир, спортын юм болонгуут намайг шидчихдэг. Хуульч болно гэж боддог байсан. Манай өвөө Монгол Улсын 38 дахь өмгөөлөгч. Нутаг усандаа их алдартай шүүхийн н.Баатар гэж хүн байсан. Гэхдээ спорт талдаа илүү дуртай болохоор хичээллэсэн. Клубийн нэр маань өвөөгийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Заримдаа шантрах үедээ боддог. Би ер нь эрдэм номоо л хөөдөг байж гээд.
-Спортод гэр бүлийн дэмжлэг чухал. Аав, ээж чинь анх тулааны спортоор хичээллэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг анх боксоор хичээллэхэд эгч, аав дэмжиж байсан. Ээж л ганц дэмжээгүй хүн нь байсан. Хичээллэж эхлээд таван сарын дараа улсын аваргад орж, Хятадын тамирчинтай тоглоод ялсны дараа, медаль аваад ирсэн чинь ээж арай нэг зөөлрөөд ирсэн. Эмэгтэй хүүхэд байж нүд нь хөхөрчихсөн явж байх юм гээд ярьдаг байсан. Одоо бол хамгийн бүр номер нэг дэмжигч нь болсон. Би эхлээд санаа зовдог байсан.
Бэлтгэл дээр нүд хөхөрчихнө. Гадуур хүмүүс юу гэж бодох юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртчихсөн байна ч гэж зарим нь харна. Зарим нь тоодог ч үгүй. Би маск зүүгээд, нүдний шил зүүж хаагаад, кремдэж дардаг байсан. Одоо бол тоохоо больсон. Аа энэ ингэж л байдаг юм. Энэ хөхөрчихсөн юм уу, аан за за гээд л.
-Тэмцээн бүр амаргүй байдаг байх. Гэхдээ хамгийн адал явдалтай дурсамж болон үлдсэн тэмцээнийхээ тухай эргэн дурсвал?
-2017 онд би боксын зүүн Азийн аваргад боксын хамт олонтойгоо явж байсан. Тэнд нийтдээ зургаан килограмм хассан. Арваад хоног жингээ хассан. Өглөөд жаахан будаа иднэ. Шөл иднэ. Орой жаахан жимс идээд унтдаг байсан. Өдөрт хоёр бэлтгэлтэй. Өглөө хамгийн эрт босоод өлсөнө. Ер нь тэвчээр их шаарддаг байсан. Таван килограмм хассан чинь сүүлийн нэг дээр доошоо буудаггүй. Урьд өдөр нь үзсэн чинь илүү байж таараад. Тэгсэн 00-д орж суугаад, бөөлжиж байгаад гарч ирээд жингээ үзсэн чинь 100 грамм хасагдчихсан байсан. Дахиад хэсэг байж байгаад үзсэн чинь 500 грамм илүү байлаа. 00-д ороод ганцаараа би одоо энэ хүртэл яаж ирлээ. 10-аад хоног яаж бэлтгэл хийж, энэ хугацааг яаж даван туулж ирлээ гээд уйлаад гараад ирсэн. 100 грамм хасагдчихсан. Тэгээд орой нь 400,300 үлдэнгүүт ашгүй 400,500 граммын запастай байж таараад. Тайвширсан. Хятадад хүний газар бэлтгэл хийж авсан медаль минь хамгийн үнэ цэнтэй. Зүүн Азийн аваргаас би мөнгөн медаль авч байсан. Тэр медальдаа хамгийн их хайртай.
-Цаашдын зорилго?
-Цаашдаа бодсон санасан зорилго зөндөө байгаа. Би одоохондоо гэр бүл төлөвлөөгүй. Аав ээжтэйгээ хамт амьдардаг. Одоогоор би бүх анхаарлаа тамирчин дээрээ төвлөрүүлчихсэн. Өөрөө хүнд заах тусмаа илүү сайн сураад, суралцаад явж байгаа. Миний хамгийн ойрын зорилго бол он гараад Америк руу тэмцээнд оролцох. Цаашдаа тэнд бэлтгэл хийх. Бүр хамгийн том зорилго бол Америкийн номер нэг том холбоо UFC Bellator гээд холбоонд орж тоглох. Зүгээр ч нэг тоглох биш аварга болох. Яг UFC дээр одоохондоо Монгол эмэгтэй гараагүй байгаа. Ер нь яагаад Монгол эмэгтэй UFC –рүү орж болохгүй гэж. Зорилго бол тодорхой, ойрхон байна. Би чадна.