Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байгаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Сүүлийн хоёр жил төмөр замын бүтээн байгуулалтын он жилүүд болж байна. 2019 онд эхэлсэн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явж, дуусах шатандаа байна. Мөн Гашуун сухайт-Тавантолгойн төмөр замын ажил үргэлжилж байна. Ирэх оны долдугаар сард хилийн өртөөг байгуулан, Гашуунсухайт-ТТ төмөр замын хөдөлгөөнийг нээнэ. Эдгээрийн дараа төмөр замын салбарт дараах дөрвөн том төсөл хэрэгжинэ.
Нэг. Зүүн баян өртөөнөөс Ханги мандал чиглэлийн төмөр зам. Энэ боомтыг нээснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортод ихээхэн түлхэц болно.
Хоёр. Дорнод аймгийн Чойбалсан хот-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замын ажил ирэх онд эхэлнэ.
Гурав. Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн, баруун босоо чиглэлийн 1280 км төмөр зам тавина. Ингэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулна. Засгийн газар төслөө боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх.
Дөрөв. Рашаант өртөө-Богд хаан төмөр замыг олон жил ярьсны эцэст өнгөрсөн долоо хоногт энэ төмөр замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. 135 км замын трассыг удахгүй эцэслэнэ. Энэ төмөр зам зургаан зөрлөг, гурван өртөөтэй байна. Газар доогуур хоёр хонгил барина. Нэг нь 9, нөгөө нь 7 км байна. Нийт 19.3 сая куб метр газар шорооны ажил хийх урьдчилсан тооцоо гарсан. Энэ сард багтаан бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Богд уулын урдуур явж, зүүн талын Мааньт өртөөтэй холбогдоно. Анх Баганхангайн өртөөтэй холбох талаар ярилцсан ч Налайх газар доогуур уурхай ихтэй, суулт ихтэй тул өөрчилсөн.
Багахангай өртөө ажилладгаараа ажиллана. Багануураас Улаанбаатар руу ирдэг нүүрс тээвэрлэх гол зангилаа нь энэ өртөө юм. Урд талаас нийслэл рүү орж ирээд бүх ачаа Багахангайгаар дайрдаг хэвээрээ байна. “Таван толгой төмөр зам” төрийн өмчит компанид таван жилийн хугацаатай, энэ замыг барих зөвшөөрөл өглөө.
Эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ ОХУ, Японы Засгийн газрын зээл, дотоодын эх үүсвэрээр хөрөнгийг шийднэ. Одоогоор 600-700 сая ам.долларын хөрөнгө хэрэгтэй гэсэн тооцоо гарсан гэв.