Байгаль дэлхийгээ хамгаалж, хог хаягдлаас ангижруулахын тулд бусдын хаясан хогийг өөрийн мөнгөөр худалдан авч байгаа Баян-Өлгий аймгийн иргэн С.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр нутгаа хоггүй, цэвэр байлгах арга хайсны эцэст байгалиас түүсэн хогийг худалдан авахаар шийджээ.
–Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би Баян-Өлгий аймагт амьдардаг. 25 настай. 2017 онд МУБИС-ийг Дүрслэх урлаг, технологийн багш мэргэжлээр төгссөн. Одоо нутагтаа малаа маллаж амьдарч байна.
-Яагаад хог худалдаж авах болсон бэ?
-Овооны эхэнд өтсөн хонины арьс хаясан байхыг хараад сэтгэл эмзэглэж, цэвэрлэсэн. Түүнээс хойш байгалиа цэвэрхэн байлгах талаар бодож эхэлсэн юм.
Хүмүүс бид бүгд байгалийн бүтээгдэхүүн. Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахгүй, буруу харьцсанаас болж эргээд хүн төрөлхтөнд гай гамшиг, өвчин зовлонгоор хариу барьж байна гэж харж байгаа. Тийм учраас байгаль эхээ хайрлаж, хоггүй байлгахын тулд энэ ажлыг эхэлсэн. Цар тахал гээд аялж, зугаалах хүмүүс бага байгаа үед байгалиа цэвэрлээд авъя гэж бодсон юм. Энэ нь байгаль дэлхийгээ аргадаж байгаа нэг хэлбэр.
–Хэзээнээс хог авч эхэлсэн бэ?
-Өнгөрсөн долоо хоногоос хог худалдан авч эхэлсэн. Одоогийн байдлаар 300 мянган төгрөгийн хог авсан байна. Нэг кг хогийг 500 төгрөгөөр, хүүхэд түүсэн бол 1000 төгрөгөөр худалдан авч байгаа.
Хүмүүс цахим сүлжээнд их дэмжиж байгаа хэдий ч хог өгч байгаа хүн цөөхөн байна. Хог зарна гэхээр санаа нь зовоод байх шиг байна. Санаа зовохгүйгээр хогоо түүж, авч ирж өгөөрэй гэж хэлье
-Худалдаж авсан хогтоо ямар арга хэмжээ авч байна? Дахин боловсруулах ажил хийх үү?
-Одоогийн байдлаар худалдаж авсан хогоо аймгийн төвд хашаандаа цуглуулж байгаа. Ангилж тушаах, дахин боловсруулах боломж байхгүй. Тиймээс бүгдийг нь хогийн цэг рүү ачих гээд машинуудтай тохиролцсон.
-Авч байгаа хогтоо ямар нэг шаардлага тавьж байна вэ?
-Байгалийн гаралтай арьс, яс, түүхий эд авахгүй. Байгальдаа шингэчихнэ. Мөн ахуйн хог хаягдлыг авахгүй байгаа. Хөдөө, хээр аялал зугаалсан иргэдийн хаясан буюу хүний буруу зуршлаас болж байгальд хаягдсан хогийг авна. Мөн хогоо уутанд хийгээд, битүү авч ирэх хэрэгтэй.
–Энэ ажил нь хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?
-Хүмүүс маш сайхан эерэгээр хүлээж авч байна. Эхлээд 14 хоног цуглуулаад дүгнэлт хийж, цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ.
-Залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?
-Төр засаг хэдий шийдвэр гаргах ч хүмүүс бид өөрсдийн ухамсраараа байгаль дэлхийгээ хамгаалж, хайрлах хэрэгтэй. Одоо болоод байгаа зовлон, гамшиг байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас үүдэн гарч байгаа юм. Тиймээс байгальд ээлтэй байцгаая гэж хэлье. Мөн миний гаргасан энэ санаачилгыг бусад аймаг, орон нутгийн залуучууд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.