Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хайгуул, нөөц тогтоох чиглэлд томоохон хөрөнгө оруулалтыг төлөвлөн ажиллаж байна. Геологи хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөж, үүнийг үр ашигтай зарцуулах зорилт тавин ажиллаж буйг Геологи хайгуулын экспедицийн Тэргүүлэх геологич Х.Амарзаяа онцоллоо. Тус экспедицийнхэн зэс молибденийн хайгуулаас гадна фосфоритын орд нээн илрүүлэх ажлыг эхэлжээ. Оны эхнээс уг ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байна. Фосфорит олж илрүүлснээр хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн барих зэс хайлуулах үйлдвэрт ашиглана. Зэс хайлуулах үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг тал нь үйлдвэрлэлийн явцад гарах хүхрийн хүчил байдаг. Тэгвэл хүхрийн хүчлийн байгальд учруулах хор уршгийг багасгах, улмаар хүхрийн хүчлийг үр ашигтай өөр бүтээгдэхүүн болгоход фосфорит чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, фосфорит нь хүхрийн хүчилтэй нэгдэж бордоо болдог аж.
Тус экспедицийнхэн Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтын ажлаас гадны бусад бүтцийн нэгжүүдийн захиалгат ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Ил уурхайн захиалгаар ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлыг энэ сарын 1-нээс эхлэн өнөөдрийн байдлаар, 580 гаруй тууш метр өрөмдлөг гүйцэтгээд байна. Геологи хайгуулын экспедиц Ил уурхайд жил бүр 3-4 мянган тууш метр өрөмдлөг гүйцэтгэдэг. Үйлдвэрийн дараагийн жилүүдэд олборлох хүдрийн хэмжээ, агуулга, чанарыг тодорхойлохын тулд ийнхүү ашиглалтын хайгуулын ажлыг жил бүр тогтмол төлөвлөдөг аж. Мөн Эрдэнэтийн Овоо ордын баруун хойд болон төвийн ордын нэгдсэн тодотгол нөөц батлуулах, исэлдсэн хүдрийн 8-А, 12 овоолгуудын нөөц тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор 900 тууш метр өрөмдлөг хийгджээ. Геологи хайгуулын экспедиц 120 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хайгуулын ажлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.