Төмрийн дархчуул экскаваторийн хөтлөгч дугуй үйлдвэрлэж, Монголдоо машин үйлдвэрлэлийн суурийг тавьж байна
Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ нэр төрлийг жилээс жилд нэмэгдүүлсээр байна. Цутгуурын цехэд технологийн болон тоног төхөөрөмжийн шинэчлэл үе шаттай хийснээр 10 тонн хүртэл жинтэй эд анги цутган үйлдвэрлэх болсон. Тухайлбал, хүнд даацын машин механизм болох экскаватор, белаз, бульдозер, автогрейдер, автоачигч, Баяжуулах үйлдвэрийн бутлуур, тээрэм зэрэг үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэн Монголд машин үйлдвэрлэлийн суурийг тавьж байна. Бид энэ удаа ЭКГ-10 экскаваторийн хөтлөгч дугуйн цутгах технологийн өөрчлөлт үйлдвэрлэлийг онцлон сурвалжиллаа. Хоёр жилийн өмнө үйлдвэрлэлийн сайжруулсан загвар болон бүтээл, дунд түвшний техникийн шинэчлэл, технологийн сайжруулалт, шинжлэх ухаан, инновацын уралдааны шилдэг төслөөр шалгарсан юм.
Эрдэнэт үйлдвэр ОХУ-д үйлдвэрлэсэн ЭКГ-10 экскаваторыг Ил уурхайн хүдэр олборлолтод ашигладаг. Үүний хөтлөгч дугуйны ашиглалтын хугацаа хоёр жил байдаг хэдий ч экскаваторын шилжилт хөдөлгөөн, нүүлгэлтээс хамаарч амархан элэгддэг байна. Сүүлийн жилүүдэд Засвар механикийн заводын Цутгуурын цех ЭКГ-10 экскаваторийн хөтлөгч дугуйг шинээр хийх болсноор импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо нэгээр нэмэгдэж, үр ашиг ч өссөн.
Цутгуурын цехийнхэн ДСП-3 маркийн зууханд ган төмөр хайлуулан сүү самрах адил хөөрүүлэн мэлтэлзүүлсээр тэнхээт техникийн хөтлөгч дугуй хэвлэх нь бахархам. Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй энэхүү үйлдвэрлэлийн технологийг хэрхэн өөрчилж, ямар давуу нөхцөл бүрдүүлэхээр зорьсон талаар уг төслийг санаачлагч, технологич инженер Д.Ариунболдтой ярилцсан юм.
-Өмнө нь ЭКГ-10 экскаваторийн хөтлөгч дугуйг цутгаж хийхэд овор хэмжээ их, олон тэжээгүүр ашигладаг болохоор шингэн металлын жин 60 хувиар өсдөг байсан. Өөрөөр хэлбэл хэвний холимог их хэмжээгээр ордог тул түүхий эд, орц материалын өртөг өндөр гарна. Түүнээс гадна тэжээгүүрүүдийг цутгамалаас хийн зүсэгчээр нэг бүрчлэн зүсэж салгахад хөдөлмөр зарцуулалт их, мөн хорт хийн утаа хэвийн хэмжээнээс даруй тав дахин, нарийн ширхэгтэй тоос зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байсан нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байсан. Иймээс ЭКГ-10 экскаваторийн хөтлөгч дугуй үйлдвэрлэх хуучин технологийг өөрчлөн дулаан хадгалах тэжээгүүр ашиглан бага оврын ДСП-3 маркийн цахилгаан нуман зууханд хайлуулдаг болсноор материалын зарцуулалт багасгаж, цутгамлын чанар сайжирсан. Түүгээр ч зогсохгүй хөдөлмөр хөнгөвчилж, гологдол буурч, 14.1 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт бий болсон гэж тэрээр ярив. Тоосны хэмжээ ч MNS стандартын шаардлагын дагуу буурсан байна.
Төслийн багийнхан технологийн өөрчлөлт хийхдээ эхлээд судалгаа шинжилгээ хийжээ. Дулаан ялгаруулах тэжээгүүр ашиглан цутгамлын согогийг багасгаж, чанар сайжруулах, эдийн засгийн хэмнэлт гаргах талаар судалж, цутгуурын программ ашиглан компьютер тооцоолол хийн үр дүнг урьдчилан харсан байна. Дараа нь технологийн бичиг баримтаа боловсруулан ажлын зураг төсөл, карт гаргажээ. Ингээд шинэ загварын иж бүрдлийг бэлтгэх, хэв барих, ДСП-3 зууханд хайлалт хийж хэвэнд туршилтын цутгалт хийсэн нь тун амжилттай болжээ.
Энэхүү төслийн үр ашгийн тооцооллын талаар Чанарын албаны бүтээмж, инновацын мэргэжилтэн Т.Золбоогоос тодруулахад:
-Бидний үйлдвэрт нэвтрүүлж хэрэгжүүлсэн энэ төсөл эдийн засгийн болоод нийгмийн өндөр үр өгөөжтэй ажил болсон. Тодруулбал, нэг бүтээгдэхүүн тутмаас 13.5 сая төгрөгийн зардлын хэмнэлт гарсан. Өнгөрсөн онд гэхэд долоон хөтлөгч дугуй үйлдвэрлэж, нийт 95.1 сая төгрөгийн үр ашигтай ажилласан. Нөгөө талаар цутгамал дугуй 5500 кг шингэн металлын жинтэй байсныг 3800 кг болгосноор Засвар механикийн заводын 2021 оны материалын худалдан авалтын зардлыг 32.9 сая төгрөгөөр бууруулсан. Мөн тэжээгүүрүүдийг тайрах үед үүсдэг байсан хорт хийн утаа байхүй болж, эрүүл аюулгүй ажиллах орчин бүрдсэн. Цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирсан нь том амжилт, үр дүн юм гэлээ.
Бид цутгуурын бэлэн бүтээгдэхүүний талбайд очлоо. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн болон гадны байгууллагын захиалгын цутгамал бүтээгдэхүүнүүд энд өрөөтэй, дэлгээтэй харагдана. Үүн дотор ЭКГ-10 экскаваторийн бэлэн болсон хөтлөгч дугуйнууд ч байна. Удахгүй их биедээ угсрагдан уулын ажилдаа үүргээ гүйцэтгэнэ гэж бодохоос бахдал төрна. Орчин үеийн дэвшилтэт технологи, түүхий эд, материал бүтээлч ажилчдад шинийг санаачлах, бүтээгдэхүүний чанар сайжруулах, өртөг зардал бууруулах, илүү үр ашигтай ажиллах сайхан боломж олгож байгааг Цутгуурын цехийн орлогч дарга Б.Одгийв онцолсон. Экскаваторийн хөтлөгч дугуйн хэв хийхэд гарын нарийн ажиллагаа шаарддаг учир өндөр зэрэгтэй хэвчид ажилладаг. Хэв барихаас цутгах хүртэл 72 цагийн хугацаа зарцуулдаг бол түүнээс цааш механик шинж чанарыг нэмэгдүүлэх илчийн боловсруулалт хийгдэнэ. Ингээд нэг дугуй Цутгуурын цехээс долоо хоногийн дараа бэлэн гарлаа гэхэд Механик цех рүү дараагийн боловсруулалтын үйл ажиллагаа руу шилжинэ. Ингэж л импорт орлохуйц чанартай, зарим нь бүр илүү эдэлгээтэй эд ангийг Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон эх орондоо үйлдвэрлэж байна.