“Тэр” буландаа хүний их эмч, залуухан доктор Э.Ариунболдыг урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Энхжаргалын Ариунболд гэдэг. Улаанбаатар хотын уугуул иргэн. 23 дугаар дунд сургуулийг төгссөн. “Ач” анагаах ухааны сургуулийг зургаан жилээр хүний их эмч мэргэжлээр төгссөн.
-Яагаад эмч мэргэжлийг сонгох болов?
-Эмч болсон шалтгаан нь эмч хамгийн том чухал үүргийг гүйцэтгэсэн.
Ээж минь Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч. Ээжийгээ байнга хардаг байсан. Эмчээр явбал гоё юм байна гэж бодоод анагаах ухааны сургуулийг сонгож суралцсан. Манай аав багш учраас бас гоё санагддаг байсан. Хичээлээ тараад аав, ээжийнхээ ажил дээр очдог. Тэгэхээр л баруун зүүн талд эмч, багш гэдэг хоёр мэргэжил явдаг байсан нь сэтгэлд хоногшоод л.
-Багшлах болсон нь аавтай нь холбоотой байжээ. Тэгээд л эмч мэргэжлээр төгсөөд багшилсан юм уу?
-Намайг их сургууль төгссөн жилд Их засаг олон улсын их сургуульд анагаахын сургуультай болсон учраас анатоми, физиологийн багшаар ажиллаж эхэлсэн. Шинэхэн эмч 300 оюутны өмнө гарахад цаас чичрээд их хэцүү байсан. Тэгээд хэдэн долоо хоног хичээл ороод тайвшраад юу ярьж байгаагаа сүүлдээ өөрөө ойлгоод. Өмнө нь өөрөө ойлгохгүй гоё заагаад байгаа юм. Их сургуульд багшилж байх явдал бол гоё он жилүүдийн нэг байсан.
-Айлын хэд хэд хүүхэд вэ. Багадаа ямар хүүхэд байв?
-Гурван хүүхэдтэй айлын бага нь. Дээрээ хоёр эгчтэй. Манай аав, ээж намайг айлын бага, ганц хүү нь байсан болохоор дуртай, хүсэж мөрөөдсөн болгонд нь явуулдаг сонирхуулдаг. Ээж, аавынхаа ажил дээр их очдог. Ээжийнхээ тасаг дундуур яваад дуулаад, бүжиглээд явдаг. Зургаан настайгаасаа арван нас хүртлээ Монгол Улсын Гавьяат багш, бүжигчин Ч.Жаргалсайханы шавь байлаа. Дөрвөн жил гаран цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэсэн. 17 насандаа би Азийн топ модель Д.Болормаагийн шавь болоод фото модель болж байсан. Тэр үед залуухан туранхай сайхан байсан байж магадгүй.
-“Энх цагийн эрэлд” ТББ-аа хэзээ байгуулж байсан бэ?
-“Энх цагийн эрэлд” гэж ТББ 20 насандаа байгуулж байсан. Тэр үедээ эрүүл мэндийн боловсролыг сурталчилж таниулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдэд маш их сургалтуудыг хийдэг байсан. 20 наснаас эхлээд багшийн дөр ороод эрүүл мэндийн төвүүдээр сургалтуудыг хийж явж байсан.
Магистр, докторын зэргээ хамгаалсны дараа “Инспирэйшн Энд Эдукэйшн” сургалтын төвийг байгуулсан. Одоогийн байдлаар нэлээд олон төрлийн сургалтыг хийж байгаа. Таван хэлний гадаад хэлний сургалтыг бүх түвшинд явуулж байна. Өсвөр насны хүүхдүүдэд гоо зүйн боловсрол олгох сургалтыг энэ жилээс эхлэн хийхээр төлөвлөсөн. Ковидийн үед онлайнаар магистрантур, докторантурт суралцагчдад зориулаад десортаци бичих арга аргачлал онлайн сургалтад 100 гаруй хүмүүс хамрагдсан. Их дээд сургуульд багшилснаасаа улбаалаад би судалгааны ажлуудыг маш их хийсэн.
-Залуухан доктор гэхээр хэчнээн жил суралцсан бэ?
-Би чинь цэцэрлэгийн боловсролоо оруулбал 30 жил сурсан. Ерөөсөө тасралтгүй нэг ч жил алгасаагүй сурсан. 30 гарсан ганц бие залуу байна. Гэрлэж амжаагүй явна.
-Ковидийн үеийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлсэн бэ. Сургалтын үйл ажиллагааг чамгүй хугацаагаар зогсоолоо шүү дээ?
-Хоббигоо ашиглаад сая ковидийн хугацаанд хэд хэдэн хүүхдийн ном хийсэн. Хувцас загварын чиглэлийн хүүхдийн моделиудад хүүхдүүд хувцас сольж тоглох хайчилбар ном хэлбэрээр тоглоом гаргалаа.
Хүүхдэд өөрөө бичих, зургийг нь хараад тогтоох зориулалттай зургаан орны толь бичгийг хэвлүүлэн гаргасан. Өргөн хэрэглээний 500 үгийг хүүхэд тогтоож цээжилж, ашиглаж чадах юм бол 15-20 минут тухайн сурч байгаа хэлээрээ тасралтгүй ярина гэж үздэг.
Миний багын бас нэг хобби хүүхэлдэйн кино үзэн баатруудыг дуурайлган зурдаг байсан. Тэр мөрөөдлөө сая ковидийг ашиглаж би биелүүллээ.
80 хүүхэлдэйн киноны 400 гаруй үлгэрийн баатрууд байгаа. Давуу тал нь дэвтрэн хэлбэрээр гаргасан учраас гэр бүлээрээ будаад суух боломжтой.
Утас тархи, нүдэнд маш их хор нөлөөтэй байна. Хүүхэд, залуус байнгын чихэвч сонсож байна. Тэр нь хүүхдийн эрүүл мэндэд цаашлаад өсөж бойжиж байгаа биед маш их хор нөлөөтэй. Тэр үүднээс ч би гурван хүүхдийн номоо гаргасан.
-Өсвөр насныханд сургалтууд хийгээд явахдаа юуг чухалчлан захидаг вэ?
-Хүүхдүүдэд сургалт хийхдээ хамгийн чухал нь мэргэжил сонголт байдаг шүү гэдгийг захидаг. Ямар мэргэжилтэй болохоо сонгоод төгсөөд ямар ажлын байран дээр очих вэ гэдгээ хамгийн түрүүнд мэдэх ёстой. Өөрөө өөрийгөө хөгжүүлэхдээ аль талаа би дэмжих ёстой вэ, би алийг нь илүү чадах ёстой вэ гэдгээ бодоод ажлын байранд нийцэхүйц л байх ёстой.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим?
Амьдралдаа баримталдаг зарчим бол шударга зүйл ярьсныхаа төлөө хэзээ ч битгий уучлалт гуй.