Манай улсад сонгуулийн үеэр иргэдийн саналыг худалдан авч байгаа тухай мэдээ, мэдээлэл их гардаг. Ялангуяа сонгуулийн өмнөх өдрүүдэд нэр дэвшигчийн өмнөөс бэлэн мөнгө эсвэл бэлэг сэлт тарааж байгааг харуулсан нууц бичлэгүүд сошиал сайтуудаар цацагдаж хэсэг хугацаанд дуулиан дэгдээх болов ч сонгуулийн маргааш мартагддаг жишиг тогтсон. Тэгвэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг урьтаж санал худалдан авалт гэж юу болох, яагаад уг асуудлыг анхаарах ёстой талаар өгүүлье.
Саналаа худалдана гэдэг ирээдүйгээ худалдахтай ижил зүйл юм. Бүр цаашлаад эх орноо худалдаж буйтай агаар нэг билээ. Сонгуулийн үеэр нэг хүний саналыг 10000 төгрөгөөс нэг сая төгрөгийн хооронд худалдаж авдаг талаар бишгүй мэдээллийг бид сонссон, харсан. Таны саналыг худалдаж, зорилгоо биелүүлсэн улс төрчид эргээд дөрвөн жилийн турш биднийг адуу мал шиг үзэж, доог тохуу хийнэ.
Нөгөө талаар иргэд улс төрчдөд итгэх итгэлгүй болчихсон учраас аль нь ч гарсан ялгаагүй хэмээн саналаа худалдах тохиолдлууд их анзаарагддаг. Амьдралынхаа дөрвөн жил буюу 1460 хоногийг 50 мянган төгрөгөөр худалдаж буйгаар тооцвол, та нэг өдрийнхөө амьдралыг 34 төгрөгөөр үнэлж байна гэсэн үг. Ингээд өөрийнхөө амьдралын үнэ цэнийг тогтоочихсон иргэн танд амьдрал хэцүү байна, ядуу байна гэж гомдоллох эрх байхгүй.
Ардчилсан, чөлөөт, шударга сонгуулиар иргэд өөрийн төлөөллийг сонгож түүгээрээ дамжуулан төр засгаа байгуулдаг. Мөн сонгуулиар дамжуулж улс төрчидтэй хариуцлага тооцож болдог. Өөрөөр хэлбэл, муу ажилласан улс төрчдийг ажлаас нь халж, харин сайн ажилласныг нь дахин сонгож урамшуулж болдог. Ийнхүү төлөөллөө сонгох, сонгосон төлөөлөлтэйгөө хариуцлага тооцох эрхийг эдэлж байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж иргэдийн амьдралд ашиг тусаа өгдөг. Тэгвэл санал худалдан авалт нь иргэдийн улс төрчидтэй хариуцлага тооцох боломжийг үгүй болгодог юм.
Улс төр судлаачид яг ямар төрлийн сонгогчдын саналыг худалдан авах гэж оролддог талаар маш олон судалгаа хийсэн байдаг. Тэдний ихэнх нь санал худалдан авалт ядуу буурай улсад их газар авсан байдгаас гадна аль ч улсад орлого багатай, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн саналыг худалдан авах гэж оролдох магадлал өндөр байдаг гэж үздэг.
Манай улсын хувьд нэг үеэ бодвол иргэд мэдээллээр хангагдаж, аливаа асуудлыг наана цаанатай тунгааж бодох чадвартай болсон. Өөрөөр хэлбэл ирээдүйгээ 34 төгрөгөөр худалдах тэнэг байхаа больсон гэсэн үг. Ямартай ч Монгол улсын иргэн та сонгуулиар сонор сэрэмжтэй байж, хэрэв санал худалдан авах оролдлогод өртвөл иргэний үүргээ биелүүлж заавал холбогдох эрх бүхий байгууллагад хандахыг уриалж байна.