Сонгуульд оролцож буй сонгогчид заавал хэн нэгэнд саналаа өгөх ёстой гэж ойлгодог. Гэхдээ бидэнд хэнд ч саналаа өгөхгүй байх боломж бас байдаг. Үүнийг эсэргүүцлийн санал гэдэг. Эсэргүүцлийн санал нь сонгогчийн хувьд нэр дэвшигчдэд эсвэл сонгуулийн тогтолцоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх зорилгоор бий болжээ.
Анх ямар улсын иргэд эсэргүүцлийн санал өгсөн бэ?
1980 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Латин Америкийн улс орнуудад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон сонгогчдын саналын дунджаар 5.5 гаруй хувь нь хоосон эсвэл хүчингүй санал байжээ.
Мөн Эммануэль Макроны ялалт байгуулсан 2017 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд 1960-аад оноос хойш хамгийн олон эсэргүүцлийн санал тоологджээ. 4 сая иргэд буюу нийт сонгогчдын 12.7% нь хоосон саналын хуудас өгсөн байна.
Хоосон болон хүчингүй саналын хуудас хоорондоо ялгаатай юу?
Хоосон саналын хуудас гэдэг нь цагаан сонголтыг хэлдэг. Энэ нь сонгогч саналын хуудас дээрх аль ч нэр дэвшигчийг дугуйлахгүй хоосон саналын хуудас өгөхийг хэлдэг. Хэдийгээр хоосон хуудас өгч байгаа ч энэ нь хүчинтэй санал гэж тоологддог онцлогтой.
Харин хүчингүй саналын хуудас гэдэг нь сонгогч саналын хуудсыг дутуу эсвэл буруу бөглөхийг хэлдэг. Жишээ нь, сонгуульд санал өгөхдөө тухайн тойргоос 3 хүнийг дугуйлах ёстой байтал гурваас илүү эсвэл дутуу хүнийг сонгосон бол таны санал хүчингүйд тооцогдоно
Харин гадны улсуудад эсэргүүцлийн санал нь дараах дөрвөн хэлбэрээр илэрдэг:
- Сонгогч нь сонгуульд ялах боломж багатай цөөнх болон гуравдагч нам эвсэлд саналаа өгч болно.
- Эсвэл цагаан сонголт өгч болно. Энэ нь сонгогч саналын хуудас дээрх аль ч нэр дэвшигчийг сонгохгүй хоосон цаас өгөхийг хэлж буй. Хэрвээ саналын хуудас дээр “дээрхийн аль нь ч биш”, “хоосон санал” гэж бичигдсэн бол тэдгээрээс сонгож болно.
- Сонгогч хүчингүй саналын хуудас өгч болно. Энэ нь хүчинтэй саналд тоологдохгүй. Жишээлбэл сонгогч хууль бус арга замаар дургүйцлээ илэрхийлэх тохиолдол гардаг. Саналын хуудсыг урах, саналаа худалдах, бүр саналын хуудсыг идэх тохиолдол ч гардаг.
- Хамгийн сүүлийн хэлбэр нь огт саналаа өгөхгүй буюу санал авах байран дээр огт очихгүй байхыг хэлдэг. Гэхдээ дээрх эсэргүүцлийн саналын олон янзын хэлбэрээс цагаан сонголт нь хамгийн үр нөлөөтэй улс төрийн арга гэж үздэг.
Монгол Улсад сонгогчид эсэргүүцлийн санал өгөх эрх байдаг уу?
1992 онд Үндсэн хуулиар бид өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эрхтэй болсон. Сонгогч саналын хуудсан дээрх зохих тооны нэр дэвшигчдийг дугуйлж сонголтоо бүрэн өгсөн тохиолдолд дээрх эрх бодитоор хэрэгждэг.
Гэхдээ бидэнд цагаан сонголт хийх эрх бас бий. Манай улсад эсэргүүцлийн саналын олон хэлбэрээс хоосон санал буюу цагаан сонголт хамгийн нийтлэг байдаг. 1996 оноос хойш сонгуулийн тухай хуульд энэхүү эрхийг олгосон болов ч иргэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ эрхийнхээ талаар илүү мэдээлэлтэй болж бодитоор ашиглаж эхэлсэн. Тухайлбал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 1.1 хувь буюу 13,688 саналын хуудас хоосон байсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 18,663 санал буюу нийт сонгогчдын 1.37 хувь нь хоосон санал өгчээ.
Энэ талаар сонгуулийн тухай хуульд сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийн саналыг хүчинтэй саналын хуудсанд тооцно гэсэн заалтыг тусгасан байдаг. Иймээс та аль ч нэр дэвшигчийг дэмжихгүйгээр саналын хуудсаа хоосон өгсөн үед таны санал хүчинтэйгээр тоологддог байна.
Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд цагаан сонголт өгөх нь ялгаатай үр дагавартай юу?
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хоёр дахь санал хураалт явуулах тухай зохицуулж өгсөн байдаг. Тодруулбал, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчдийн дунд хоёр дахь удаагийн санал хураалтыг зохион байгуулна. Хэрэв хоёр дахь санал хураалтаар хэн нь ч сонгогчдын олонхын санал аваагүй бол дахин сонгууль явуулна гэж тусгасан байдаг. “Дахин сонгууль” гэдэг нь өмнөх сонгуулийг бүхэлд нь хүчингүйд тооцсоны дараа шинээр улсын нийт нутаг дэвсгэрт сонгууль зохион байгуулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл хоёр шатны санал хураалтын дараа аль ч нэр дэвшигч олонхын санал аваагүй бол шинэ нэр дэвшигчдийн дунд дахин сонгууль зохион байгуулна гэсэн үг.
Иймд Ерөнхийлөгчийн сонгуульд цагаан сонголт олноор тоологдох нь нэр дэвшигчдийн хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалыг бууруулж сонгуулийг дахин явуулахад хүргэдэг.
Харин УИХ-ын сонгуулийн хувьд сонгуульд ялалт байгуулахын тулд тухайн нэр дэвшигч заавал сонгогчдын 50%+1 саналыг авах шаардлагагүй. Ердөө бусад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан бол УИХ-ын гишүүнээр сонгогддог. Гэхдээ тухайн сонгуульд нийт сонгогчдын талаас илүү хувь нь санал өгч байж сонгуулийн дүн хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд цагаан сонголт олноор тоологдох нь тухайн нэр дэвшигчийн хувьд гишүүнээр сонгогдох эсэхэд шууд нөлөөлдөггүй. Цагаан санал бусад саналтай нийлээд нийт сонгогчдын 50 хувийн ирцэд хүрвэл сонгуулийг хүчинтэй гэж үздэг байна. УИХ-ын сонгуульд сонгогчдын өгч буй цагаан сонголт шууд нөлөө үзүүлдэггүй ч гэсэн энэ нь сонгогчдын хувьд сонголт байхгүй байгааг илэрхийлж болдог.
Тэгэхээр цагаан сонголт нь УИХ-ын сонгуулиас илүү Ерөнхийлөгчийн сонгуульд бодитоор үр нөлөө үзүүлж чаддаг. Улмаар Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгуульд илүү цагаан санал өгөх магадлалтай байдаг.
2017 онд Конрад Аденауэр сангаас хийгдсэн “Залуусын улс төрийн оролцоо” судалгааны тайлангаас харахад залуучуудын 20 хувь нь сонгох нэр дэвшигч байдаггүй учраас сонгуульд саналаа өгдөггүй гэжээ. Тэгэхээр сонгуульд саналаа өгөхгүй байхаас илүү саналаа өгөхдөө хоосон санал өгөх нь “сонголтгүй сонгууль” боллоо гэдгийг илэрхийлэхэд илүү үр дүнтэй байдаг.
Тэгвэл цагаан сонголтын давуу болон сул талыг авч үзье
Цагаан сонголт нь сонгуулийг дахин явуулж, тухайн сонгуульд нэр дэвшигчдийг солихыг шаардаж байгааг илэрхийлдэг хууль ёсны арга зам болдгоороо давуу талтай. Харин сул тал нь дахин сонгууль явуулсан ч сонгогчдын хүссэн үр дүнд хүрэхгүй байх өндөр магадлалтай. Мөн улс төрчид эсэргүүцлийн саналыг гуйвуулан улс төрийн зорилгоор ашиглаж ч болно. Өөрөөр хэлбэл улс төрчид зохион байгуулалттайгаар сонгогчдыг уриалж өөрсдийн эрх ашгийн төлөө эсэргүүцлийн санал өгөхөд турхирах тохиолдол гарна гэсэн үг. Жишээлбэл 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч сонгогчдын 50%+1 саналын авч чадаагүй тул хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчдийг ахин өрсөлдүүлсэн. Гэтэл хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэгд шалгарч чадаагүй нэр дэвшигч дахин сонгуульд сонгогчдыг саналаа өгөхгүй байхыг уриалсан байдаг.
Мөн эсэргүүцлийн санал болох цагаан сонголтыг сонгогчид олноор хийх нь тухайн улсын ардчилал хангалтгүй түвшинд байгааг илтгэх нэг илэрхийлэл болдог. Түүнчлэн дахин санал хураалтыг явуулахад олон тэрбум төгрөгийн зардал, цаг хугацаа шаардагддаг зэрэг сөрөг талууд бий.
Аливаа зүйл хар цагаан байдаг шиг сонгох эрхэнд ч гэсэн энэ хууль үйлчилдэг байна. Энэхүү нийтлэлээр иргэдэд сонгох эрхийн талаарх мэдээлэл бэлтгэн хүргэлээ. Хүчингүй сонголтоос илүү цагаан сонголт нь ядаж л бидний үзэл бодлоо илэрхийлэх нэг сонголт гэдгийг онцоллоо.
Энэхүү бүтээлийг америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг бүтээлийн зохиогчдын үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэн, сангийн албан ёсны байр суурь биш болно.
Эх сувалж: Ugloo.mn