Өнөө өглөөний нэгэн таагүй мэдээ халдварын бүсэд ажиллаж байсан сувилагчийн амиа алдсан явдал. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн хэлснээр “1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ны 00:23-д цагдаагийн байгууллагад ирснийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна" гэсэн юм.
Сувилагчийн нас барсан шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал ихтэй, стресс өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа нь үхэлд нөлөөлсөн байх магадлал бий.
Манай улсад коронавирусээр өвчилж хүндэрсэн хүнээ анагаахад тусалдаг амьсгалын аппаратыг ч ажиллуулах хүний нөөц хомс байгаа. Энэ тухай ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох 13 өдрийн өмнө ярьсан байдаг. Зөвхөн үүгээр зогсохгүй эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй сайн дурын эмч нарыг ч бүртгэн ажиллуулж буй. Энэ нь нөгөө талдаа олон мянган хүн дунд ачаалал нь хэрээс хэтэрч, шөнө бүтэн нойртой унтаж чадахгүй байгаа амралт бас сэтгэл зүйч нэн шаардлагатай эмч, эмнэлгийн ажилтанууд ажиллаж байна гэсэн үг.
Амсхийх завгүй ажиллах тэдэнд алдаа гаргахгүй юмсан гэсэн сэтгэл зүйн дарамтнаас гадна өвчиндөө бухимдан уурлаж буй өвчтөнүүдийн гомдол цөхрөл ч стресс нэмж буй.
Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт, нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь халдвар авсан өвчтөнүүдийн сэтгэл зүйд нөлөөлж, бухимдалтай байна. Тэр уур бухимдлаа эмч, мэргэжилтнүүдэд гаргах тохиолдол цөөнгүй болсон. Хэд хоногийн өмнө нэг өвчтөн энэ сувилагч руу юм шидэж, уурласан гэж сувилагчийн амиа алдсан газар буюу нэгдүгээр эмнэлгийн эмч нь ярьсныг хэвлэлүүд онцолж бичсээр байна.
Эмч, эмнэлгийн ажилтандаа ч ард иргэддээ ч хохирол багатай коронавирусийг даван туулсан Тайвань улсын туршлагыг харахад эмч ажилтнуудынхаа ажлын цагийг 8 цагаар тогтоон, 1 хоногт 3 ээлжээр өвчтөнүүдийг эмчилж байжээ. Ингэснээр эмч, ажилтнуудыг халдвараас сэргийлэх, мөн эмч нарт зориулан сэтгэл зүйчдийг ажиллуулсан нь халдварыг амжилттай давах хөшүүрэг болсон байна.
Тайванийн Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн холбоо эмч, эмнэлгийн ажилчид долоогоос бага цагийн нойр авсан тохиолдолд алдаа гаргах магадлал 6-11% нэмэгддэг болохыг Халдварын сэргийлэлтийн төвдөө танилцуулж, үйлдвэрчний эвлэлийн холбоо илүү цагаар ажиллуулалгүй ухаалаг ээлжийн тогтолцоо нэвтрүүлэхийг санал болгосноор халдвараар нэг ч эмч, эмнэлгийн ажилтан өвдөөгүй байдаг.
Эмч, эмнэлгийн ажилтнууд робот биш. Өргөсөн тангаргатаа үнэнчээр зүтгэж, үг хэлмээр буй ч хэлээ хазаж байгаа. Гэхдээ амьдралд коронавирус гэх зүйлсээс өөр бусад нь ч өрнөж, амьдрал үргэлжилж байна. Эмч, эмнэлгийн ажилтанууд бол хүн. Хүндээ анхаарах, халамж тавих амь нас бие махбодь болон сэтгэцийн эрүүл мэндэд ч санаа тавих шаардлага байна.