Өрөг хэлэлцүүлэг энэ удаад “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэж чадаж байгаа юу?” сэдвээр өрнөлөө.
Ажлын байрны бэлгийн дарамтыг 2017 оноос ГЭМТ ХЭРЭГ БИШ гэж үзсэн нь дарамтлагч нарыг өөгшүүлж байна уу?
Сүүлийн 2 жилийн хугацаанд ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 7 гомдол ирсэн нь гомдол гаргагчид хаана хандахаа мэдэхгүй байна уу, гомдол гаргаад “дорвитой” шийддэггүйтэй холбоотой юу? зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочноор:
- Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул
Б.ОЮУНГЭРЭЛ: НЭГ УДАА ШУУГИАД МАРТДАГ БИШ ХУУЛИЙН ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОХ ЁСТОЙ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл
Ажлын байрны бэлгийн дарамтын талаар олон нийтэд гаргаж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээгчиддээ баярлалаа.
- Хохирогчийн хувьд нэр төр, эрүүл мэнд, амь нас маш олон асуудлыг ярьдаг тул энэ амаргүй асуудлыг олон нийтэд гаргаж ирсэн нь нэг талаасаа нийгмийн анхаарлыг хандуулж, гэмт хэрэг гэж тооцоход томоохон шүгэл үлээгч болсон гэж үзэж байгаа.
- Хэвлэл мэдээллийн байгууллагаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ асуудалд яагаад дуугарахгүй байна, ер нь юу хийж байгаа вэ гэж маш хүчтэй ярьсан. Хэрвээ санаж байвал бид 2019 оны 10-р сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүдийн ширээ нь дээр бүжин туулай тавиад, гурван цаас оруулсан байдаг. Энэ цаасан дээр жендерт суурилсан хүчирхийлэл тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хуулийн 12-р зүйл буюу бэлгийн халдашгүй байдал гэдэг асуудал дээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван санал хүргүүлж байсан. Энэ таван саналын нэг нь эрүүгийн хуулийн 12.4-р хэсэгт заасан ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг хассан байсныг буцааж оруулах санал байсан.
Ийм асуудал дээр нэг удаа шуугиад хөөсрөөд мартдаг биш, илүү бодлогын шинжтэй, хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн орчныг зөв зүйтэй болгох асуудал дээр байнгын ярьж, оролцож, анхаарал хандуулж байх ёстой. Тэр утгаараа бид ажиллаад явж байгаа, цаашдаа ч ажиллана.
- Сая асуудал гарсны дараа бид УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Нийт дөрвөн шаардлага хүргүүлсэн байдгийн нэг нь эрүүгийн хуулийн 12-р зүйл ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчил биш гэмт хэрэг гэж үзээчээ гэсэн явдал.
Бид зөрчил, гэмт хэрэг гэдэг хоёр зүйлийг ялгах хэрэгтэй.
- Энэ нэр бүхий УИХ гишүүнтэй холбоотой цахимаар явж байгаа мэдээллийг харж байхад энэ зөвхөн ажлын байрны бэлгийн дарамт биш хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой, маш хүнд ноцтой гэмт хэргийн асуудлууд яригдаж эхэлж байгаа.
- Энд маш олон эмэгтэйчүүдийн нэр төр, маш олон хохирогчтой холбоотой мэдээлэл гарч байгаа нь энэ асуудлыг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид анхааралдаа авах ёстой гэж бид үзэж байгаа.
Дахиад ярихад хүний амь нас, гэр бүл, эрүүл мэнд, нэр төр гэх мэт маш олон асуудал холбогдож байгаа. Энд холбогдсон олон зуун мянган эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байсан. Өчигдрөөс өөрсдөө ярилцлага өгөөд эхэлсэн байсан. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг анхаарах ёстой гэж МЭХ үзэж байгаа.
- Улс төрчид мөн парламентийн гишүүний ёс зүйн энэ асуудал яригдаж байхад УИХ гишүүд чимээгүй байж болохгүй байх.
Бид нийгмийн сүлжээгээр охид эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэхээр зөвхөн эмэгтэй гишүүд рүү хандаж ярьдаг. Энд эрх зүйн хувьд адилхан 76 гишүүн үүрэг хүлээгээд орж ирсэн байна. Гэтэл бид 13 эмэгтэй гишүүд хаачив гэдэг хандлагаа өөрчлөх ёстой.
- Шахаж байвал 76 гишүүн, үүний өмнө хариуцлага хүлээсэн яам, тамгын газар, Жендерийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт маш олон эрх зүйн үүрэг хүлээсэн байгууллага байгаа. Тэд хаана байна вэ? Тэд яагаад дуугарахгүй байна вэ? Энэ асуудал дээр дуугарах ёстой гэж бодож байна.
Хүргүүлсэн саналын нэг зүйлийг тодруулж хэлье.
1. Нэгдүгээрт, мэдээж ажлын байрны бэлгийн дарамт энэ бол зөрчил биш гэмт хэрэг юм. Тиймээс үүнийг Эрүүгийн хуульд оруулж өгөөч гэдэг санал. Хоёрт, нь төрийн албаны тухай хуулийн 39.1.4 эндээс хэн сугарч үлдээд байна гэхээр төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчид хамаарах хууль зүйн зохицуулалт, харин улс төрийн болон үйлчилгээний албан хаагч хэрвээ энэ гэмт хэрэг үйлдвэл энэ нь зохицуулагдахгүйгээр үлдчихээд байгаа. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн 39.1.4-т улс төрийн албан хаагч гэж оруулж өгөх, мөн хөдөлмөрийн хуульд оруулж өгөх гэх мэт маш олон зохицуулалт байгаа. Төрийн байгууллагууд хуулиа сурталчлах хэрэгтэй.
2. Хоёрдугаарт төрийн байгууллага манлайлал болж энэ ажлын байрны дарамт гэж юу юм гэдэг сургалт, лекц урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг маш сайн зохион байгуулах ёстой.
МЭХ тогтмол энэ жендерт суурилсан хүчирхийлэл үүнтэй холбоотой сургалт, лекцийг өөрийн түвшинд зохион байгуулж хийдэг. Төр өөрөө гаргаж баталсан хуулиудаа иргэддээ ямар байдлаар хүргэж байна вэ, үнэхээр энэ хууль эрх зүйн орчноо иргэд мэдэж байна уу? Мэдэхгүй байгаа учраас хаана хандах, өөрийгөө яаж хамгаалахаа ойлгохгүй байгаа учраас хэнээр хамгаалуулах вэ гэдгээ хүртэл мэдэхгүй байна.
Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ажлыг маш эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй.
- Эрхээ мэдэхгүй байгаа учраас эрхээ зөрчүүлээд байна. Тиймээс хүний эрхийн мэдлэг ойлголт, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийх хэрэгтэй.
Ерөнхийдөө олон улсын жишиг маш олон гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга хэрэгсэл 80-90% нь урьдчилан сэргийлэх ажлууд байдаг.
- Бид гэмт хэрэгтэй тэмцмээр, аливаа хүчирхийллээс хол, ялгаварлан гадуурхалтаас ангид баймаар байгаа бол урьдчилсан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулаач. Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаач гэдэг хүсэлт байна.