Манай редакц өнөөдөр Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар олон талын байр суурийг хүргэж байна. Бид нийгмийн даатгалын систем ямар байх ёстойг эдийн засагчаас тодруулсан. Мөн иргэд төлж байгаа НДШ-ийнхээ үр өгөөжийг хэрхэн хүртэж байгаа талаар талаар иргэдийн байр суурийг сонссон.
Бизнес эрхлэгчийн төлөөлөл болгон “Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болдтой уулзан жилдээ улсад хэчнээн төгрөгийн НДШ төлдөг, энэ нь эргээд ажилчдад нь үр өгөөжөө өгч байгаа эсэх талаар ярилцлаа.
“Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд:
Манайх 200 орчим ажилтантай. Сардаа 320 орчим сая төгрөгийн цалингийн зардал гаргаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас болон ажилчдад гээд хоёр янз байгаа. Үүнд төлж байгаа нийт зардал 26 хувь гэхээр 80 гаран сая төгрөг сардаа төлж байгаа. Жилдээ 900 гаран сая төгрөгийг НДШ-д зориулж төлж байна гэсэн үг.
- НДШ төлөх ёстой юу гэвэл төлөх ёстой байж болно. Гэхдээ сүүлийн үед гарч байгаа нөхцөл байдлууд Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө эзэнгүйдэх, алга болох, завшигдах, хэн нэгэн үүнийг хувьдаа овжноор ашиглаж завшаад байгаад нь хамгийн гол нь байгаад байна. Энэ бол даатгал төлөгчдөд эргээд үр өгөөжөө өгөх тал дээр учир дутагдалтай байна гэж харж байна.
Эхний ээлжинд бид хэмжээн дээр ярихаасаа өмнө нь төлсөн татвар, хураамж, хуримтлагдсан мөнгөний зарцуулалт, энэ мөнгө үр ашигтай байх тал дээр их чухал байна. Нөгөө талаас татвар хураамж, шимтгэлийн хэмжээ их байна. Шимтгэл төлөгч маань өндөр насны тэтгэвэр тогтоолгоод дараа нь үр өгөөжийг нь хүртэж чадаж байна уу гээд учир дутагдалтай зүйлс байна.
Ажилчидтайгаа харилцан ярилцаад судалгаа маягаар асуухад нийгмийн даатгалд даатгуулах сонирхолтой ажилчид маш бага байна. Үүнийг юу гэж харж байна гэхээр ер нь даатгалд даатгуулаад хэрэг байна уу, үүний үр өгөөж нь ямар байна гэдгийг даатгагч нар өөрсдөө ойлгохгүй байна. Яагаад ойлгохгүй байна гэхээр тэдэнд итгэл төрөхгүй байна. Энэ мөнгө нь хуримтлагдаад тэтгэвэрт гарах насан дээр нь өөрсдийнх нь амьдрал ахуйг хангах хэмжээний боломжтой мөнгө гэж үзэхгүй байна гэж хүмүүс үзэж байна.
- Хуримтлагдаж байгаа мөнгө нь эзэндээ үр өгөөжөө өгдөг байх ёстой. Тэндээсээ дараа нь өндөр настны тэтгэвэр тогтоолгоод авахад амьдрал ахуйд нь хангалттай биш юм аа гэхэд наад захын хэрэгцээг нь хангаад аваад явдаг байх ёстой юм.