Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагууд оролцож байна.
Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр "Зэвсэгт хүчинд болсон үйл явдал нийгэмд цочрол өглөө. Энэ нь шат шатандаа хариуцлага суларсан, ажлаа яаж хийдгийн илрэл. Батлан хамгаалах яам бодлогын талаас ажиллаж байна. Доод албан тушаалтнуудад хүнтэй ажиллах сэтгэл дутаж, хүнтэйгээ ажиллахгүй байгаагийн илрэл энэ байх гэж үзэж байна".
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг "Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа нь дотоод албаны дүрмээр явагддаг. Үүнд цэргүүдийн ёс зүй, хэм хэмжээг заасан байдаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаа нь маш том асуудал. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. 2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон, энэ хугацаанд 2 хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг.
Цэрэгт нийгмийн бүх давхаргаас, ялангуяа амьдралд золгоход хамгийн хэцүү давхаргаас хүүхдүүд олноор ирдэг. Энэхүү хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Д.Ганзориг гэдэг хүний хандлагаар бол зэвсэгт хүчин өөдлөхгүй юм байна. Ганц удаа хуралдаад өнгөрөх биш анхаарал тавиад ажилламаар байна. Батлан хамгаалах юм уу Жанжин штабын бүлэглэл дээр утас ажлаад нэмэргүй.
Ажлын хэсэг байгуулна, сэтгэл зүйч ажиллана гээд яах вэ? Гэмтэл учруулж, хүн хөнөөсөн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ? Хохирогчид олон байгаа. Өмнө нь хэнийг ямар байдалтай болгосон хүмүүст ямар шийтгэл оногдуулсан юм бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Бага дарга хүн зодоход байшин, мөнгө ямар хэрэгтэй юм бэ?"
Прокурорын байгууллага "Цэргийн холбоотой 506 хэрэг байдаг. Үүнээс 92 хувийг шийдвэрлэсэн. Мөн 66.7 яллах дүгнэлт өгсөн, 105 хэргийг үндэслэлгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэгэхгүй болгосон. Ажлын байранд үйлдэгдсэн нь 10 хувийг л эзэлж байна. Энэ тоог харахад ёс суртахууны сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагатай"
Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир "Цагдаагийн байгууллага цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос эхлэн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Үүнд 37 цэргийн алба хаагч хохирсон гэсэн мэдээлэл байна.
16 цэргийн алба хаагч нас барсан, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан нэг гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаар зүйчлэгдсэн 37 тохиолдлын 15 нь шүүхийн байгууллагад шилжсэн " гэлээ.
УИХ-ын гишүүн П.Анужин “Д.Ганзориг оо та нар таван жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор олгоно гэсэн үүний үнийн дүнг хэлж өгнө үү"
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг "Би энэ талаар санхүүгээсээ авч байж хэлэх боломжтой. Одоогоор тодорхой гаргасан тоо байхгүй байна. Ерөнхийдөө ахлагчийн албан тушаалын цалинтай тэнцэх мөнгийг олгоно"
УИХ-ын гишүүн П.Анужин "5 жилийн ахлагчийн албан тушаалын цалин амлаад суухдаа та нар тоог нь мэдэхгүй байж болдоггүй юм уу. Ядаж энэ мөнгөн дүнгээ мэд. Энэ амиа алдсан хүн ээждээ эргэж ирэхгүй ганцхан хүү шүү”