Улсын нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, өнгө зүс нэмэхээр үе үеийн хотын удирдлагууд гоё сайхан сайхан төлөвлөгөө танилцуулж, харц булаасан зургуудыг танилцуулсаар ирсэн. Харин үнэн хэрэгтээ цаасан дээрх зураг хөрсөн дээр биеллээ олж сүндэрлэсэн нь өнөөдрийг хүртэл алга. Хагас дутуу хийсэн бүтээн байгуулалтуудаараа нүд хуурсаар ирсэн түүх бидэнд байна.
Эдгээр өдрүүдэд Туул голын эргийг тохижуулах төлөвлөгөөг хотын дарга сүржин танилцуулж гайхалтай сайхан болгох зураг төслөө танилцууллаа. Хотын даргад хандаад хэлэхэд Туул голын тохижилтоо тултал нь л хийгээрэй гэж гуйя.
Хотын ганган төлөвлөгөөнүүдээс эргэн нэг сануулья.
“Улаанбаатар метро”
2011 онд анх яригдаж, 2013 онд “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны 8 жилийн ой тохиож байна. Уучлаарай өнөөдөр ч бидэнд метро алга.
Сэлбэ гүүр орчмын тохижилт
Сэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил гэрээ ёсоор 2011 оноос эхэлсэн бөгөөд зураг нь өөрчлөгдсөн, Сэлбийн хурдны замын ажилтай уялдуулсан гэх шалтгаануудаар хоёр удаа хойшилж 2014 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон байдаг.
Анх энэ төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хөрөнгө шаардагдана хэмээн тооцож байснаас 1,8 тэрбумыг "100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх хэсгийг тохижуулж /тохижилт хийгдсэн/, 5 тэрбумыг нь хойд хэсгийг тохижуулахад зарцуулна хэмээж байсан юм.
“Сэлбэ гол” төслийн хоёрдугаар ээлж өнөөдрийг хүртэл гацсан хэвээрээ.
Арслантай гүүрийг усан хөшиг
2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрийг усан хөшигтэй болгосон. Усан хөшиг нь шөнийн цагаар гэрэлтдэг, агаар чийгшүүлэх ач холбогдолтой хэмээн нээлтээ хийх үеэрээ нийслэлийн менежер магтаж байсан боловч тун удалгүй ажиллахаа больсон.
Харин иргэд “70 сая төгрөгөөр ус гоождог турба хийлээ” гэж хүчтэй эсэргүүцэн “шээдэг гүүр” гэсэн хоч өгсөн байдаг.
Сүхбаатарын талбайн усан оргилуур
2020 онд Сүхбаатарын талбайн усан оргилуур ашиглалтад орсон. Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулсан. Бас л анх танилцуулсан зургаасаа зөрсөн.
Ногоон хоттой болох төлөвлөгөө өөрөө ногоон байгууламжаа сүйтгэн саарал цементэд л битгий хучигдаасай.