ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-С.Зориг агсны хэрэгт холбогдон шүүхээс ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт ял оноосон хэргийг өчигдөр Дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хэргийг байнга ярьдаг хүний хувьд та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Намайг албан тушаал авах гэж байна, ахих гэж энэ хэргийг ярьж байна гэдэг. Ямар ч улс төрийн сонгуульгүй үед би энэ хэргийг зөндөө ярьсан. 2016 оны гуравдугаар сард ТЕГ, УЕГ-т худлаа шалгаж байна, алдаа гаргах магадлал өндөр байна гэсэн бичиг явуулсан. Энэ бичигтэй хамт Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гэдэг эмэгтэйн захидлыг хүргүүлсэн. 2016 онд анхан шатны шүүх дээр яг энэ хэргийг хэлэлцэж байх үед би бүлгийнхээ хурал дээр "Хаалттай шүүх хурлаар энэ хэргийг ингээд хаах гэж байна" гээд ярьж байсан юм. Би та нарт тэр хурлын протколыг өгнө. Дараа нь бас хоёр бүлгийн хурал дээр ярьсан.
-Г.Эрдэнэбат прокурор таныг энэ хэргийн захиалагчийг мэдэж байгаа хүн гэж байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ захиалагч нь гэж хамгийн ихээр шалгуулсан хүн чинь Г.Эрдэнэбат өөрөө шүү дээ. Г.Эрдэнэбат дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн ажиллагаа Г.Эрдэнэбат, Б.Хурц нарын гарын үсэгтэйгээр явагдсан. Хоёрдугаарт, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Гуравдугаарт, улсын яллагчийн үүрэг гүйцэтгэсэн. Дөрөвдүгээрт, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг бас хийсэн. Энэ мэтээр бүх зүйлийг Г.Эрдэнэбат өөрөө хийсэн. Хийсэн зүйл нь дандаа хуулиар хорьсон зүйл байдаг. Уг нь энэ бүхнийг нэг хүн биш өөрөөр прокурор хийх ёстой. Энэ ажиллагаанд хуулийн зургаан байгууллага бүгд оролцсон. Захиалагчийн тухайд өлсгөлөн зарлаад байгаа Т.Хүрэлбат талбай дээр нэг үг хэлсэн. Юу гэхээр "Энэ хэргийн захилагчаар Э.Бат-Үүлийг татаж шалгаад хэргийг нь хаасан" гэж хэлсэн. Мөн хамсаатан нь гэж үзээд Булган, Ганхуяг нарыг барьж хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан нь үнэн ш дээ. Э.Бат-Үүл тухайн үед өөрөө "Намайг хүн амины хэрэгт яллагдагчаар татчихлаа" гээд мэдэгдэл хийж байсан. Бархасбадь гэдэг мөрдөн байцаагч бүр нотлогдсон гэдэг тодотголтойгоор яллагдагчаар татсан.
-Та тэгэхээр захиалагчийг мэдэхгүй гэсэн үг үү?
-Би яаж мэдэх юм бэ. 2016 онд шүүхээс энэ хүмүүст ял өгсний дараа ерөнхий прокурор захиалагчийг нь илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Захиалгаар хүн алсан гэж хүмүүсийг шийтгэчихээд захиалагчийг нь хайна гэж юу гэсэн үг юм бэ. Гэхдээ тэр хайх үйл ажиллагаа нь хийгдэж байгаа байх. Хамгийн гол нь энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хоёр хүн суллагдах ёстой. Үүнийг би 2016 оноос хойш үүнийг таван жил ярьж байна.
-Г.Эрдэнэбат прокурор энэ хүмүүсийг хангалттай номлоа баримтад тулгуурлаж ялласан гээд байгаа шүү дээ?
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Тагнуулаас явуулсан гүйцэтгэх ажиллагаанд Г.Эрдэнэбат гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Түүнд прокурор гарын үсэг зурдаггүй юм.
-Эрүүдэн шүүх ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг ШШГЕГ-ын ажилтнууд оролцсон. Үүний цаанаа таныг байгаа гэж Г.Эрдэнэбат прокурор ярьсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би 2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөн. 2013 оны наймдугаар сард Х.Тэмүүжингийн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ яргалал явагдах үед би Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаагүй. ТЕГ-т байсан ахлах дэслэгч цолтой Отгонбаатар гэдэг хүнийг ШШГЕГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар зориуд томилсон. Тэр хүн нь Төв аймгийн хорих газрын хүн яргалдаг газрыг бэлтгэсэн. Тэр хүн үүнийхээ төлөө сая ял авсан. 2013 оны наймдугаар сараас жил гаруйн хугацаанд АТГ-аас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан. АТГ-ын дэд дарга нь Б.Хурц байсан. 2011 оны арваннэгдүгээр сард Б.Хурц дэд даргаар томилогдсон. АТГ хүнь амины хэрэг мөрддөг газар биш. 2014 онд Б.Хурц ТЕГ-ын дарга болсон. 2015 онд гүйцэтгэх ажиллагаа нь эрчимжиж, наймдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьж хорьсон.
-Энэ хүмүүсийг одоо суллах бол яаж шийдэх вэ?
-Прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Намайг 2017 онд намайг ажлаа авахад энэ хоёр Тахир соёотод хоригдож байсан юм. Тэнд бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийг хорьдог. гэтэл хууль зөрчөөд тэнд байлгасан. Би өөрөө очиж хоёулантай нь уулзаад жил орчим хөөцөлдөж байж тэр газраас холдуулсан. Дараа нь би төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан юм. Надад хэлмэгдүүлсэн гэдэг 100 хувийн итгэл байгаагүй бол уучлалт гуйхгүй ш дээ. Яагаад алдаа гарсан гэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүнй нэг нт уран зургийн дунд сургууль төгссөн, нэг нь мэргэн буудагч хүн. Г.Эрдэнэбат өөрөө хилийн цэргийн сургууль төгссөн, хэрэг хянах ажил хийж үзээгүй, дарга нар дагаж байж албан тушаалд очсон хүн. Б.Хурц чинь барилгын техниккум төгссөн. Оросууд замбараагүй диплом олгож байхад хоёр жилийн тагнуулын курс төгссөн хүн. Би Б.Хурцад алдаа гарч байна шүү гэж хүний ёсоор зөндөө захиж байсан. "Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ хянаарай" гэж хэлж байсан юм.