УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Санал хураалт явуулахаас өмнө гишүүд хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Ц.СЭРГЭЛЭН: -Нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаа учраас хуулийг дэмжиж байна. Хуульд чухал заалтууд орсон байна. Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх тухай асуудал байна. Албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Хэрвээ албадан эмчилж байгаа юм бол албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ажлынх нь хөлсөөр эргээд эмчилгээний зардлыг суутгаж авдаг зохицуулалтыг хуульд оруулмаар юм. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд манай улсын хүн амтай тэнцэхүйц гурван сая гаруй хүн архинаас болж нас барж байна. Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн гэсэн байдаг. Олон судалгааны үр дүнгээс хараад байхад нийгмийн энэ эмгэнэлт үзэгдэлтэй дорвитой тэмцэхгүй бол болохгүй болсон.
Ж.ЧИНБҮРЭН: -350 монгол эрүүл залууд архийг задлах генийн судалгаа хийж байсан. Энэ судалгаагаар найман хүний нэг нь өндөр градустай архийг төрөлхийн задалж чадахгүй гэсэн судалгааны дүн гарсан. Тухайлбал, дөнгөж эхний хундага уугаад улайдаг, зүрх нь дэлсдэг, дотор муухай оргидог бол өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг. Монгол хүний бие өндөр градустай архийг задалж чадахгүй болохоор донтох өвчин тусах магадлал өндөр болж байгаа. Тэгэхээр хэрэглээг зохицуулах, зөөлөн архийг хэрэглээнд нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих нь чухал. Тиймээс хуульд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Өвчин учраас дотносон хүмүүсийг эмчлэх асуудалд тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй.