Банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалж, тэдгээрийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах, банкны зээл болон бусад актив хөрөнгө чанаргүйдэх эрсдэлээс хамгаалах зорилгоор эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамааруулан Монголбанкнаас, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоодог эрх зүйн зохицуулалттай. Энэ хүрээнд Монголбанкнаас банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шат дараатай нэмэгдүүлэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-58, 2016 оны А-355 дугаар тушаалаар 2018 онд багтаан 50.0 тэрбум, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-276 дугаар тушаалаар 2021 онд багтаан 100.0 тэрбум төгрөгт хүргэхийг нийт банкуудад үүрэг болгож, банкны салбар дахь аж ахуй нэгж, иргэдийн 22.0 их наяд гаруй төгрөгийн мөнгөн хөрөнгийг хамгаалах арга хэмжээг авч байна.
Ариг банкны хувьцаа эзэмшигч нар банкны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн шаардлага болох хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоо доголдсон, хараат бус гишүүдийг томилоогүй зэргээс шалтгаалан банкны зохистой засаглалын зарчим алдагдаж, улмаар тус банкны 40 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдалд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Монголбанк 2019 оноос эхлэн банкны хууль тогтоомжид заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн болно.
Улмаар Монголбанкнаас Ариг банкинд 2019 онд хийсэн газар дээрх иж бүрэн шалгалтаар, дээрх зөрчил дутагдлууд засагдаагүй болон хувь нийлүүлсэн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлээгүй, банкны хувьцаа эзэмшигчид нэгдсэн шийдвэрт хүрээгүй, Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх зүйн чадамжгүй, банкны зохистой засаглал алдагдсаныг дахин тогтоож, тус шалгалтын дүнгийн тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн А-146 дугаар тушаалаар тус банкинд Хянагч томилох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, банкны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтыг тогтоосон байдаг. Үүнд:
1. Нэг харилцагчаас 20 (хорин) сая төгрөгөөс дээш хэмжээтэй мөнгөн хадгаламж татахгүй байх;
2. Шинээр зээл олгох, зээлтэй адилтгах бусад хэлцэл хийх; (хадгаламж барьцаалсан зээлээс бусад)
3. Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргахгүй байх зэрэг болно.
Эдгээр хязгаарлалтууд тогтоохоос өмнө тус банкны хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь өөрийн харилцан хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан 11.6 тэрбум төгрөгийн зээл авч, эдгээр зээлүүд нь чанаргүй зээлд ангилагдаж, энэ хэмжээгээр тус банкны алдагдал нэмэгдэж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлд оруулах нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг.
Монголбанкнаас Ариг банкинд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ханган ажиллахыг 2015-2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, албан бичгүүдээр удаа үүрэг болгож, сануулахын зэрэгцээ тодорхой хугацаатай боломж олгосон боловч Монголбанкнаас Хянагч томилсон хугацаанд, тус банкны хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл”ХХК, “Улаанбаатар импекс”ХХК-иуд нь 2 талын саначилгаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, нэгдсэн шийдэлд хүрч, Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлж чадаагүйгээс банкны зохистой засаглал алдагдаж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хооронд хөрөнгийн маргаантай асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, банкин дахь хадгаламж гадагшилснаас шалтгаалан актив хөрөнгө буурч эхэлсэн байна.
Компанийн тухай хууль, Банкны тухай хуулиар банкны хувьцаа эзэмшигчид нь банкны удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагатай, санхүүгийн сахилга баттай, санхүүгийн чадавхитай этгээд байх ёстой бөгөөд үүнд ч төрийн бодлого чиглэгдэж, 2018, 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан банкны хувьцаа эзэмшигчдэд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлсэн билээ. Уг хуулийн шаардлагыг Ариг банкны хувьцаа эзэмшигчид хангахгүй байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд Монголбанкнаас хувьцаа эзэмшигчийн эрхийг хүндэтгэж, хоорондын маргаанаа шийдвэрлэх боломжийг олгож ирсэн байдаг.
Монголбанкнаас Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэг (Албадлагын арга хэмжээ), 48 дугаар зүйлд заасны дагуу Ариг банкинд “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-г удаа дараа авч ажилласан бөгөөд Монголбанкны хянагч ажиллах хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлээгүй, банкны зохистой засаглалын зарчмыг хангаж ажиллаагүй тохиолдолд банкны тухай хууль тогтоомжид заасан дараагийн шатны арга хэмжээ буюу Банкны нөхцөлд удирдлагыг хэрэгжүүлж, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулахыг банкны хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл”ХХК (Д.Эрдэнэбат), “Улаанбаатар импекс”ХХК (Ш.Баярмайхан), Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Жаргалсайхан, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Наранбаатар нарт тушаалаар сануулж байсан болно.
Дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэн буюу төрийн эрх бүхий байгууллагын оролцоо, зохицуулалтгүйгээр Ариг банк хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжгүй байдалд хүрсэн тул Монголбанкаас хуульд заасан чиг үүргийн дагуу Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, банкны зохистой засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-17 дугаар тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томилсон болно.
Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон цагаас хувь нийлүүлсэн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийг холбогдох хууль, дүрмийн хүрээнд сонгох, банкны зохистой засаглалын зарчмыг хангуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажилласан хэдий боловч хувьцаа эзэмшигч нар нэгдсэн шийдэлд хүрэхгүй, банкны хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүй, саналын эрхээ хэрэгжүүлэхгүй, банкны хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл”ХХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэртэй холбоотойгоор удаа дараа иргэний хэрэг үүсгэж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээг гацааж, хувьцаа эзэмшигчид хоорондын маргаанаа эцэслэн шийдвэрлэхгүй байдал үргэлжилсэн хэвээр байв.
Иймд Монголбанкнаас Ариг банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс”ХХК, “Дэм санхүүгийн нэгдэл”ХХК-ийн саналын эрхийг түдгэлзүүлэн, Бүрэн эрхт төлөөлөгч банкны бүх удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн оролцоогүйгээр хэрэгжүүлж, банкны өөрийн хөрөнгийг хувьцаа нэмж гаргах замаар нэмэгдүүлэх, нэмж гаргасан хувьцааг худалдан авахыг хувьцаа эзэмшигчдэд санал болгох ажлыг Банкны тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу эхлүүлсэн юм.
Тухайлбал, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрх төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 2, 3, 4, 7, 11 дүгээр сар, 2021 он 01 дүгээр сард нийт 6 удаа хуралдуулахдаа хурлын зарыг Компанийн тухай хуулийн дагуу Ариг банкны хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл”ХХК, “Улаанбаатар импэкс”ХХК-д нэгэн адил хүргүүлж, хурлын санал хураалт, хурлаас гарах шийдвэрийг холбогдох хуулийн хүрээнд баталгаажуулж ажилласан болно.
Мөн Бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК болон “Улаанбаатар импекс” ХХК-д Ариг банкны санхүүгийн тайлан, мэдээ, хувьцаа эзэмшичдийн ээлжит бус хурлын зар, саналыг хуулийн дагуу хүргүүлж ажилласан боловч банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгт хүргэхээр нэмж гаргасан хувьцааг худалдан авах давуу эрхээ “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн зүгээс хэрэгжүүлээгүй төдийгүй, хуралд санаатайгаар оролцохгүй байх, хурлаас аливаа шийдвэр гаргуулахгүй байх, хурлыг гацаах зэрэг үйлдлийг байнга гаргаж байсан байна.
“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК хувьцаа худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй тул Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хуулийн дагуу хувьцааг бусад хувьцаа эзэмшигчид санал болгож, улмаар “Улаанбаатар импекс” ХХК хувьцааг худалдан авах хүсэлтийг Банкны тухай хууль, холбогдох журамд заасан баримт бичгийн хамт бүрдүүлэн Ариг банкаар уламжлан Монголбанкинд хүргүүлсэн байдаг. Монголбанкнаас эдгээр баримт бичиг, материал нь холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг хянаж, банкны тухай хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмших зөвшөөрлийг олгосноор Ариг банк хувь нийлүүлсэн хөрөнгөө 50.0 тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг хангаж, “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн эзэмших хувьцааны тоо хэвээр хадгалагдсан боловч эзэмшлийн хувь хэмжээ буурч, “Улаанбаатар импекс”ХХК-ийн хувьцааны тоо болон эзэмшлийн хувь хэмжээ нэмэгджээ. Түүнчлэн 2021 онд багтаан хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100.0 тэрбум төгрөгт хүргэх үүрэг банканд хүлээгдэж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2021.01.29-ний өдрийн чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад “ …хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол” банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй” байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ариг банкны хувьцаа эзэмшигч нар Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангаж, хувьцааны эзэмшлийн хувиа 20 хувь хүртэл бууруулах үүргийг хуулиар хүлээж байгаа болно.
Монголбанкнаас банкуудад хуулийн шаардлагыг тэгш хангуулан ажиллаж байгаа бөгөөд Монголбанк (Төв банк)-ны нэр хүндэд халдаж, олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр үндэслэл, нотолгоогүй мэдээлэл тарааж нийтэд буруу ташаа ойлголт өгөх, шүүхийн үйл ажиллагаанд мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхөөр оролдож буй аливаа зүй бус мэдээллийг түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн салбарынхнаас хүсэж байна.